Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа. Хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан. Энэ жил Алдарт эх одонгоор улсын хэмжээнд нийт 12.559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912, II зэргийн одонгоор 11.647 ээжийг шагнах тухай зарлиг гарсан юм. “Өглөөний зочин” булан одонгоо авахаар Австрали улсаас эх орноо зорьж ирсэн, дөрвөн хүүхдийн ээж Намуун-Пүрэвийн Анх-Ундармаатай ярилцлаа.
-Танд баяр хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Алдарт Эх одонгоо гардаж авсан баярт мөчид юу бодогдов?
-Сэтгэл догдолж, баяр хөөр дүүрэн байна. Ээжүүд Төрийн ордонд зэрэгцэж зогсоод одон гардах мөчөө хүлээх зуур, хоорондоо танилцаж, амьдрал ахуй, үр хүүхдүүдийнхээ тухай ярилцаад амжлаа. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийг Төрийн тэргүүн нь зарлиг гарган одонгоор шагнадаг улс орон Монголоос өөр байдаг, эсэхийг мэдэхгүй.
Монгол Улс минь цөөн хүн амтай. Тэртээ 1930-аад онд Дашдоржийн Нацагдорж “Монголын үрс олон болтугай” хэмээн шүлэглэсэн байдаг. Тэр нь хүн ам олонтой, хүчирхэг том улс болоосой гэсэн мөрөөдөл хүслийн илэрхийлэл, нөгөө талаас ерөөл байсан болов уу. Тэр үед Монголын хүн ам 500 мянга орчим байсан байх, өнөөдөр тэр тоо өсөж 3.5 сая болжээ. Насны ангиллыг авч үзвэл ихэнх нь хүүхэд залуус байна.
Мөн одон гардаж байгаа ээжүүдийн нас залуужсан нь анзаарагдлаа. Төрийн зүгээс залуу гэр бүлүүдийг дэмжсэн бодлого шийдвэрүүд гаргаж, хүү багатай зээлийн дэмжлэг үзүүлж, орон сууцны уян хатан нөхцөлтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бүхий л шатанд эмэгтэйчүүд, хүүхдүүдийнхээ төлөө “За” гэж хэлдэг, сургууль, цэцэрлэг, эмнэлэг сувиллын тоог нь нэмэгдүүлэхэд анхаарч ажил хэрэг болгодог байвал байдал улам сайхан болно. Ээжүүд ийм л зүйлийг мөрөөдөж хүсч байдгаа хоорондоо ярьж байлаа. Надтай хамт дөрөв болон 5-6 хүүхэдтэй ээжүүд одонгоо гардаж авч байгааг хараад их бахархсан.
-“Одонгоо авахаар Австрали улсаас эх орноо зорьж ирлээ” гэхийг чинь сонсоод сэтгэл огшлоо. Өөрт чинь бас тийм сэтгэгдэл төрж догдолж ирсэн байх. Тэнд суралцахаар очсон уу, эсвэл?
-Тэгэлгүй яах вэ, “Эхийн Алдар” одон авах материалаа бүрдүүлж өгснөөс хойш эх орондоо очих өдрийг бараг л хоног тоолон хүлээж байлаа. Үнэхээр их догдолж байна. Манайх хоёр хүү, хоёр охинтой. Бага хүү ой найман сартай. Манай нөхөр гурван хүүхдээ хараад Австралид үлдсэн, би “Одонгийн хүүхэд” болох бага хүүгээ тэврээд онгоцоор ирсэн, удахгүй буцна. Одонгоо зүүж Төрийн ордноос гарч ирээд олны хөл бужигнасан Төв талбайгаас нөхөр, хүүхдүүдтэйгээ холбогдоход мөн сэтгэл нь их догдолж, баяр хүргээд “Ханьдаа хайртай шүү, маш их санаж байна. Хурдан ирээрэй” гэсэн. Ер нь бол манайх Австралид гэр бүлээрээ очоод зургаа дахь жилдээ амьдарч байгаа юм. Би Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангийг 2007 онд төгссөн. Нийслэлийн цагдаагийн газарт мэргэжлээрээ 7-8 жил ажилласан. Мэргэжлээ ахиулж мастерт суралцахаар 2016 онд анх Австралид гэр бүлээрээ очсон юм.
-Танай гэр бүлийн хүн ямар мэргэжилтэй вэ?
-Миний ханийг Г.Эрхэмбаяр гэдэг. Бид Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн нэг ангийнхан. Эхлээд жирийн найзууд байсан бол оюутны амьдралд үерхэж, гэр бүл болоод 10 гаруй жил болж байна. Намайг мастерт суралцахад бүхий л ар талыг дааж хүүхдүүдээ харсан. Миний хувьд бага хүүгээ төрүүлэхээс өмнө цагийн ажил хийдэг байсан. Төрсний дараа хүүхдүүд маань жаахан болохоор нэг нь заавал хамт байж асрахгүй бол боломжгүй болсон. Одоо бол би сургуулиа төгссөн, харин нөхөр маань ажиллахын хажуугаар суралцаж байна. Тэгэхээр бид хоёрын байр солигдож, би хүүхдүүдээ харна. Иймд үргэлжлүүлээд хэдэн жил тэндээ амьдрахаар шийдсэн.
