Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар смарт карт” компани нь бүх тооцоогоо БНСУ руу явуулдаг, шалгалт оруулдаггүй тул картыг нь хэрэглээнээс халах талаар хэлсэн. Тэгвэл “Улаанбаатар смарт карт” ХХК-аас өнөөдөр (2022.05.19) хэвлэлийн хурал хийлээ.
"Улаанбаатар смарт карт" ХХК нь нийслэлийн нийтийн тээврийн удирдлага мэдээлэл болон цахим төлбөрийн системийн төслийг хэрэгжүүлэгч компани бөгөөд үйл ажиллагаагаа явуулаад долоон жил болж буй. Энэ хугацаанд нийслэлийн төсвөөс өссөн дүнгээр 212 тэрбум төгрөгийг хэмнэжээ.
Мөн нийтийн тээврийн санхүүгийн тогтолцоо гурван хэсгээс бүрддэг аж. Картаар төлсөн төлбөр, ахмад настан болон оюутныг хөнгөлөлттэй зорчуулах нөхөн олговор, зардлын санхүүжилт буюу орлого зардлын зөрүү санхүүжилтээс бүрддэг. Зардлын санхүүжилт "Улаанбаатар смарт карт"-ын дансаар дамждаггүй, нийслэлээс автобус компаниудад хуваарилагддаг байна.
Улаанбаатар Смарт карт ХХК-ийн Санхүү удирдлагын хэлтсийн дарга Н.Уянга “Өмнө нь нийтийн тээврийн автобус компаниуд шугамын орлого болон нөхөн олговор хоёроор л санхүүждэг байсан. Энэ нь үйл ажиллагаа явуулахад хүндрэл болж байсан учраас тухайн компаниудыг дэмжиж, алдагдлыг нь төр өөрөө хүлээх байдлаар тогтоол гаргаад, түүнийхээ дагуу явж байгаа.
Уг нь энэ алдагдлаа бууруулах боломж бий. Энэ талаар бид нийт 53 удаагийн санал, зөвлөмжийг хэрэгжүүлэгч агентлагаар нь дамжуулан нийслэлд өгсөн ч нэгийг ч ажил хэрэг болгоогүй.
Бүтэн долоон жилийн турш хуримтлагдсан дата мэдээллийг бодлого төлөвлөлтдөө хэрэгжүүлэхгүй байгааг гайхаж байна. Дата мэдээллийг ашиглаад нийтийн тээврийн маршрутаа оновчтой төлөвлөлт хийх бүрэн боломж бий. Энэ боломжийг ашиглаж, дата мэдээллээ бодлого төлөвлөлтдөө ашиглахгүй мөртлөө алдагдлын асуудлаа төлбөр тооцооны систем нэвтрүүлж байгаа компани руу чихээд байгаа нь ямар үндэслэл, хэний эрх ашиг вэ гэдгийг асуумаар байна.
Өнөөдөр нийтийн тээвэр нэг цэгээс нөгөө цэгт хүрэхэд маш олон чиглэл давхцаж байна.
Ганцхан жишээ хэлэхэд, "Таван шар"-аас Саппорогийн автобусны буудал хүртэл нийт 27 чиглэл давхцаж байгаа юм. Гэтэл нэг чиглэлд доод тал нь найман автобус явдаг гээд бодоход хэчнээн автобус нэгдүгээр эгнээгээр зорчино гэсэн үг вэ? Энэ асуудал нийтийн тээврийн салбарын алдагдлыг үүсгэж, давхар авто замын ачаалалд маш их нөлөө үзүүлж байгаа" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )