Манай улсад цар тахлын дараа гарааны бизнесүүд ар араасаа үйл ажиллагаагаа эхлүүлж, бизнесийн зах зээлд төдийгүй, IT салбарыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Үүний нэг бол "Текстрим" компани юм. Технологийн салбарт дөрвөн төрлийн бүтээгдэхүүн дээр ажиллаж буй тус компанийн Гүйцэтгэх захирал Н.Болорхүүтэй ярилцлаа.
-Анх компаниа хэрхэн байгуулж байсан бэ. Түүхээсээ хуваалцахгүй юу?
-Юуны өмнө ярилцлагадаа урьж оролцуулсанд баярлалаа. Бид өнгөрсөн 10 гаруй жилийн туршлага дээрээ үндэслэн компаниа өнгөрсөн оны зургаадугаар сард байгуулсан юм. Үүсгэн байгуулагч нь надаас гадна хоёр хүн бий. Манай компани технологийн гарааны компани бөгөөд одоогоор 11 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Компаниа байгуулснаас хойш дөрвөн төрлийн бүтээгдэхүүн дээр ажиллаж, зах зээл дээр гаргасан ч одоогоор төвлөрч ажиллаж байгаа нь ажилтны цаг бүртгэлийн ухаалаг платформ Timely.mn юм.
-Цаг бүртгэлийн платормын санаагаа хэрхэн олж байсан талаар ярихгүй юү. Гарааны бизнес эхлүүлнэ гэдэг зориг шаардах зүйл шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Гарааны бизнес эхлүүлэхэд гарааны хөрөнгө оруулалт, хүний нөөц гээд ер нь их сорилт тулгардаг юм байна. Санааны хувьд хөгжүүлэгч бид өдөр тутамдаа асуудал хаана байна, тэдгээрийг технологи ашиглан хэрхэн шийдэж болох уу хэмээн шийдэл хайж байдагтай холбоотой. Timely.mn ажилтны цаг бүртгэлийн ухаалаг платформын хувьд Хувь хүний нууцийн тухай хууль гарсантай холбоотойгоор гэнэт мөнгө олох зорилгоор хийсэн бүтээгдэхүүн биш. Хөгжүүлэлтийн анхны санаа маань цар тахлын үеийн хөл хорионы үед зайнаас ажилладаг байхад л төрсөн. Түүнээс хойш санаан дээрээ ажиллаж өнгөрсөн оны гуравдугаар сараас хөгжүүлэлт хийж эхэлсэн. POC /proof of concept/, Prototype, MVP, Product гэх мэт гарааны бизнесийн бүтээгдэхүүний шатлалаар явсан юм. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд Дижитал үндэстэн арга хэмжээнд анх танилцуулж байлаа. Өнөөгийн бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа нэг асуудал нь яах аргагүй ажилтны цаг бүртгэлтэй холбоотой байсан. Үүнд хуруу бүртгэл болон царай уншигч төхөөрөмж байршуулах нь хэт үнэтэй, тэдгээрийг дагаад заавал IT мэргэжилтэн байх, төхөөрөмж байлаа ч тэдгээр нь HR болон нягтлангуудад хэрэгтэй мэдээллүүдийг гаргах хэцүү, цаашлаад цар тахлын эрсдэлийг бий болгодог гэх мэт асуудлууд дуусдаггүй. Бид эдгээр асуудлыг л шийдэхийг зорьж бизнес санаагаа анх олсон.
-Анх хэрхэн санаагаа олж байсан талаар ярилцлаа. Цаг бүртгэлийн аппликейшнийхээ талаар ярихгүй юу. Хэрхэн, яаж бүртгэдэг юм бэ?
-Timely.mn нь Location based аппликэйшн юм. Хувь хүний нууцлалын хуультай холбоотой хуулийн шаардлагад бүрэн нийцсэн платформ гэж ойлгож болно. Нэмэлт төхөөрөмж ашиглахгүйгээр ажилтан Timely апп-аар ирэх, явах цагаа бүртгүүлж, админ нь (захирал, менежер, болон хүний нөөц) апп болон вебээр ажилтнуудынхаа цаг бүртгэлийг бүрэн хянах боломжтой. Хэдэн ч ажилтантай байсан ашиглаж болно. Цагаа бүртгүүлэхдээ аппликейшн рүүгээ орж, ирэх, явах товчоо дарах юм. Ингэхэд аппликейшний систем тухайн ажилтны байршлыг байгууллагын байршилтай харьцуулан таарсан тохиолдолд цагийг бүртгэдэг. Мөн өөр аргаар бүртгүүлэх боломжтой. Ажилчид админаас үүсгэж өгсөн QR кодыг уншуулж, ирэх явах цагаа бүртгүүлж болно. QR код нь таван секунд тутамд шинэчлэгддэг тул зургийг нь дараад өөр газраас бүртгүүлэх боломжгүй. Үүнээс гадна байгууллагын утасгүй интернэтийг бүртгэж авснаар ажилчид тухайн утасгүй интернэтээр цагаа бүртгүүлэхэд бүртгэл нь амжилттай баталгааждаг.