-Гадаадад байгаа ч хүүхдүүд эх хэл, ёс заншлаа мартах учиргүй. Тэнд монгол хүүхдүүд эх хэлээрээ боловсрол эзэмших боломж хэр байдаг юм бол?
-Монгол хүүхдүүдэд зориулан монгол хэл, монгол ахуй, зан заншлын хосолсон онлайн сургалт явуулдаг “Унага” сургалтын төвөөр дамжуулан хүүхдүүд боловсрол эзэмших боломжтой. Дэлхийн аль ч улс орноос цахим сургалтад нь хамрагддаг. Сургалтын онцлог нь хүүхдүүд эх хэлээ сурангаа монгол соёлоо сурах боломжийг бүрдүүлж өгсөн. Гадаадад амьдарч байгаа хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөртэй юм билээ. Түүнээс гадна танхимаар хичээллэдэг монгол сургууль Австралид бас бий. Австралийн сургуулиуд ихэнхдээ өдөр 9-15 цагийн хооронд хичээллэдэг. 15-17 цагт монгол сургуулийн хичээл ордог.
-Хүүхдүүд хэдэн настай болсон бэ?
-Том нь 12-13, дундах нь ес, хамгийн бага хүү ой найман сар буюу бараг хоёр нас хүрч байна.
-Нэмж хүүхэд төрүүлбэл нэгдүгээр зэргийн Эхийн Алдар одонгоор энгэрээ мялаах нь ээ?
-Хоёр хүү, хоёр охин тэгш заяасан хувь тавилан, үрийн заяанд талархаад баршгүй. Залуу гэр бүл болохоор одоогоор хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ өөрсдийн мэдлэг боловсролыг дээшлүүлээд авах, амьдрал ахуйгаа төвхнүүлэх гээд урт замыг тив алгасан туулж явна. Өндөр хөгжилтэй энэ сайхан орноос өөрсдийн чадах хэрээр эрдэм мэдлэгийнхээ богцыг дүүргэж, ажил, мэргэжлийн салбарт аль болох туршлага хуримтлуулж нэг л өдөр эх орондоо хүрээд ирнэ дээ. Монголчууд үр хүүхэд заяах нь бурхны бэлэг гэлцдэг, тэр цаг тохиоход тосоод авалгүй яах вэ, ерөөл юм хойно. Хүүхэд бол амьдралын их баяр баясгалан шүү дээ.
-Нутаг ус хаана вэ?
-Манайх Сэлэнгийн айл. Би Улаанбаатар хотод төрсөн. Ээж минь хүнс судлаач мэргэжилтэй. Аав минь мэргэжлийн тогооч, сайхан хоол хийдэг хүн байгаад бурхан болсон. Одоо ээж минь Дундговьд амьдарч байгаа. Би айлын дөрвөн хүүхдийн ууган, дороо нэг эрэгтэй, хоёр эмэгтэй дүүтэй.
-Австралид суралцах, ажил эрхлэх, амьдрахад орчин нөхцөл нь хэр таатай байдаг юм бэ?
-Тэнд ажиллаж амьдрахын зэрэгцээ мэдлэг боловсролоо дээшлүүлж суралцахад орчин нөхцөл нь тохь тухтай. Цалин хөлс нь ч боломжийн. Гэхдээ гадны иргэдэд ямар нэгэн дэмжлэг, туслалцаа олгохгүй. Өөрсдөө ажил хийж, хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийн төлбөр, амьдралаа авч явна. Манайх шиг хүүхдийн цэцэрлэг олдохгүй, сугалаа сугалуулна гэсэн ойлголт байхгүй. Орчин нөхцөл нь ч маш сайхан. Харин төлбөр нь өндөр. Хүмүүсийн олж байгаа цалин боломжийн байдаг болохоор “Төлбөр нь өндөр байна” гэлгүй зохицуулаад явдаг шиг байгаа юм. Тийм болохоор монголчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс олноороо очдог юм билээ. Мөн тийшээ очихыг хүсэж, визний төрөл, сургуулиудын талаар судалж байгаа хүн олширч байгаа нь сүүлийн үед анзаарагдаж байна.
-Австрали улс, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 18-35 насны залууст зориулж долоодугаар сарын 1-нээс Австралид аялангаа ажиллах шинэ төрлийн визийг нээх юм байна лээ. Энэ талаар мэдээлэл өгвөл залууст, манай уншигчдад хэрэгтэй байна ?
