ХӨРӨГ | Сумын парламентч

2022 оны 05 сарын 18

“Өсвөрийн парламент” хөтөлбөрт Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас сонгогдсон 10 дугаар ангийн сурагч Пүрэвдоржийн Буянбилэг.

Хэн нэгэн улстөрчийн тухай энд бичихгүй гэдгээ урьдчилан хэлье. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Өсвөрийн парламент” хөтөлбөрт буйдхан сумаас сонгогдсон хүүхдийн тухай ярьж буй хэрэг.

Түүнийг Пүрэвдоржийн Буянбилэг гэдэг. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн 10 дугаар ангийн сурагч. Арбулаг бол аймгийн төвөөсөө баруун хойшоо 75 километрийн зайд байдаг жижигхэн сум. Гэсэн хэдий ч Хотгойдын шадар ван Чингүнжавыг нутаглуулсан гэх Цагаанчулуутын овоо, дууны яруу найргийн нэрт мастер Жамцын Бадраа гээд олон алдартнуудыг төрүүлсэн газар. Хөтөлбөрийг УИХ, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, УИХ-ын Тамгын газрын Парламентын сургалт, судалгааны хүрээлэн, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “People in Need” олон улсын төрийн бус байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран өнгөрсөн оны есдүгээр сараас энэ оны тавдугаар сарын хооронд зохион байгуулсан юм.

П.Буянбилэг тус хөтөлбөрийн талаар дуулаад оролцохоор шийдэж сургуулийнхаа захирал н.Даваадорж, түүх, нийгмийн ухааны багш н.Анхбаяр, аав ээжтэйгээ бэлдсэн байна. Гэхдээ л орон даяар зарлагдсан том хөтөлбөр учраас тэнцэхгүй байхдаа гэсэн айдастай байж. Түүнийгээ ч нуулгүй хэлнэ лээ. Хичээж байгаа хүний ард дэмжиж байгаа хүн байна гэдэг хамгийн сайхан.

Түүний аав Б.Пүрэвдорж насаараа сумынхаа эмнэлэгт ажилласан бол ээж нь мөн л сургуульд үйлчлэгч, тогоочоор ажилласан нэгэн. Хөтөлбөрт 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн 900 гаруй сурагч өрсөлдсөнөөс 90 сурагчийг шалгаруулсан гэхээр ямархан хэмжээний өрсөлдөөнөөс сонгогдсон нь ойлгогдох байх. Тэрээр цар тахалтай байсан учраас бүтэн жилийн хугацаанд танхимын нөхдүүдтэйгээ уулзалдаагүй. Харин өнгөрсөн долоо хоногт тэрээр өөрийн үеийн парламентчидтайгаа нүүр нүүрээ харан уулзсан. Гэхдээ анх удаагийн энэ уулзалт тэдний хаалтын уулзалт байсан юм.

Түүнтэй уулзаад сууж байхдаа ирээдүйн мэргэжлийг нь асуугаад хүлээж авсан хариулттаа би өөрөө ч гайхсан. Түүнийг хуулийн ч юм уу, эсвэл арай өөр мэргэжил эзэмшихээр бодож яваа болов уу гэтэл монгол хэл, уран зохиолын багш болно гэсэн. Гэхдээ аль гуравдугаар ангийн хүүхэд байхдаа ирээдүйн мэргэжлээ сонгож. Ингэхдээ “Монгол хүн байж өөрийн эх хэлээ сайн суралцах ёстой. Сүүлийн үед эх хэлээ мэдэхгүй хэрнээ гадаад хэлээр гайхуулдаг байдал нэлээд бий болсон. Тийм болохоор олон хүүхдэд эх хэлнийхээ яруу тансаг байдлыг заан сургах мөрөөдөлтэй” хэмээн хэлсэн.

Үнэхээр ч түүний хэлсэн шиг байдал өнөөдөр улам л их болсон. Хагас дутуу гадаад хэлтэй болсныгоо “боловсролтой” гэж үнэлэх байдал ч гардаг. Харин өсвөрийн парламентич П.Буянбилэг энэ байдлыг хэтэрхий эрт анзаарч. Энэ хөтөлбөрийн бас нэгэн чухал зүйл бол сонгогдсон хүүхдүүдээрээ нөлөөллийн ажил хийлгэсэнд юм. Арбулаг сумын сургуульд нийтдээ 500 гаруй сурагч суралцдаг аж. Нөлөөллийн ажлаа тэрээр 1-7 болон 8-12 дугаар анги хэмээн бүлэглэн хувааж хийсэн гэнэ лээ. Ингэхдээ давхардсан тоогоор 800 орчим хүүхдэд нөлөөллийн ажлаа хүргэж чадсан байна.

