Олимпын хошой аварга, дэлхийн аварга жүдоч Сайто Хитошиг монголчууд сайн мэднэ. Алдарт Ясүхиро Ямашитаг “зовоодог” ганц жүдоч гэгдэж байсан тэрээр хоёр хүүтэй.
Бага хүү болох Сайто Тацүрүгээ өөрийнхөө барилдааны бичлэгийг үзүүлсээр байгаад “Би жүдоч болмоор байна” гэж хэлүүлж, таван настайгаас нь барилдуулсан гэдэг.
Сайто Хитоши 2015 оны нэгдүгээр сарын 20-нд хүнд өвчнөөр удтал өвдсөний эцэст хорвоог орхисон юм. Нас барахаас нь нэг хоногийн өмнө эхнэр нь түүнд “Өнөөдөр хүүхдүүдээ бэлтгэл хийлгэлгүй өнжвөл ямар вэ? Хүүхдүүдтэйгээ хамт байх уу” гэж асуухад “Бэлтгэлдээ явцгааг” гэж хэлсэн байдаг. Энэ бол түүний хүүхдүүдтэй хэлсэн сүүлийн үг байсан юм. Учир нь тэр ааваас гадна хүүгийнхээ дасгалжуулагч нь байлаа. Аав нь өвдлөө гээд хүү бэлтгэл таслаж болохгүй. Ийм л хатуу эцгийн удирдлагаар жүдоч болсон Сайто Тацүрү саяхан Бүх Японы аварга шалгаруулах тэмцээний үнэмлэхүй жингийн аварга боллоо.
Аавынхаа гялалзаж явсан домогт Бүдокан ордонд ялах агшиндаа тэр баруун гараа өргөсөн нь тэнгэрт байгаа аавдаа ялснаа илтгэж байгаа хэрэг байв. Үнэмлэхүй жингийн аварга гэдэг бол албан бусаар Японы хамгийн хүчирхэг жүдоч гэсэн үг. Түүхэнд анх удаа аав, хүү хоёр Үнэмлэхүй жингийн аварга болж байгаа нь энэ.
Тацүрү хагас шигшээд Токио олимпын шигшээ багийн гишүүн Харасава Хисаёшиг, шигшээд 2021 оны дэлхийн аварга Кокоро Кагэүраг 14 минутын урт тулааны эцэст буулган авсан юм.
Барилдааны дараа “Үнэхээр баяртай байна” гэж хэлсэн ч дараачийн үг нь “Би өөрийгөө Японы хамгийн хүчирхэг жүдоч гэж боддоггүй” байх нь тэр.
Түүнд аваргын медалийг аавынх нь ганц өрсөлдөгч байсан Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита гардуулан өгсөн нь хувь заяа гэлтэй. Тэнгэрт байгаа аав нь хүүгийнхээ ялалтыг харж суусан нь лавтай. Өөртөө нь ижил үнэмлэхүй жингийн аварга болсон хүүдээ “Сайн байна” гэж хэлэх байсан уу, эсвэл “Болоогүй л байна даа” гэж чамлах байв уу.
Тацүрү “Аав минь амьд сэрүүн байсан бол гар бариад, шууд тэмцээн дээр гарсан алдаа дутагдлыг минь хэлэх байсан байх. Яав ч магтахгүй гэж би бодож байна. Олимпын наадамд түрүүлж үзээгүй болохоор аавтайгаа зэрэгцлээ гэж хэлж болохгүй” гэж аавыгаа дурсан ярьж байна.
Сайто Тацүрү 20 настай. 190 см өндөр, 165 кг жинтэй.
“Ямар том юм бэ гэж хүн болгон л хэлдэг юм. Гэхдээ би тостой хоол иддэггүй, амттанд дургүй. Дуртай хоол сүши. Намайг гуч дөчин таваг сүши идсэн гэж найзууд ярьдаг. Нэг хэсэг бид тэмцээний өмнөх өдөр гэдсээ дүүртэл идэж, эрч хүч авдаг байлаа” гэж тэр ярьж байна.
Түүний аав Сайто Хитоши 1984, 1988 оны олимпын аварга. 95 кг-ын жинд барилддаг байлаа. Гэмтэл бэртэл маш их байсан ч сэтгэлийн эрч хүчээр дэлхийн аварга болсон Сайто бол Японы жүдо бөхийн домог. Аав нь түүний шүтээн, нөгөө талаар давж гарах ёстой өрсөлдөгч. Аав шигээ болохыг л тэр багаасаа хүсэж мөрөөдсөн.