-Австралийн Засгийн газар 1994 оноос хойш Монгол Улсын иргэдэд сургалтын тэтгэлэг олгосоор ирсэн юм билээ. Өнөөдрийг хүртэл тус хөтөлбөрийн хүрээнд олон зуун залуус Австралид боловсрол эзэмшсэн байдаг. 2017 оны үеэс хоёр орны хооронд тогтоосон дипломат харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд аялангаа ажиллах визтэй болох асуудлыг судалж байна гэсэн мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байсан. Учир нь Австралид жуулчнаар ирсэн зарим орны иргэн 1-3 сарын хугацаатайгаар ажиллаад замын зардлаа нөхөх бололцоотой байдаг. Тус улсын хуулийн дагуу монголчууд мөн аялангаа ажиллах боломжийг тэр үеэс эрэлхийлж эхэлсэн нь энэ онд ажил хэрэг болж долоодугаар сарын 1-нээс шинэ төрлийн визийг нээх гэж байгаа нь олон залууст мэргэжил боловсролоо дээшлүүлэх, ажлын талбарт ахиж дэвших, түүнчлэн амьдралын чанараа дээшлүүлэх үүдийг нээж өгөх байх гэж харж байна. Монгол залуус маань идэвхтэй хамрагдахын зэрэгцээ энэ визний нөхцөлийг улам сайжуулах үндэс нь хариуцлагатай байдал болохыг ухамсарлаж хичээгээрэй гэж хэлье.
-Халдварын үед Австрали улс гадаадын оюутнууд, тэнд ажиллаж, амьдарч байгаа гадны иргэдэд хэрхэн хандаж байсан бэ?
-Цар тахлын дэгдэлтийн эхний үед гадны оюутан, тэнд ажиллаж, амьдарч буй иргэдийг өөрсдийн эх орон руу буцахыг зөвлөж байсан. Сүүлд хоёрдугаар давалгаа эхлэх үеэс бүгдэд нь долоо хоногт 750 австрали доллар олгож байсан.
-Суралцахад хэлний түвшин тогтоох, түүнчлэн сургалтын төлбөрийн нөхцөл нь хэр өндөр вэ?
-Сургалтын төлбөрийн хэмжээ, нөхцөл янз бүр. Гэхдээ их сургуулийнн төлбөр өндөр, коллежуудынх бол бага. Шалгалт өгөхөд шалгуур нь тийм ч хатуу биш. IELTS 5.5 оноотой байхад орчихно. Гэхдээ мастерт сурвал илүү боломжтой. Бакалаврт дөрвөн жил сурахад, төлбөр нь жилийн 30-40 мянган ам.доллар. Тэгэхээр мастерт богино хугацаанд сурах нь боломжтой санагдсан. Мөн сурах хугацаандаа 2-3 жил ажиллах эрхтэй байдгаараа давуу талтай.
-Гэхдээ амьдралын өртөг чанга байдаг шиг санагдсан. Цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж нь хэр бол. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст ямар ажлын байр олдоцтой байдаг вэ?
-Ажлын байр элбэг. Сүүлийн хоёр жил ковидын нөхцөл байдлаас шалтгаалан хүн хүч дутмаг, ажлын байрууд нэмэгдсэн. Эмэгтэйчүүд бариста, зөөгч, үйлчлэгч, ресепшн гэх мэт их төлөв туслах үйлчилгээний ажлууд хийдэг. Эрэгтэйчүүдэд барилгын салбарт ажиллах нөөц боломж элбэг. Шалны пилта шахах, гадна орчны тохижилт гэхчлэн ажлууд байдаг юм билээ. Цагаар ажиллахад монгол төгрөгөөр 60-70 мянган төгрөг олчих боломжтой.
-Монголд цар тахлаас шалтгаалан эдийн засаг хямарч, сүүлийн үед хил, гаалийн хязгаарлалтаас үүдэн хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байна. Австралид ямар байна?
-Дэлхийн бүх улс оронд эдийн засгийн байдал хүндхэн, барааны үнэ өсч байна. Австралид үнэ нэмэгдсэн ч түүнтэй зэрэгцээд хүмүүсийнх нь цалин нэмэгдсэн учраас бас ч гайгүй. Өргөн хэрэглээний барааны үнэ тийм ч өндөр биш.
-Монголынхоо залууст манай сониноор дамжуулан юу хэлэх вэ?
-Монгол хүн дэлхийн хаана ч очсон тухайн нөхцөл байдалд дасан зохицох чадвар сайтай, өөрийн мэргэжлийн чиглэлээр болоод ер аль ч салбарт ажилласан амжилт гаргах боломжтой байдгаараа онцлог. Залуустаа, англи хэл сайн сураарай. Өөр улс оронд очихдоо мэдлэг боловсролоо дээшлүүлж, тухайн орноос сайн туршлага хуримтлуулж, брэнд болох ямар нэгэн нэг зүйлийг өвлөн авч, эсвэл өөрийн болгож сурч ирээд эх орноо хөгжүүлээрэй гэж уриалъя.
Ч.ҮЛ-ОЛДОХ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Al bol darvailttai biz haha
Xariin orond surax xuuxduudee xumuujuulex geed alba aminii ajliig xosluulan amjilt buteeleer duuren baigaa erxemseg busguid aldart ex bolsond ni bayar xurgei
Баяр хүргье.их зүйл сураад эх орондоо ирээрэй