Түүний тухай ярих гэхээр эцэг нь өмнүүр хөндөлсөнө, жаахан бултуулаад бичих гэхээр ээж нь дайраад орж ирнэ. Эцэг, эхийг нь тас мартаад бичих гэхээр авга ах нь дайраад ирнэ. Арга ядаад ах дүү, амраг садангүй мэт бичих гэхээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай гээд улс төрийн хуучин кадрууд завилж суучихаад болохгүй юм.
Бүр арга ядаад “Энэ хүн чинь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн шүү дээ” гээд хүчлэхээр Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугир, “Жаст” группын захирал Ш.Батхүү нар ч “би” хэмээн ороод ирэх юм. Ингэхэд тэр хэн юм бэ. Тэгэхээр Г.Тэмүүлэн Архангай аймгийн иргэд дундаас бус яах аргагүй том сүлжээн дундаас төрсөн УИХ-ын гишүүн гэдэг нь анзаарч харагдана.
Эрхэм гишүүний эцэг Ч.Ганзоригийг Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлэхэд гол ноён нурууг нь үүрч ирсэн, өдгөө ч үүрч яваа уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан гэдгээр нь хүмүүс мэднэ. Ингэхдээ монголчуудын ой санамжаас яаран арчигдахааргүй том үйл хийсэн хүн.
Тодотговол, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа Жаст группын захирал Ш.Батхүүг Өмнөд Африк дахь Стандарт банкнаас зээл авахад дэмжсэн. Ингэхдээ улсын өмчит ганц үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавихад гарын үсэг зурчихсан хүн. Ойлгомжтойгоор хэлэхэд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Ш.Батхүүтэй хамтран барьцаанд тавьчихсан гэж болно. Ч.Ганзоригийг гарын үсэг зурахад нөлөөлсөн хүмүүс нь Н.Энхбаяр, С.Баяр нар гэх боловч Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугираар дамжуулсан хэмээн ярьдаг. Томчууд далд тушаал өгчихөөд авлигаа л авна уу гэхээс хэзээ ч гарын үсэг зурдаггүй тал бий. Сүүлд Стандарт банкны өрийг Эрдэнэт үйлдвэрийн Эрсдлийн сангаас гаргаж өгөх шийдвэр гарч байсан гэхээр Ч.Ганзориг улсын өмчид гар дүрж, ард түмний мөнгөөр тоглосон хүмүүсийн тоонд зүй ёсоор орно. Шуудхан хэлэхэд ард түмнийхээ хоолыг булаасан нүгэлтэн гэж болно.
Уг нь Г.Тэмүүлэн гишүүнийг өв залгамжлагч хэмээдэг ч нөгөө утгаараа аавынхаа Монголын ард түмэнд тавьсан өрийн өв залгамжилж яваа хүн гэж хэлсэн ч болохоор. Бүр цаашлуулж дурдахад Монголын ард түмэнд өртэй хүн ч гэж болохоор. Энэ мэт маш олон баримт факт байгаа ч Ч.Ганзоригийн тухай бус түүний хүүгийн тухай бичих учраас хойш тавъя.
Г.Тэмүүлэнгийн ээж нь Говь сауны эзэн, хүүгээрээ дэмжүүлж, Жижиг дунд үйлдвэр эрхлэх сангаас 700 сая төгрөгийн зээл авсан гэх баримт байдаг. Харин түүнийг 2020 оны сонгуульд өрсөлдөж байхад ээжийнх нь компаниас хандив нэрээр 300 сая төгрөг шилжүүлж байсныг тухайн үед хэвлэлүүд онцолж байв. Магадгүй Г.Тэмүүлэн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас мөнгө авч, ээжээрээ дамжуулан сонгуулийнхаа мөнгийг босгосон байж болох дүр зураг харагдана. Уг нь аавынх нь хөрөнгө Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд гар дүрээд байхааргүй арвин ч хүний хүсэл шуналд хязгаар байх биш дээ. Намынх нь эрхэм дээдсүүд кнопоо дараад хүүгүй шахам мөнгө ав гэхээр авч л таарна.
