АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С. Клеческитэй ярилцлаа.
-Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд та нэлээд идэвхтэй ажиллаж байгаа тань олон зүйлээс харагдаж байна. Таны бодлоор манай хоёр улс ямар салбарт хамтран ажиллавал илүү үр дүнтэй вэ?
-Ардчилал, тусгаар тогтнол гэдэг нарийн төвөгтэй, олон талт ойлголт, институц. Тиймээс бид олон салбарыг чухалд авч үзэн, өргөн хүрээний асуудлаар хамтран ажиллахыг хичээдэг. Энэ нь биднийг их завгүй байлгадаг шүү. Манай хоёр улсын харилцааны дөрвөн үндсэн тулгуурын талаар би ярих их дуртай. Эдгээр тулгуур бүрд бид бат бэх харилцаа бий болгосон байдаг. Энэ дөрвөн тулгуур баганаас бидний хамгийн их ач холбогдол өгдөг нь эдийн засгийн салбар юм. Эдийн засгийн тулгуур нь дотроо мөн хоёр хуваагдана.
Нэг нь хоёр орны хооронд хийж буй худалдаа бол нөгөө нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын салбарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх явдал юм. Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулснаар гадаадын хувийн хөрөнгө оруулагчдыг Монгол Улс руу татах боломж бүрдэнэ.
Хоёр дахь тулгуур багана нь иргэд хоорондын харилцаа юм. Энэ нь мөн хоёр гол хэсэгтэй, цаашаа бусад жижиг хэсэгт хуваагддаг. Эхний томоохон хэсэг нь боловсролын салбарын хамтын ажиллагаа юм. Бидний зүгээс Америкт суралцахаар сонирхож буй залуусыг ихэд дэмждэг. Учир нь, АНУ-ын их, дээд сургуулиуд чанартай боловсрол олгодог бөгөөд бид монгол оюутнуудыг тэнд суралцах боломжоор хангахыг хүсэж байна. Харин хоёр дахь нь англи хэлний сургалт юм. Бид англи хэлний багш нарын заах арга зүйн чадварыг сайжруулахад ихээхэн ач холбогдол өгч байна. Учир нь, тэд илүү олон монгол хүнийг англи хэлээр ярьдаг болоход хувь нэмрээ оруулах бөгөөд улмаар хоёр талын харилцааг улам нэмэгдүүлэх нөлөөтэй.
Гурав дахь тулгуур нь цэргийн хамтын ажиллагаа. Энэ салбарт ялангуяа энхийг сахиулах чиглэлээр манай хоёр улс олон жилийн турш хамтран ажиллаж, монгол энхийг сахиулагчдыг АНУ-ын зүгээс дэмжиж ирсэн нь хамтын ажиллагааны нэг тод жишээ. Хамтын ажиллагааны уг салбар нь АНУ болон Монгол Улсын аль алиных нь хувьд чухал ач холбогдол бүхий салбар юм.
Дөрөв дэх багана нь хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагаа. Энэ нт харьцангуй шинэ салбар юм. Цар тахал эхлэхээс өмнө АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Хар тамхитай тэмцэх албаны ажилтнууд Монголд ирж, Монголын цагдаагийн байгууллагатай хамтран хар тамхины хууль бус наймаатай тэмцэх чиглэлээр сургалт явуулдаг байсан юм. Монголын хар тамхины хууль бус наймааны асуудал цаашдаа ноцтой болох магадлалтай учраас үүнд ихээхэн ач холбогдол өгч хамтран ажиллаж байна.
Дөрвөн гол тулгуураа би сая дурдлаа. Үүнээс гадна өөр нэг зүйлийг онцломоор байна. АНУ-ын Мянганы сорилтын корпорац Улаанбаатар хотын усны бүхий л асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгааг та бүхэн сайн мэдэх байх. Тус байгууллагаас улс орнуудад нэг асуудлаар нэг л хөтөлбөр хэрэгжүүлдэг бол Монгол Улсад хоёр дахь компакт гэрээний хүрээнд хэрэгжиж байна. Эхнийх нь 285 сая ам.долларын буцалтгүй тусламж байсан бол энэ удаа 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар төсөл хэрэгжүүлж байгаа.
