УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн санаачлагаар өчигдөр /2022.05.17/ Төрийн ордонд "Сонгуулийн тогтолцоо ба Үндсэн хууль" сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Т.Доржханд болон 20 гаруй улс төрийн намын удирдлага, төлөөллүүд оролцсон юм.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Доржханд нарыг хэлсэн байр суурийг хүргэж байна.
-СОНГУУЛИЙН ХУУЛИА ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД ЭХЛЭЭД ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ-
УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА: Парламент нь олон намын төлөөлөлтэй, тэнцвэртэй, ардчилалтай байхын тулд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах ёстой гэж үзэж байна. Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулиудыг хэлэлцээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Иймд энэ тогтолцоог өөрчлөхийн тулд улс төрийн намуудыг идэвхтэй ажиллахыг уриалж байна. Өнөөдөр манай улсад тулгамдаад буй улс төр, нийгмийн асуудлууд бүгд сонгуулийн тогтолцоотой холбоотой. Монгол Улс олон улсын нөхцөл байдалтай уялдуулж ардчилалтай, хүчтэй парламенттай болох ёстой. Улс төрийн нам нь төрийнхөө дээр гарчихсан, төртэйгөө холилдсон байдлыг өөрчлөх шаардлагатай. Иймээс өнөөдөр улс төрийн намууд дуу нэгтэйгээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг зүйлийг ярьж байна. Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхийн тулд эхлээд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй.
-ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ БОЛОМЖГҮЙ Ч САНАЛ ГАРГАХ ЭРХТЭЙ-
УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ: Сүүлийн үед УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирж байгаа саналыг нэгтгээд үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй саналууд байна. Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа санаачлаад өнөөдөр "Сонгуулийн тогтолцоо ба Үндсэн хууль" сэдэвт хэлэлцүүлэг хийж байна. Үндсэн хуульд шууд нэмэлт өөрчлөлт хийх боломжгүй ч эдгээр хүмүүс санал гаргах эрхтэй. Өнөөдрийн Монгол Улсад байгаа Үндсэн хууль нь улс төр, нийгэм, эдийн засгийн харилцааг бүрэн утгаар нь зохицуулж чадахгүй байгаа гэдгийг хэлсээр ирсэн. Ерөнхийлөгчтэй зөвлөлдөж бусад улс төрийн намуудтай хамтран хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд боломжтой. Учир нь 2019 оны Үндсэн хуульд Сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос өмнө нэг жилийн өмнө өөрчилж болохгүй гэж заасан. Энэ хугацаа 2023 оны тавдугаар сарын үед болно. Тэр хүртэл бүтэн нэг жилийн хугацаа байна. Хууль зөрчихгүйгээр хуулийн дагуу энэ асуудлыг хэлэлцэх боломжтой.
-ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР УИХ-ЫН ДАРГАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН-
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД: Бүх улс төрийн нам сонгуулийн тогтолцоог өөрчлөх тал дээр нэг байр суурьтай байна. Олон жил ярилаа. Одоо үйлдэл хийх хэрэгтэй. Хөдөлмөрийн үндсэн намын зүгээс Сонгуулийн тогтолцоо болон холбогдох Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар Улсын Их Хурлын даргад шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг хүлээн авснаа холбогдох Байнгын хорооноос хүлээн авснаа мэдэгдээд байна. Энэ долоо хоногоос эхлээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах процессыг хуулийн дагуу эхлүүлнэ. Гишүүд дэмжихээ илэрхийлсэн. Энэ бол Монголчууд өмнөх 30 жилийн амьдрал, стресс бухимдалтай нийгмээ үр хүүхдэдээ үлдээх үү эсвэл ирэх 30 жилдээ эрүүл нийгмийг үлдээх үү гэдэг сонголт дээр тулж ирээд байна. Үүнийг шийдэх цаг хугацаа нь яг одоо.
Сэтгэгдэл ( 1 )
Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй. Ялангуяа энэ халтар.