Авга ах Ч.Батзориг нь гэхэд Ч.Ганзоригийг ид мандаж явахад оффшор бүсэд хэд хэдэн данстай жаалж байсан нөхөр бий. Энэ мэтээр хөрөнгө мөнгөтэй холбогдох өргөн сүлжээ түүнд бий. Гэхдээ эцгийн алдааг хүүд нь нааж ярих нь таагүй хэрэг. Тэгээд ч Ч.Ганзориг Г.Тэмүүлэнгийн биеийг нь төрүүлснээс ухааныг нь төрүүлээгүй. Авга ахынх нь хөрөнгө суу залийг ч наах аргагүй. Түүнчлэн ээжийнх нь бизнес, улс төрийн хуучин кадруудын сүлжээ гээд түүнд огт хамаагүй байж болох ч тэр сүлжээний их мөнгөн дундаас төрсөн УИХ-ын гишүүн гэдгээр нь онцлоод байгаа хэрэг.
Тэднийг дурдаж байж л Г.Тэмүүлэн гэх гишүүн тодорно уу гэхээс өөрөөр яагаад ч тодруулж болохгүйд л хамаг учир бий. Тэгээд ч удам судар, эцэг эхийн нэрийг өөрөөсөө арчиж арилгаж болох биш. Өөрөөсөө салгах аргагүй ганц зүйл гэвэл энэ байх. Уг нь тэр сайн, саар элдэв зүйлд тэгтлээ оролцоод байдаггүй. Архангай аймгаас дулимагхан ч гэсэн санал авч, УИХ-д суугаад байдаг түүнтэй боловсролын талаар бол ярих юм байхгүй. МУИС-д суралцаж байгаад дундаас нь орхиж гадагшаа сурахаар явсан. Тодотговол, 2003 онд АНУ-ын “American university” сургуульд Олон улсын харилцааны бакалавр, 2005 онд Олон улсын удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалжээ.
УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдэг хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хүний ажил болчихсон. Нуух хэрэггүй. Тэр тусмаа гишүүн байна гэдэг асар их мөнгөтэй байхын л нэр. УИХ-ын гишүүн та мөнгөгүй бол тэнд ажиллах ямар ч боломжгүй. Гэтэл Г.Тэмүүлэн гэх нөхөрт энэ олон тэрбум төгрөг хурааж хуримтлуулах боломж ч байсангүй. Бизнес ч байгаагүй учраас аавынхаа сүлжээн дундаас АНУ-д өндөр боловсрол эзэмшиж, энэ сүлжээний хөрөнгөөр МАН-ыг бараадсан төдийгүй алба хашсан. МАН 2012 онд ялагдаж, түүний дараа Н.Алтанхуягийн Засгийн газарт түр толгой хоргодсон.
Тэр үеэр хэдэн мөнгөлөг Дэд сайд нар оруулж ирсний нэг нь Г.Тэмүүлэн бөгөөд түүнтэй дөрөө харшуулан Н.Номтойбаяр, Б.Ундармаа нарын нөхдөд дэд сайдын суудал хуваарилж, амь зогоож байсан үе МАН-д бий. Энэ утгаараа Г.Тэмүүлэн МАН-ыг зүдэрч явахад хөрөнгө оруулсан хүмүүсийн нэгээр зүйл ёсоор нэрлэгдэж болох юм. АНУ-д сургуулиа дүүргэж ирээд 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтнээр ажлынхаа гарааг эхлүүлж, улмаар 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга, 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал, 2013-2015 онд Оюу Толгой компанид Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажилласан богинохон түүхтэй. Анх төр, улс төрийн босгоор хөтөлж оруулж ирсэн хүн нь нутгийн ах Т.Бадамжунай гэдэг. Энэ нөхөр бол Г.Тэмүүлэн байтугай М.Энхболдыг хөлд оруулсан хүн гэдэг биз дээ. Сүлжээнд хамт ажиллаж байсан найзынхаа хүүг өөд нь татахаас ч яахав.