-Тухайн байгууллага хэдэн ч ажилтантай байсан хамаагүй гэж байна. Эсрэгээрээ танай платформыг олон байгууллага ашиглах тусам ачааллаа хэр дийлэх вэ. Одоогийн бүрэлдэхүүний чадамж, хүртээмж цаашдаа хэрхэх вэ?
-Тэгэлгүй яахав. Хэрэглэгчийн цар хүрээ нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдийн гомдлыг шийдэх, байгууллага болон хэрэглэгч нарт хүрч ажиллах гээд олон асуудал гарч ирж байна. Тэгэхээр хүний нөөцөө нэмэх, ажиллах арга барилаа сайжруулах, илүү ухаалаг ажиллах шаардлага гарч байгаа юм. Тиймээс уян хатан аргаар ажлаа явуулж байгаа. Ажлаа хэд хэдэн шатуудад хувааж, үүнд оролцогч талуудтай байнгын хамтын ажиллагаатай байж, үе шат бүрт тасралтгүй сайжруулалт хийдэг. Ажил эхэлмэгц багууд төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцаар ажлын гүйцэтгэлийг илүү сайжруулж байна. Хамгийн энгийнээр гомдлуудыг түргэн, шуурхай хугацаанд шийдвэрлэх дуудлагын төв хэрэг болж байгаа. -Хаан банкны хэрэглэгчийн мэдээлэл хар захад зарагдаж, И-монголиа платформ хакердуулсан гэх мэт олон асуудал тархлаа. Тэгэхээр танай платформ байгууллага, хувь хүний нууцыг хэрхэн хадгалдаг бол? -Ямар ч системд мэдээллийн аюулгүй байдал гэдэг их чухал зүйл. Ялангуяа манайх шиг үйл ажиллагаа явуулдаг платформын хувьд бүр илүү анхаарах хэрэгтэй болдог. Мэдээлэл технологийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлага дээрээ үндэслэн системийн аюулгүй байдал дээрээ маш их анхаарч ажиллаж байна. Мэдээж 100 хувь аюулгүй систем гэж байдаггүй. Гэхдээ ямар ч том эрсдэл үүссэн хамгийн бага алдагдлаар л давах гэж хичээнэ дээ. -Хэчнээн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа вэ. Одоогоор хэдэн хүн танай платформыг ашиглаж байна вэ? -Харилцагчдын хувьд хоёр худалдагчтай хувиараа бизнес эрхлэгчээс эхлээд 400 ажилтантай Зетта глобал ХХК ашигладаг. Мөн Таван богд, ШУТИС, BRB, UBCab, Zochil, Gem international, Түмэн шувуут, Цахиур групп гэх мэт 150 гаруй байгууллагуудтай гэрээтэй хамтран ажиллаж байна. Туршилтаар ашиглаж байгаа 800 гаруй аж ахуй нэгж компани байгаа. Одоогоор нийт 9000 хүн ашиглаж байгаа гэх тоон мэдээлэл байна.
-Танай компанийн зах зээлийн үнэлгээ хэд бэ?
-Текстрим компанийн үнэлгээг одоогоор 1.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй гэж харж байгаа. Мөн хөрөнгө оруулалт татах ажлуудыг эхлүүлсэн.
-Ижил төстэй гарааны бизнесүүдээс юугаар ялгаатай бол? -
Timely платформтой ижил үйл ажиллагаа явуулдаг платформ байхгүй. Хуулбарласан бол байгаа байх. Зах зээлийн хуулиар ижил төстэй бүтээгдэхүүн гарч ирэх нь мэдээжийн хэрэг. Манай ажил их хурдацтай тэлж байна. Сүүлийн гурван сарын хугацаанд 150 байгууллагатай гэрээ хийсэн. Бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ ойр байлгах үүднээс Эйч Ар клубтай хамтын ажиллагаа эхлүүлсэн юм. Онцлог давуу тал бол ерөөсөө л цаг завыг хөнгөвчлөх, ажилтан, удирдлага, хүний нөөц, няглан бодогчид хоорондын хялбар харилцааг бий болгох. Цаасны хэрэглээг бууруулах, чөлөө авах, гадуур ажиллах хүсэлт илгээх, санал асуулга авах, файл явуулах, цалин, цагийн тооцооллоо хянах гэх мэт олон давуу талыг бий болгосон.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
bas l goy shiidel baian shuu, gehdee bodoh olon zuil baigaadaa amjilt husie
манайх хэрэглэдэг ард нь ийм мундаг залуучууд байдаг юм уу Ажмилт хүсье\n