С.Эрдэнэ: Нэр дэвшиж байгаа хүн бүр Ардчилсан намын лидер

2022 оны 05 сарын 19

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны эргэлтийн сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр тус намын дарга С.Эрдэнэ “Үндэсний бодлогын хорооны сонгууль явагдаж дууссаны дараа намын Их хурлын асуудлыг ярилцаж шийднэ” гэсэн юм. Нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах үеэр тус намын даргын сэтгүүлчдийн цөөн асуултад хариулсныг тоймлон хүргэж байна.  


-ҮБХ-ны сонгуульд нэр дэвшигчдэд ямар шалгуур тавьдаг вэ?

-Дүрмийнхээ дагуу шал­гууруудаа дотооддоо тавьдаг. Гэмт хэрэгт холбогдоогүй, өр авлагагүй байх, манлайлалтай байх гэсэн гол шалгуурууд бий. Үүнийхээ л хүрээнд хүмүүс нэр дэвшээд үнэмлэхээ гардаж авлаа. Сонгуулийн сурталчилгаа маргааш /өнөөдөр/ албан ёсоор эхэлж, 27-ныг хүртэл явагдана. Ингээд санал хураалт энэ сарын 29-нд болох юм. 

-Ардчилсан намын залуу үе нь сул байна гэсэн шүүмжлэл гарч байгаа тал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Нэр дэвшилтийн байдлаас харахад манай залуучууд хангалттай байгаа. Мөн намын дүрмээрээ Үндэсний бодлогын хорооны маань 304 гишүүний 76-гаас доошгүй нь 39 наснаас доош залуучууд байх ёстой. Мөн 76 нь эмэгтэйчүүд байдаг. Энэ бол төлөөллийн хувьд хангалалттай доод үзүүлэлт. Түүнээс дээшээгээ ч байж болно.   

-Энэ удаагийн сонгуулийн гол ач холбогдол нь юу вэ?

-Энэ бол үнэхээр чухал ач холбогдолтой сонгууль. Ард­чилсан намгүйгээр өнөөгийн Монгол орны нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг тодорхойлох боломжгүй. Бид хэдийгээр өнөөдөр парламентад маш цөөхөн суудалтай байгаа ч гэсэн бидний оролцоог хэн ч үгүйсгэж чадахгүй. Тиймээс бид энэ үүрэг хариуцлагаа улам бүр ухамсарлах хэрэгтэй. Энэ удаагийн сонгуулийн дүн гарсны дараагаар бидний хийсэн тооцоогоор ҮБХ-ны гишүүд 80 гаруй хувь нь бүрэн шинэчлэгдэнэ. Бид энэ сонгуулийн үр дүнгээс эхлээд дараа, дараагийн бүх шатны сонгуулийн бэлтгэл ажилдаа орно. Тийм ч болохоор намын дотоод бүтэц зохион байгуулалтын шинэчлэл, үйл ажиллагааг маш богино хугацаанд хурдтай, өндөр түвшинд хийх шаардлага байгаа.

-ҮБХ-ны сонгуульд ямар хүмүүс нэр дэвшиж байгаа вэ?

-Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага буюу хуульд заасан эрх бүхий байгууллага болон өргөжиж байгаа Үндэсний бодлогын хороонд маш олон хүн нэр дэвшиж байгаа. Тэр дотроо олон нийтэд нэр хүндтэй, манай намын бодлого, өнгийг тодорхойлж байдаг олон лидерүүд маань нэр дэвшиж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, ардчилал, шударга ёсны анхны галыг асааж байсан Д.Сосорбарам гээд олон журмын нөхөд маань бий. Ер нь нэр дэвшиж байгаа хүн бүр Ардчилсан намын лидер гэж би ойлгож байна. Тийм учраас нэр дэвшигчид маань маш том итгэл найдвар, үүрэг хариуцлагыг хүлээж байгаа.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.104.2) 2022 оны 05 сарын 20

ёооё энэ нөхрөөс мөн ч залхжээншүү, би чамтай суухгүй ээ гээд байхад чамтай заавал суунаа гээд нойтон хамуу шиг наалдаад байгаам шиг мэдрэмж төрж байна шүү. бас л шийртэй луйварчин юмаа

0  |  0
Иргэн(103.212.117.153) 2022 оны 05 сарын 19

Хулгайч луйварчид гэвэл онох байх энэ нөхөр өөрийгөө өргөмжлөөд байгаа юмуу

0  |  0
Top