Ажилласан байдлаас нь харахад яах аргагүй хөрөнгөлөг газарт алба хашиж байсан. Гэсэн хэдий ч идэрхэн залуу улс төрийн талбарт тоглох хэмжээний хөрөнгө хураана гэж байхгүй. Ямар ч боломж байхгүй. Энэ үеэс түүний нэр МАН-ын хэмжээнд ч гайгүй газар авсан. МАН ялагдсан үед залуучуудын байгууллага ч хөрөнгө оруулалтгүй зогсонги болж байхад НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр заларчихсан. Энэ бол улс төр горилж яваа залуу хүнд асар том боломж, эрэмбэ байсан. Ялагдлын үед намд ажиллана гэдэг хөрөнгөтэй хүний хийх ажил. Тухайн байгууллагыг санхүүжүүлж байж цааш ажил явдаг учраас хүссэн хүсээгүй хөрөнгөтэй аавын хүү л тэнд очно.
Түүнийг НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр тодорч байхад МАН-ын даргаар М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргаар өдгөөгийн хамтрагч Ж.Мөнхбат нар ажиллаж, хоёр даргын хувьд Г.Тэмүүлэнг ихээхэн дэмжиж байсныг сайн мэдэх юм. Дэмжсэн ч учраас 2015 онд МАН Удирдах зөвлөлийн гишүүнээр оруулж ирсэн. Дүрэм журам нь ч тийм байсан. Намынхаа удирдлагуудтай чамгүй гар, сэтгэл нийлэн ажилласан ч байх, хөрөнгө санхүүгийн тал дээр ч гар татаагүй байх, 2016 онд төрж өссөн нутагтаа УИХ-ын сонгуульд өрсөлдөх мандат авснаар парламентад орж ирсэн нөхөр.
Залуу гишүүн бусдын жишиг дагаж хурдан морь сонирхоно. Сонирхохоор барахгүй томоохон наадмын хэд хэдэн айраг, түрүүтэй. Төрийн баяр наадмаас эхлээд аймаг сумын ой, бүсийн наадмын хэд хэдэн түрүү, айраг бий шүү. Ийнхүү Г.Тэмүүлэнг бичих гэхээр аанай л аав нь орж ирнэ. Өөр арга байхгүй. Түүний эцэг Булган аймгийн “Бумбат” хайрханыг өмчлөн, амралтын газар байгуулсан.
Тэндээ Араб, Англиас үнэ цохин авч ирсэн 300 гаруй шилмэл агт морьд, азарганы томоохон эдлэн байгуулсан нь өдгөө УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн “Сартай зээрд”, “Дөлгөөн хар” гэх мэтээр цоллуулж байгаа нь ийм учиртай гэдгийг хүн бүхэн шивнэв. Би хэлээгүй салбарынхаа аваргуудын архиваас харлаа. Тэр өөрөө “Манай унаган адууны гурав дахь үеийн төл гарч байна” хэмээн ярилцлага өгсөн байна лээ. Түүний унаган адуу гэж юу байхав, эцэг нь өндөр үнээр цохиж авсан адууны үр төл л өдгөө гурав дахь үедээ ирж байгаа хэрэг. Ямартай ч бид Г.Тэмүүлэн гэх гишүүний тухай тодруулах гээд барсангүй, сүлжээтэй нь хольж байж бий болгох санаа зөв болсон байх. Ингэж л тодорно.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Ганзоригийн Тэмүүлэн гэгч залуу хэрэгтэй юм юуч ярьдаггүй,зай бөглөсөн нөхөр Хааяа нэг дуугарвал не в попад в просак юм хэлнэ. Хэнч ойлголгүй үлдэнэ.Асуугдсан нэгэн асуултыг нь ойлгох гэж үйлээ эдэлнэ,шал хөндлөн хариу хэлнэ хариулт болсон уу гэхэд болсоон гэнэ.Весьма тупой малый.Анх төрөхдөө чирч гарсан ухаан нь ямарч гайхалтай сургуульд нэмэгдэхгүй,Хумбан шаазангаар ухаан чирсэн бол түүнийгээ дүүргээд илүү мэдээллээ асгачихаад ирдэг гэнэ