Цэцэгс дэлгэрч, сэтгэл гэгэлзүүлсэн урин дулаан зуны улирал ирлээ. Харин улаанбаатарчуудын хувьд ээлж дараалан халуун усаа таслуулах “хүйтний улирал” ирж байна.
Зун болохоор л алдахгүй хийдэг ажлын нэг бол иргэдийн хэрэглээний халуун усыг тасалж, дулааны шугам засварлах. Хэдийгээр ирэх өвлийн бэлтгэл ажлаа хангах зорилгоор энэ ажлыг хийдэг ч 10 гаруй хоног халуун усгүй байгаа иргэд үүнд бухимдаж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд нийт 380 км дулааны төв шугам бий. Өвлийн туршид өндөр градусын халуун ус дамжуулсан энэ шугамыг нэг удаадаа заавал зогсоож, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгадаг байна. Ингэхдээ тухайн шугам чанарын шаардлага хангаж байгаа эсэхээс хамаарч 2-14 хоногийн хугацаанд засварын ажил хийж, хэрэглээний халуун ус тасалдаг. Ингэж жил бүр дулааны шугам засварлахад 8.5 тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд энэ хөрөнгө нь "Улаанбаатар дулааны сүлжээ" ХХК-ын орлогоос гардаг аж.
Өнгөрсөн жил нийслэлд ашиглалтын хугацаа нь дууссан 100 гаруй км дулааны шугам байгааг холбогдох албаныхан хэлж байсан. Тэгвэл энэ тоо буурч, одоогийн байдлаар 84 км шугамыг засварлах ажил үлдээд байгаа аж. Учир нь Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 13 км шугамыг засварлаж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил Таван шараас 10-р хороолол хүртэл 3.6 км шугамыг бүрэн шинэчилсэн байна. Ингэснээр энэ хэсгийн орон сууцны айл өрхийн халуун усыг таслах шаардлагагүй болжээ.
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Энхтайвны гүүрээс Улсын их дэлгүүр хүртэлх шугамыг шинэчилжээ. Ингэснээр энэхүү шинэчилсэн шугамд мөн л энэ жил засвар хийх шаардлагагүй болж, халуун ус таслахгүй аж.
ЭНЭ ЗУНЫ ХАЛУУН УС ТАСЛАХ ХУВААРЬ
Сэтгэгдэл ( 0 )