Энэ бүх санхүүжилт шууд төсөл хөтөлбөртөө зарцуулагдах бөгөөд зээл биш юм. Зээл бол өр болж үлддэг, харин энэ санхүүжилт нь буцалтгүй тусламж юм. Ерөнхийдөө дүгнээд хэлэхэд, бидний харилцаа өргөн хүрээг хамардаг. Өөр өөр салбарт хамтран ажиллаж байгаа ч эцсийн дүндээ энэ бүх хамтын ажиллагаа нь Монголын ардчилал, эдийн засгийн хараат бус байдал, тусгаар тогтнолыг дэмжих зорилготой.
-Ер нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа ямар түвшинд байдаг вэ? Бараа эргэлт хэд орчим төгрөг, эсвэл ам.долларт эргэлддэг вэ? АНУ-ын зах зээлд нийлүүлж болох Монголын бараа, бүтээгдэхүүнээс дурдаач гэвэл та юуг нэрлэх вэ?
-Эдийн засаг болон худалдаа нь манай хоёр талын харилцааны хамгийн чухал салбар болох тухай би дээр дурдсан. Учир нь, хоёр талд харилцан ашигтай байдаг. Мөн эдийн засгийн хараат бус байдлыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. 2019 онд манай хоёр улсын худалдаа хамгийн өндөр өсөлтөд хүрсэн. Цар тахлаас шалтгаалаад буурсан ч 2021 онд дахин сэргэсэн нь цаашид өсөх боломжтой юм байна гэсэн өөдрөг төсөөлөл бидэнд төрүүлж байна.
АНУ-ын шууд хөрөнгө оруулалтын үлдэгдэл дүн 2020 оны эх гэхэд 779 сая ам.доллар хүрч түүхэн дээд хэмжээндээ хүрснийг дурдахад таатай байна. Украины нөхцөл байдлаас болж бага зэрэг буурсан ч эдийн засгийн төлөв байдал өсөлттэй байгаа нь мөн эерэгээр харах шалтгаан. Түүнчлэн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөөд байна. Үүнээс гадна Оюу Толгой төсөл хэвийн үргэлжилж эхэлсэн нь олон улсын хамтын нийгэмлэг, олон улсын болон Америкийн хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалт хийх боломжтой улс гэсэн эерэг дохиог өгч байна.
Өөр нэг онцлох зүйл нь, АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпорац гэж байгууллага бий. Энэ корпорацын зүгээс Монголын үйлдвэрлэгчдийг дэмжиж, дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлээд нэмүү өртөг шингээн, гадаадад гаргах төслүүдийг дэмжиж байгаа. Ямар төрлийн бараа бүтээгдэхүүн АНУ-ын сонирхлыг татах вэ гэвэл миний санаанд хоёр зүйл шууд бууж байна. Эхнийх нь ноолуур. Хөгжлийн санхүүжилтийн корпорацаас ноолуурын хоёр ч компани зээл авсан байдаг. Нөгөөх нь мэдээллийн технологийн салбар. Би сүүлийн үед мэдээллийн технологийн хэд хэдэн томоохон компани, мөн бүтээлч санаа бүхий стартап компаниудтай ч танилцсан. Ялангуяа БНХАУ хилээ бүрэн нээгээгүй байгаа энэ үед мэдээллийн технологийн салбарыг биеээрээ хил хязгаарыг давах шаардлагагүйгээр хөгжүүлэх боломжтой салбар юм. Дүгнэж хэлэхэд, аль хэдийн АНУ-д танигдаж, нэр хүндтэй болсон бүтээгдэхүүнүүд байгаа нь дараа дараагийн эерэг боломжийг олж харах шалтгаан болж, итгэл төрүүлж байна.
-Одоогоор хоёр улсын Засгийн газар хооронд ямар төсөл, яриа хэлэлцээ яригдаж байгаа вэ?
-Маш олон боломж харагдаж байна. Ерөнхийдөө хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байгаа. Одоо хэрэгжиж буй төслүүдээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг онцолж болох юм. Уг хөтөлбөр их ирээдүйтэй. Мөн англи хэлний хөтөлбөрүүд нилээд хэд бий. Саяхан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас эрчим хүчний засаглалыг сайжруулах шинэ хөтөлбөр зарласан. Үүнийг цааш нь боловсруулж хэрэгжүүлнэ. Үүнээс гадна ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломж маш их бий гэж харж байгаа. Монгол Улс нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх хангалттай нөөц, бололцоо бий. Үүн дээрээ түшиглээд эрчим хүчний хараат байдлаа бууруулах бүрэн боломжтой. Тиймээс ногоон эрчим хүчний салбарт манлайлагч болох АНУ-ын хувьд уг салбар нь цаашид ч ач холбогдолтой, хамтран ажиллах боломжтой юм.
-АНУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд ямар томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна?
-35 жилийн ой гэдэг бол ололт амжилтаа тэмдэглэх болон дараачийн 35 жилийг төсөөлөх боломжийг олгож буй завшаан юм. Бид 35 жилийнхээ ойг нэгэн сайхан үйл хэргээр эхлүүлсэн. 35 жилийн өмнө дипломат харилцааны баримт бичигт гарын үсэг зурсан тэр өдрөө Монгол Улсын Боловсролын сайд бид хоёр Фулбрайтын хөтөлбөрийн гэрээг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурсан. Фулбрайт бол оюутан солилцоо болоод боловсролын салбарын томоохон хөтөлбөр гэдгийг монголчууд сайн мэдэх байх. Шинэчилсэн нэмэлт өөрчлөлтөөр бага орлоготой өрхийн хүүхдүүд энэ хөтөлбөрт хамрагдах боломжийг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлснээрээ онцлог юм.
Ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Төлөвлөгөөний дагуу үргэлжлээд явна. Хэд хэдэн ажлыг зургаадугаар сарын 15-наас долоодугаар сарын 1-ний хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, хүний эрх, эдийн засгийн хөгжил зэрэг сэдвээр баримтат киноны фестиваль зохион байгуулна. АНУ-ын Соёл, мэдээллийн төвүүд Улаанбаатар хотоос гадна хэд хэдэн аймагт бий. Улаанбаатар хот дахь төвд олон төрлийн сэдвээр цуврал лекц, яриа зохион байгуулах бөгөөд бусад төвүүдээс цахимаар оролцох боломжтой. Мөн Япон дахь АНУ-ын цэргийн хөгжмийн хамтлаг ирж, долоо хоногийн турш Сүхбаатарын талбай, Дархан хот, мөн гэр хороолол дахь “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнд тоглолт хийхээр төлөвлөөд байгаа.
Эдгээр нь уг хоёр долоо хоногийн хөтөлбөрийн гол хэсэг. Үүнээс гадна ирэх сард манай хоёр орны уламжлал болгон зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг сахиулах хамтарсан сургууль болно. Цар тахлаас өмнө жил бүр зохион байгуулагддаг байсан уг сургууль энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа учир илүү өргөн хүрээнд болно гэж бодож байна. Мөн “Технологиийн салбарын энтрепренер эмэгтэйчүүд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ хуралд НАСА-гийн эрдэмтэн асан эмэгтэй гол зочноор ирж оролцох юм. Эндээс харахад өргөн хүрээг хамарсан олон талт арга хэмжээнүүдийг ирэх сарын турш зохион байгуулахаар байна. Танай уншигчид ч өргөнөөр оролцоно гэдэгт найдаж байна. Дипломат харилцаа тогтоосны ой гэдэг олсон амжилтаа дүгнэхээс гадна, ирээдүйгээ харах боломж юм. Цаг хугацаа бидэнд нэгэн чухал мөчийг бэлэглэж байна. Тиймээс үүнийг бид тэмдэглэх нь зүйн хэрэг.
-Орос, Украины дайн дэлхий дахины анхаарлын төвд орж, хамгийн халуун сэдэв болоод байна. АНУ-ыг төлөөлж буй Элчин сайдын хувьд бус, ОХУ сурч ажиллаж байсан дипломатч хүний хувьд үүсээд буй нөхцөл байдлын талаар ямар байр суурьтай байна вэ?
-Энэ асуултыг асуусанд баярлалаа. Орос, Украины асуудал өнөөгийн хамгийн чухал сэдэв болоод байгаа нь үнэн. Хэрвээ бид хоёр ОХУ-д байсан бол та надаас энэ асуултыг асууж чадахгүй байсан байх. Учир нь, Кремлийн зүгээс бүхий л зүйлийг цензурдэж, мэдээллийн дийлэнх нь Кремлийн шүүлтүүрээр орж, чөлөөтэй хэвлэн нийтлэх, дуу хоолойгоо хүргэх боломж олгохгүй байна. Гэхдээ бүхнийг хянаж бас хараахан чадахгүй байгаа. Зарим чөлөөт дуу хоолой Кремлийн тэр зузаан ханыг нэвтэлж, бусдад хүрч чадаж байна.
