МАН-д Ж.Батзандан хэрэг болов уу, Ж.Батзанданд МАН хэрэгтэй болов уу!

2022 оны 05 сарын 12

Намаа тараасны шанд өөрөө Австрали улсын ЭСЯ-нд судалгаа, Парламентын асуудал хариуцсан зөвлөх, ах Ж.Бат-Эрдэнийгээ Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилуулсан гэх Ж.Батзандан эх орондоо ирсэн. Тэрбээр ирсэн даруйдаа өнөөх шударга ёсныхоо лоозонг босгохдоо “Монгол Улсад шинэ хувьсгал буюу тогтолцооны шинэтгэл хийх цаг нь болсон” хэмээлээ. Ингэхдээ “ШИНЭН”-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу” хэмээн танилцуулна лээ.

Өчүүхэн эрх ашгийн төлөө байгуулсан ШИНЭН гэх бүлэглэл одоо байгаа юу. Гал тасалж авсан АН нь бараг алга болчихоод байхад байхгүй л болов уу. Яахав тамга, тэмдэг нь цүнхэнд байхад эрх ашгаа л дагана биз. Хагарсан шаазан шиг АН-ын төлөө явахаар тэмцэл нэрээр довоо шарлуулах нь түүнд хавьгүй амар байгаа.

Монгол Улсад тогтолцооны шинэчлэл хийх цаг нь болсон уу гэвэл санал нэгдэх хүн маш олон бий. Тэрбээр Австрали улсад тийм ч удаагүй, нэг жилийн хугацааг өнгөрүүлэхдээ ихээхэн үр дүнтэй байж, хөгжлийн загвар бүхий ном бичсэн бололтой. Үүндээ яаж хөгжих тухай дэлгэрэнгүй бичсэн гэдгээ дурдахын зэрэгцээ МАНАН дэглэмийн эсрэг үргэлжүүлэн тэмцэж, эцэст нь хүргэнэ гэдгээ ч дурдав. Үнэхээр шинэчлэлт, өөрчлөлтийг хүсэж байсан бол УИХ-д хоёр удаа сонгогдож, найман жил ажиллахдаа хийх байсан болов уу. Хүн аливаа зүйлд унаж, ялагдаад ирэхээрээ ухаантай болдог тал ч бий. 

Тэрбээр лоозогнох үеэрээ “Л.Оюун-Эрдэнэд үнэнийг нь хэлэх гэж ирлээ. Одоо үнэнтэй нүүр тулах ёстой. Ард түмний амьдрал хүнд байна. Авлига алга болоогүй байгаа. Тийм учраас Л.Оюун-Эрдэнэтэй, Х.Нямбаатартай, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй өнөө маргаашгүй уулзана” хэмээн давшилж байгаа харагдсан. Үүнээс харахад Ж.Батзанданг Австрали явахаас өмнө төрд авлига ч байсангүй, ард түмэн ч баян байсан бололтой. Харин нэг жил яваад ирэхэд нь энэ улс орон авлигадаа идэгдэж, ард түмэн нь ядуурсан шахам зүйл ярьсан.

Гэхдээ л Ж.Батзанданд эрх баригчидтай уулзах, уулзаад хэлэх нэг хүсэл байгаа нь ойлгомжтой харагдана. Шударга ёс, тэмцэл яриад эхлэхээр заавал нэг хэрэг гарсан байдаг даа. Гэхдээ басах хэрэггүй, эрх баригчдад түүний хэрэг гарсан ч байж болох юм. Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэгэнт хэрэгтэй болчихсон учраас эрх баригчид өөрсдийнхөө хүссэн зүйлийг ямар нэг маргаангүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд суулгах сонирхолтой байгаа. Өөрсдөө олонхиороо шийдвэрлэж болох ч хэтэрхий өрөөсгөл учраас ард түмэнд шударга үнэний арьс нөмөрсөн нэгэн хэрэгтэй байж таарна.

Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд ард түмний санал орсон гэдгийг харагдуулах үүднээс иргэний хөдөлгөөн суурьтай энэ мэт нөхөд хэрэгтэй байсан болов уу. Түүнээс бус Ж.Батзандангийн Австралид бичсэн хөгжлийн загварын номыг эрх баригчид үсэг гээлгүй уншаад систем өөрчлөх биш юм. Эрх баригчид өөрсдийнхөө санааг тодорхой дүрээр нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх санаа байх. Товчхондоо эрх баригчдын хүсэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Ж.Батзандангийн тогтолцоо, системийн шинэчлэл хоёр нь тал талаасаа мөргөж байна.

С.ДАНЗАН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.187.223) 2022 оны 05 сарын 12

76 солиотонтой СОЛИОТОЙ ХҮН л тэмцэнэ шүү дээ

0  |  0
**(202.126.89.5) 2022 оны 05 сарын 12

Шар хадныхаан, энэ хүнээ аваач ээ.

0  |  0
Z(66.181.176.94) 2022 оны 05 сарын 12

ZUV ZUV BATZANDAN SHIG AJLGUIGEER HULGAICHUUDIIN TUHAI HELCHDEG HUN HOVOR SHUU TEMTSEED BAI DAA HARAYA

0  |  0
Top