Хүүхдүүд ТОГЛООМГҮЙ талбайд төсөөллөөр тоглож байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Улаанбаатар хотод байгаа ихэнх хүүхдийн тоглоомын талбайг дүрслэхэд ядах юмгүй. Хатуу цемент дээр суурилуулсан гулсуур, олс нь тасарсан савлуур, тамхины цэг болсон саад, хоёр гурван сандал... “Ядмаг ч гэсэн ийм талбайтай байгаа нь аз юм даа” гэж хэлмээр ийм тоглоомын талбай хотод хаа нэг л үзэгдэнэ.

Хатуухан хэлэхэд бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын нийслэл болох энэ хот хүүхдэд ээлгүй байна. Үүний нэг жишээ нь тэдэнд тоглох талбай ховор.

-КОЛЬЦОГҮЙ ШИЙДЭНД ТӨСӨӨЛЛӨӨР ТОГЛОЖ БАЙНА-

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 5-Р ХОРОО

-Орон сууцнуудын дунд байрлах сагсны талбай дээр хүүхдүүд харагдана. Тэд гартаа бөмбөг барьсан байх боловч шийд нь кольцогүй. Тэднээс ийм талбайд яаж тоглож байгааг асуухад "Энэ хавьд сагсны талбай ховор. Бид нар сагс тогломоор байгаа болохоор төсөөллөөрөө л тоглочихдог юм" гэлээ.  Хүүхдүүд чөлөөт цагаа гадаа тоглож өнгөрүүлэхийг хүсэж байгаа ч тэдэнд тоглох орчин алга. 

-ШИЙД КОЛЬЦОГҮЙ УЧРААС БӨМБӨГӨӨР "ТӨМСДӨЖ" БАЙНА-

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 2-Р ХОРОО 

ТБД андуудын зүүн талд байрлах "хуучны таван давхар" гэж нэрлэгдэх шар байрнуудын дунд төмөр тороор хашаалсан нэг л сагсан бөмбөгийн талбай байв. Шийд нь бас л кольцогүй. Энэ талбай дээр хүүхдүүд волейболын бөмбөгөөр тоглож харагдлаа. Хичээлээ тараад ирсэн нэг ангийн хүүхдүүд хамтдаа тоглож байгаа нь энэ аж. "Үүнээс өөр талбай байхгүй. Шороон дээр тоглохгүйн тулд цементэлсэн сагсны талбай дээр нь "төмсдөж" байна" гэв. 

-БАЙРНЫ БУЛАНД "ОНООГДСОН" ШИЙД-

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 25-Р ХОРОО 

"Голден парк II" хотхоны гадна хүүхдүүд бужигнаж, ахмадууд буу хална. Хотхоны дундах талбайд тоглох зайгүй машин байрлуулсан учир хүүхдүүд орцны гадна, эсвэл гараашийн хаалганы урд тоглож байлаа.  

Харин өсвөр насны хүүхдүүд байрны булангийн алга дарам жижигхэн зайд цугласан харагдав. Учир нь хотхоны сагсны "хорхойтнуудад" энэ буланд тоглох шийд оноогджээ. Гурав алхам жижигхэн талбайд тэд оройг өнгөрүүлж байна.

Гурван тоглоомын талбайгаар очиход л дээрх дүр зураг ажиглагдаж байна. Мэдээж нийслэлд байгаа бүх тоглоомын талбай ийм байгаа гэж хэлэх нь өрөөсгөл ойлголт. Гэхдээ урин дулаан цагт чөлөөт цагаа гадаа тоглон өнгөрүүлж, цахим орчноос хэсэг хором ч болтугай холдохыг хүсэж байгаа хүүхдүүдэд ээлтэй орчин бүрдүүлэх хэрэгтэй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top