Мэдээж Украины талаас өдөөн хатгасан үйлдэл хийгээгүй байхад тус улс руу үндэслэлгүй, шууд халдан довтолсноо зөвтгөх гэсэн үзэл суртлыг Кремлиэс явуулж байгаа. ОХУ-ын энэ үйлдэл харгис хэрцгий түрэмгийлэл юм. Нөгөө талаас, ОХУ-ын энэ үйлдлээс үүдэлтэйгээр дэлхий дахинд эмгэнэлтэй байдал үүсэж байна. Тухайлбал, зөвхөн Монголд ч бус, дэлхий дахинд хүнсний хомсдол үүсэх эрсдэл тулгарч, улс орнуудын аюулгүй байдалд заналхийлж байна шүү дээ. Эхнэр бид хоёр олон жил ОХУ-д амьдарсан учир олон орос найз нөхөдтэй. Таны хэлсэнчлэн, тэнд амьдарч байсан хүний хувьд бидний найз нөхөд, мөн оросын олон энгийн иргэд хэлэх үгээ хязгаарлуулж, эдийн засгийн хувьд хохирол амсах зэргээр олон бэрхшээлтэй тулгарч байгаа нь дэндүү харамсалтай.
Нөгөө талаас, ямар нэгэн улсад урт хугацаанд ажиллаж амьдарсан хүн тухайн орныхоо соёлыг хүндэлдэг, түүнд татагддаг. Орос бол агуу соёлтой орон. Ф.М.Достоевскийн “Гэм зэм”-ийг би орос хэл дээр гурван ч удаа уншиж байсан. Түүнчлэн Оросын, Зөвлөлтийн үеийн уран зургуудад дуртай. Тухайлбал, И.Е.Репиний зургууд, мөн 1920-иод оны зураачдын абстракт бүтээлүүд үнэхээр гайхалтай. Энэ бүх гайхалтай урлаг, соёлыг бүтээсэн улс орон Кремлийн явуулж байгаа улс төрийн, түрэмгийллийн буруу бодлогод өртөж буй нь харамсалтай байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс энэ түрэмгий дайныг буруутгаж дуу хоолойгоо нэгтгэх зайлшгүй шаардлагатай. Украин бол тусгаар тогтносон улс. Тусгаар тогтносон улсад халдаж байгааг миний зүгээс ч, манай Засгийн газар ч эмгэнэлтэй хэрэг гэж үзэж байна.
-Ерөнхийлөгч Жо Байден саяхан “Lend-Lease” хэмээх хөтөлбөрийг баталсан баримт бичигт гарын үсэг зурсан. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр Орос, Украины дайны нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх бол?
-ОХУ Украинд халдан довтолсноос хойш АНУ Украиныг дэмжсээр байгаа. Энэ түрэмгийлэл эхлэхээс өмнө энэ талаар манай улс анхааруулж байсан. Гэвч тухайн үед зарим хүн итгээгүй. АНУ-ын зүгээс эдийн засаг, цэрэг зэвсгийн гэх мэт олон хэлбэрээр Украиныг дэмжиж байгаа. “Lend-Lease” бол эдгээрийн ердөө ганц жишээ нь юм. Энэ хөтөлбөрийг баталж, гарын үсэг зурахдаа Ерөнхийлөгч Байден “Үүнийг хийж хэрэгжүүлэхэд хямд биш. Харин ч өртөг өндөртэй. Гэхдээ энэ түрэмгийллийг эсэргүүцэхгүй бол цаашдаа эдийн засгийн хувьд ч, олон улсын тогтвортой байдлын хувьд ч улам их хор хохирол учруулах болно” гэж хэлж байсан.
Энэ бүх түрэмгийлэл цэрэг зэвсгийн хүчээр шууд халдан довтолсноор эхэлсэн. Украинчууд яг энэ арга замаар өөрсдийгөө хамгаалсан, хамгаалж ч байгаа, эрэлхэгээр гэж би нэмж хэлмээр байна. Нөгөөтэйгүүр, ОХУ зөвхөн цэргүүд рүү бус энгийн иргэд рүү гал нээж, цэргийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа. Үүнийг нь батлах баримтууд ч ил болж байна. Тэгэхээр Оросын харгис түрэмгий зэвсэгт халдлагыг сөрөн зогсож буй Украиныг дэмжих “Lend-Lease” хөтөлбөрийг буруутгах үндэслэл байхгүй байх гэж бодож байна.
