Б.Амарсанаа: Цахилгаан машинаар 1700 км туулахад 32 мянган төгрөг зарцуулсан

2022 оны 05 сарын 11

Манай улсад цахилгаан машин нэвтрээд удаагүй байгаа билээ. Тэгвэл цахилгаан машиныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой үйлдвэр энэ сарын 06-ны өдөр ашиглалтад орсон юм. Үүнтэй холбоотойгоор "Барс моторс" компанийн Үйлдвэр хариуцсан захирал Б.Амарсанаатай ярилцлаа.


-Цахилгаан автомашиныхаа үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Хэчнээн машин үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

-"Барс моторс" компанийн цахилгаан авто машины үйлдвэрийг ашиглалтад оруулснаар жилд 5000 автомашин үйлдвэрлэх боломжтой болж байна. -Өнөөдрийн байдлаар зах зээлд хэчнээн машин нийлүүлсэн бэ. Үйлдвэрээ барихаас өмнө машинаа ашиглалтад оруулсан шүү дээ? -Өнөөдрийн байдлаар таван цахилгаан автомашин хэрэглэгчдэдээ очсон байгаа. Захиалагчид бол олон бий. Тэдний захиалгыг хурдан гаргаж өгөхөөр ажиллаж байна даа.

-Энэ онд хэчнээн машин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Хил гаалийн гацааны улмаас зарим нэг сэлбэгээ татан авч чадахгүй байна. Гэхдээ зургаадугаар сарын 01-нээс бүхий л үйл ажиллагаа жигдрэнэ хэмээн тооцоолж байгаа.

-Үйлдвэрийн хүний нөөцийн хүчин чадал хэр байгаа бол?

-Үйлдвэр маань хоёр шугамтай. Хоёр шугамд нийт 20 хүн ажилладаг. Инженерийн баг тэргүүтэй олон баг ажиллаж байгаа. Машин бүтээнэ гэдэг маш том ажил, өргөн хүрээг хамардаг. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хамруулж, тэдний үйл ажиллагааг дэмжиж явдаг салбар юм. Тэр ч утгаараа бусад үйлдвэрүүдийг татан оролцуулж байгаа.

-Цахилгаан автомашиндаа сэргээгдэх эрчим хүчийг ашигласан гэсэн?

-Цахилгаан автомашины хувьд 100 хувь цахилгаан гэлтгүй, сэргээгдэх эрчим хүчийг ашигласан давуу талтай. Сэргээгдэх эрчим хүчид Малчин брэнд хамтарч ажиллаж байгаа. Малчин брэндийн хувьд нарны толиор хураасан цахилгаанаараа Хэро автомашины дотор талын халаалт, суудал халаагч зэрэг бусад хэрэглээг хангаж өгч байгаа. Энэ нь манай машины хувьд ямар давуу талыг бий болгож байна вэ гэвэл машиын үндсэн батерей зөвхөн мотортоо зарцуулагдаж, туулах зай маань холдох боломжийг бий болгож байгаа юм.

-Олон компаниуд хамтарч ажилладаг салбар гэлээ. Одоогоор цахилгаан машинаа үйлдвэрлэхдээ хэчнээн аж ахуйн нэгж, компанитай хамтарч байгаа вэ. Машиныхаа хэдэн хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа бол?

-Маш олон жижиг компаниуд хамтарч ажиллахаар санал тавьж байгаа. Дотор салон, салоны агаар шүүгчийг дотоодын компани үйлдвэрлэж байгаа. Машины хянах дэлгэц ухаалаг загварынх. Үүний хөгжүүлэлтийг монгол компани хийж байгаа. Мөн Эрдэнэтэд машины их гэрлийг үйлдвэрлэх боломжтой гэх мэдээллийг авсан. Манайх машины их гэрлийг одоохондоо гаднаас авч байгаа. Хэрэв Эрдэнэт байгаа компани үйлдвэрлэнэ гэвэл манайд бүтээгдэхүүнээ нийлүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм. Машины гаднах бие нь хөнгөн байх ёстой гэдэг утгаараа пластик материалаар хийдэг. Мөргөлт авах цэгүүдийг гантай төмрөөр, нэмэлт хэсгүүд нь пластикаар хийдэг юм. Үүнийг дотоодын хоёр ч компани хийх боломжтой байгаа. Туршилтын шатандаа яваа боловч амжилттай болсон тохиолдолд машиныхаа 80 хувийг дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн үг. Манайд машины дугуйны үйлдвэр байхгүй. Харин хэзээ нэгэн цагт нефтийн үйлдвэртэй болвол нефтийн хаягдлаар дугуй үйлдвэрлэх магадлалтай. Батерей, моторыг одоохондоо дотоодод үйлдвэрлэх боломжгүй. Энэ мэт дотооддоо үйлдвэрлэж чадахгүй бүтээгдэхүүнээ гаднаас авахаас өөр аргагүй юм. Одоогоор машиныхаа 40 хувийг дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа.

Миний харж байгаагаар монголчуудад нэг өрөөсгөл ойлголт бий. Автомашины үйлдвэр бүхий л бүтээгдэхүүнээ хийдэг хэмээн ойлгоод байдаг. Тийм л байх ёстой гэж үздэг юм билээ. Бүх бүтээгдэхүүнээ өөрөө үйлдвэрлэдэг үйлдвэр дэлхийд нэг ч байхгүй. Бусад компани, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтарч ажиллаж бий болгодог гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Дотооддоо машин үйлдвэрлэснээр эдийн засгийн хувьд ямар нөлөө үзүүлнэ хэмээн харж байгаа вэ?

-Манай улсад хэрэглэж буй авто машинууд импортынх шүү дээ. Мөнгөөр худалдаж авч байна. Автомашин худалдаж авч буй мөнгө гадагшаа урсдаг. Манай үйлдвэр цахилгаан автомашин үйлдвэрлэснээр дотооддоо гэлтгүй гадагшаа экспортлохоор хэд хэдэн улстай хэлэлцээд явж байгаа. Тэгэхээр машин экспортолно гэдэг нь валютын урсгалыг дотооддоо үлдээх асар том боломж юм. Тиймээс дотооддоо машин үйлдвэрлэж буй явдал маань улсынхаа эдийн засгийг тамгалж буй үйл явдал хэмээн харж байгаа.

-Цахилгаан машин нэг удаагийн цэнэглэлтээр хэр урт зам туулдаг бол. Зарцуулсан цахилгаанаа төгрөгт шилжүүлэхэд хэр хэмнэлт үүссэн бэ?

-Цахилгаан машины хувьд нэг цэнэглэлтээр 300 км-ийг туулж байгаа. Энгийн 220 кВт-ын залгуурт цэнэглэж болно. Хэрэв 220 кВт-ын залгуурт цэнэглэвэл зургаан цаг цэнэглэх шаардлагатай юм. Харин зориулалтын цэнэглэгч хошуун дээр очиж цэнэглүүлбэл хагас цаг цэнэглэдэг. Цахилгаан хошуунууд Улаанбаатар хотын хэмжээнд хэдэн сарын өмнө 4-5 ширхэг байсан. Өнөөдрийн байдлаар миний тоолж үзсэнээр 20-30 орчим цэг байгаа. Тухайн цэг дээр компани бүр өөрийн өртгөөр цахилгаанаа арилждаг. Энгийн өрхийн хэрэглээгээр тооцвол нэг кВт нь 155 төгрөг байдаг. Манай машины хувьд 100 хувь хүртлээ цэнэглэхэд 28 кВт-ыг зарцуулдаг юм. Ингээд тооцоод үзвэл 3200 төгрөгөөр 300 км замыг туулах боломжтой.

Бид саяхан зүүн аймгуудаар Мозотой Монгол аяныг зохион байгуулсан. Нийт 1700 км замыг туулсан тогны зардлыг тооцоод үзэхэд 32 мянган төгрөгийг зарцуулсан тооцоо гарсан юм. Тэгэхээр 1000 км замыг 20 мянган төгрөгөөр туулна гэсэн үг. Үүнээс өрхийн эдийн засагт асар хэмнэлттэй тооцоо гарлаа.

-Цахилгаан машины үнэ ханш хэд вэ. Иргэдэд худалдан авах таатай нөхцөл, боломж байгаа юу?

-Автомашинууд маань үйлдвэрээс гарч буй цоо шинэ машин юм. Үйлдвэрээс иргэдийн гар дээр 70 сая төгрөгөөр очиж байгаа. Дугаар нь ч эко. Аль ч банканд очсон ногоон зээлд хамрагдах боломжтой. Ногоон зээл нь бага хүүтэй, урт хугацаанын зээл юм. Компанийн зүгээс хөрөнгө оруулалт татах чиглэл рүү орж байгаа. Тоёота брэнд ард иргэдийн хөрөнгө оруулалтаар босож, одоог хүртэл түүнээс ашиг хүртдэг иргэд бий. Манай компани энэ зарчмаар иргэдэд хөрөнгө оруулах боломжийг өгч байгаа. Та манай компанид 50 сая төгрөгийг байршуулаад нэг жилийн дараа цоо шинэ машиныг авах боломжтой. Манай компани хөрөнгө оруулагчдадаа жилийн 20 хувийн ногдол ашгийг амлаж байгаа. Хөрөнгө оруулсан мөнгөө манай компанид долоон хугацаанд түгжинэ. Долоон жилийн дараагаас 20 хувийн ногдол ашиг дансанд нь ороод явах юм. Үйлдвэрийн ашиг шимийг нийтээрээ хүртээд явах боломжийг үүсгэж байгаа гэсэн үг.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top