“Аавын зааж сургах арга барил маш хатуу. Дунд ангид дэвштэл бид цэвэр ус, эсвэл цай л уух дүрэмтэй байлаа. Гэхдээ хайр нь дотроо, хал нь гаднаа гэж үг бий. Тэр үед бага байсан болохоор аавыгаа гүйцэд сайн ойлгодоггүй байжээ. Аавыг эсэргүүцэх битгий хэл цааргалж ч болохгүй. Хүчээр барилдаж байгаа мэт сэтгэгдэл төрөөд жүдод дургүй байсан үе ч надад бий. Заавал ийм дасгал хийх ёстой юм уу гэж дотроо бодоод л” гэж аавыгаа дурссан.
Хэчнээн хатуу ширүүн байсан ч аав нь түүний хувьд заавал хамт байх ёстой багш нь байлаа. Аавыгаа байнга дэргэд нь байж байх ёстой мэт л санаж явжээ. Гэвч 2015 онд аав нь 54 настайдаа энэ ертөнцийг орхин одоход 13 настай байсан Тацүрү хүү удаан хугацааны турш хүлээн авч чадаагүй гэнэ. Магадгүй энэ явдал түүний жүдод хандах хандлагыг эрс өөрчилсөн байж мэдэх юм.
“Миний хувьд аав минь ертөнцийн хамгийн хүчтэй хүн байлаа. Хэнд ч, юунд ч ялагдахгүй хүн. Хүнд өвдсөн байхад нь ч би “Зүгээр дээ, эдгэрчихнэ” гэж бодож байсан болохоор нас барахад нь бүтэн нэг сар итгэж чадаагүй. Барилдах хүсэл зориг алга болж, аавынхаа төлөө хичээнэ гэж хэлэх хүсэл ч төрөхгүй. Аавыгаа тэнгэрийн оронд одсон, эргэж ирэхгүй гэдгийг бага багаар мэдэрсээр дахиад хэзээ ч аав маань ирэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ингээд л жүдо бөхөө улам сайн хичээж, өдий хүртэл туслаж дэмжиж явсан хүмүүс, ялангуяа аавынхаа ачийг хариулах ганц зам нь жүдо бөхөөр амжилт гаргах гэж ухаарсан даа” гэж Тацүрү дурсана.
Эргэлзээ алга болсны дараа Тацүрү Японы ахлах сургуулийн тэмцээнд хоёр жил дараалан түрүүллээ. Өнгөрсөн жил анх удаа дэлхийн дэвжээнд гарч, насанд хүрэгчдийн Баку Их Дуулга тэмцээнд анхныхаа олон улсын тэмцээний түрүүг авлаа.
Аав нь халиад хэдийнэ долоон жил болсон ч Тацүрү эргэлзэх, шантрах зүйл гарахад аавдаа ханддаг хэвээр.
“Ур чадвар дутах үе гарахад аав байсан бол юу гэж хэлэх байсан бол гэж их боддог. Багш нар зөвлөгөө өгөх үед хүртэл аав юу гэж зөвлөх байсан бол гэж толгойд орж ирдэг. Хариад аавын Лос-Анжелес, Сөүлийн олимпын барилдааны бичлэгийг үзэж, асуултынхаа хариуг авах гэж оролдоно. Хариулт авах үе ч олон. Аав минь үнэхээр гал бадартал барилддаг хүн байжээ. Бичлэг үзэх болгондоо нэгийг шинээр сурдаг”
Тацүрүгийн татами дээр гарахдаа шилээ шөргөөн, хоёр гараа өргөн, барилдаж эхлэдэг нь, уян хатан бие нь аавтайгаа адилхан гэж хүмүүс ярьдаг.
Гэвч Тацүрү “Би адилхан гэж боддоггүй. Аавдаа дөхөж очих яагаа ч үгүй байна. Өнгөрсөн жилийн Токио олимпыг телевизээр үзсэн. Олимпын дэвжээнд заавал медаль авна, шагналын тавцангийн хамгийн дээд талд нь зогсоно гэсэн хүсэл улам хүчтэй болсон. Аавынхаа зогсож байсан тавцан дээр Парист заавал гарна гэж бодсон. Би ирэх намар Ташкент хотод болох дэлхийн аваргын тэмцээнд оролцох Японы шигшээ багт сонгогдсон байгаа. Японы аварга боллоо гээд сэтгэл ханасан зүйл байхгүй. Аав минь намайг даруу төлөв бай гэж байнга хэлдэг байсан” гэж Тацүрү ярьлаа.
Хүнд жингийн шинэ од 20 настай залуу хүү ийнхүү аавынхаа заасан замаар хоёр жилийн дараах олимпын алтан медаль өөд бага багаар дөхсөөр байна.
Сэтгэгдэл ( 1 )
Aguu yumaa aguu yum