Хамгийн эхний нөлөөллийн ажил нь “Уур амьсгалын өөрчлөлт” гэсэн сэдвээр хийжээ. Тэгэхэд түүний анзаарсан зүйл бол уур амьсгалын өөрчлөлтөд хүн бүрийн жижигхэн үйлдэл ч нөлөөлдөг гэдгийг ойлгожээ. Утасныхаа цэнэглэгчийг салгахгүй байх, усаа хаалгүй явах зэрэг нь эргээд уур амьсалын өөрчлөлтөд нөлөөлдөг аж. Хүн бүр ус, цахилгаанаа хэмнэх ёстой гэж мэддэг ч иймэрхүү үйлдлүүд гаргасаар байдаг. Өсвөрийн парламент хөтөлбөрт Арбулаг сумаас хоёр ч хүүхэд хамрагдаж, нөлөөллийн ажлаа сайн хийсний үр дүнд тус сумын сургуулийн хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн чадах бүхнээ хийж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ер нь хүүхдэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг нь хүүхэд өөрөө байдаг.

Тийм ч учраас энэ төслийн хамгийн том давуу тал нь хүүхдээр дамжуулан хүүхдэд нөлөөлөх эргээд тэднийхээ дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд сонсож, бодлого шийдвэртэй тусгахаар болсон.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Дэлхий дахинд иргэдийн тэр дундаа хүүхдийн оролцоо нийгэм эдийн засгийн амьдралыг өөрчилж хүлээн зөвшөөрч байна. Тэр дундаа парламентын болон ардчиллын боловсролтой иргэд энэ өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал. Цахим хөгжлийн эрин үед сэтгэл хөдлөлөөр асуудлыг өнгөц дүгнэдэг бус учир холбогдлыг нь ойлгож, мэтгэлцэж, судалж асуудлыг гүн гүнзгий ойлгож, түүгээрээ төр засгийн бодлогод оролцох явдал бол парламентын боловсрол олгох хөтөлбөрийн гол зорилго” хэмээн онцолсон юм.

П.Буянбилэгийн бичсэн эсээний сэдэв ч их сонин. Тэрээр зэрлэг сонгино нутагт нь ховордож байгаа талаар бичиж. Тэр нь эргээд нутгийнх нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгааг ч анзаарч. Анх тэрээр хүүхдүүдэд сургалт ороход үл тоох, үгийг нь ойшоохгүй байх зэрэг байдал илэрсэн гэнэ лээ. Гэсэн хэдий ч нөлөөллийнхөө ажлын төгсгөлд “Өнөөдрийн таны гаргаж байгаа жижиг буруу үйлдэл таны хойч үеийн амьдралыг шийднэ. Тиймээс та илүү их ухамсартай байх хэрэгтэй” хэмээн хэлэхэд нь зарим хүүхэд нулимс хүртэл дуслуулсан тухай тэрээр бахархангүй ярина лээ. Үнэхээр ч та бидний чухал биш хэмээн бодон гаргадаг жижиг буруу үйлдлүүд нэгдэн нийлэхээрээ илүү их аюулыг ирээдүй хойчийн цагт бий болгож байдгийг санах хэрэгтэй. Яг л ийм бодолтой, ийм үзэлтэй, бусдад нөлөөлж чаддаг П.Буянбилэг шиг мянга, мянган залуус өсөн өндийж, биесээсээ суралцаж яваад талархмаар. Эх орны маань ирээдүй ийм л хүүхдүүдийн нуруун дээр өөдрөг сайхнаар хөгжин цэцэглэх болно.  

С.ЗУЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Luugee(202.126.89.20) 2024 оны 02 сарын 19

Амжилт дүү минь

0  |  1
Eee(199.72.83.105) 2024 оны 02 сарын 19

ymr aimr shaachwaaa amjilt

0  |  1
Дэлгэр(66.181.161.64) 2024 оны 02 сарын 19

Амжилт хүсэе мундаг чадвартай хүүхэд шүү

2  |  0
Top