Бүлгийн дарга нар ГҮТГЭХ, ДОРОМЖЛОХ заалтаар юу хэлэв!

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын бүлэг өнөөдөр /2022.05.23/ ээлжит хуралдаанаа хийсэн. Хуралдааны дараа бүлгийн дарга нар мэдээлэл хийсэн билээ. Өөрөөр хэлбэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар тус бүр хуралдаанаараа ямар асуудлыг хэлэлцсэн талаараа мэдээлсэн. 

Энэ үеэр тэд УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа, өргөн барьсан Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан "Гүтгэх, Доромжлох" заалтын талаар байр сууриа илэрхийллээ.


-ГУТААН ДОРОМЖЛОХЫГ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮЗЭХГҮЙ, ЗӨРЧИЛД ОРУУЛАХ АСУУДАЛ ЯРИГДСАН- 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН: Бид тодорхой хэмжээнд ярьж байгаа. Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ дээр хамт орж ирсэн. Ирэх долоо хоногт УИХ-аар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг нь шийднэ. Ажлын хэсэг гарна. Зөрчлийн тухай хуулийн төслийг Ажлын хэсгийг Ж.Сүхбаатар гишүүн ахалж байна. Удахгүй Эрүүгийн тухай хууль дээр Ажлын хэсэг гаргана. Энийг хооронд нь уялдуулна. Гутаан доромжлохтой холбоотой асуудлыг заавал эрүүгийн гэмт хэрэг гэж үзэхгүйгээр зөрчилд нь оруулах асуудал яригдаж байгаа. Үүнийг манай сэтгүүлчид эрүүгийн хуулиар заавал яллах гээд байна гэж битгий ойлгоорой. 

-ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСНИЙ ТӨЛӨӨ ГҮТГЭХ, ДОРОМЖЛОХ ЗААЛТААР ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ БОЛОХГҮЙ-

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ: Эрүүгийн тухай хуулиар хэвлэлд хэвлэн нийтэлсэн, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө гүтгэх гэдэг заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжийг оруулж ирж байна. Ингэж болохгүй гэж бодож байна. Тухайлбал, намайг данх гээд л хэлдэг. Үгүй ээ, хэлж л байна биз дээ. Улс төрийн албан тушаалтай, хариуцлагатай, эрх мэдэлтэй нөхдийг хэлж л байх ёстой шүү дээ. Бүх зүйл шилэн, тод байх ёстой. Энд эмзэглээд байх юм огт байхгүй. Тиймээс энэ зүйл, заалтыг дэмжихгүй, дэмжиж болохгүй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top