-Элчин сайдаар томилогдсоноосоо хойш хэрэгжүүлсэн томоохон төсөл, үйл ажиллагааныхаа талаар товчхон дурдвал?
-Энэ цаг үед АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаагаа ихээхэн аз завшаантай хэрэг гэж үздэг. Учир нь 2019 онд хоёр орны хооронд стратегийн түншлэл тогтоож, баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Түүнээс хойш хамтын ажиллагааны бодитой шинэ салбарууд бий болж, үйл ажиллагаа ч идэвхжиж эхэлсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тухайн үед Ерөнхий сайд байхдаа АНУ-д айлчилж, уг түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурах ажлын эхлэлийг тавьсан. Мэдээж, КОВИД-19 дэгдсэн нь хэний ч хувьд таатай байгаагүй. Гэхдээ нөгөө талаас цар тахлын үед АНУ-аас Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд туслах зорилгоор нэлээд хэмжээний тусламж үзүүлсэндээ бид баяртай байдаг. Тухайлбал, Файзер вакцин их хэмжээгээр, мөн сайн чанарын амьсгалын аппарат 50 ширхэгийг нийлүүлээд зогсохгүй холбогдох мэргэжилтнүүдийг сургах сургалт зохион байгуулсан. Хувийн хамгаалах хэрэгсэл ч олон тоогоор нийлүүлсэн. Зөвхөн эд бараа, тоног төхөөрөмжийн тусламж гэхээсээ илүүтэй бид өөрсдийн сайн туршлага, мэдлэгээсээ хуваалцаж байлаа. Үүнийг бас нэг амжилт гэж хэлж болох байх аа.
Үүнээс гадна миний дурдаагүй өнгөрсөн нэг томоохон хөтөлбөр бий. Энэ бол таван сая ам.долларын өртөгтэй “Хүүхэд хамгааллын компакт гэрээ” юм. Уг төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүүхдэд тулгамддаг бэрхшээл, асуудлын шийдлийг олж тогтоох, тэдэнд туслахаас гадна, энэ чиглэлээр ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн төрөл бүрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой төсөл юм..
Түүнчлэн би “Саарал жагсаалт”-ын талаар дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Нэг үе Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон байсныг бид бүгд санаж байгаа. АНУ-ын зүгээс мэргэжлийн туслалцаа үзүүлж, уг жагсаалтаас гарах шаардлагыг хангах талаар мэргэшсэн хүнийг Монголд авчирч ажиллуулсан. Тэр мэргэжилтэн маань ихээхэн хувь нэмэр оруулж чадсанд бид баяртай байгаа. Мэдээж, чухал, шаардлагатай шийдвэр, алхмуудыг Монгол Улсын Засгийн газар хийсэн.
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох ФАТФ-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх тал дээр тодорхой арга хэмжээ авч ажиллахгүй байна гэж үзсэн улс орнуудыг “Саарал жагсаалт”-д оруулдаг. Уг жагсаалтад орсон улс орнуудад эдийн засгийн хувьд хүндхэн нөхцөл байдал үүсэж эхэлдэг. Бидний зүгээс Монгол Улсыг эдийн засгийн хүнд байдалд оруулахгүйн тулд, мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа явагдахаас сэргийлэхийн тулд системийг нь сайжруулах зорилгоор тусалсан.
-Таны бодлоор хоёр улсын харилцааны хамгийн чухал үндэс нь юу вэ?
-Монгол Улс чөлөөт зах зээл бүхий ардчилсан улс гэдэг нь үнэхээр манай хоёр улсын харилцааны хамгийн чухал үндэс суурь. Монгол Улс эдийн засгийн хувьд хараат бус байж, үүнийхээ төлөө тууштай чармайж байгаа нь бидний харилцааны чухалчлан авч үзэж буй зорилго. Дээр дурдсан чөлөөт эдийн засаг, ардчилсан тогтолцоо бол бидний хамтын үнэт зүйлс юм. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, цензур нөлөөгүй интернет зэрэг хамтын үнэт зүйлс гэдэг бидний харилцааны зарчмуудыг тодорхойлж байна гэж хэлж болно.
Нөгөө талаас, АНУ-аас Энэтхэг-Номхон далайн бүсэд баримтлах бодлого буюу алсын харааг тодорхойлсон баримт бичиг байдаг. Үүний зорилго нь Энэтхэг-Номхон далайн бүсийг эрх чөлөөт, нээлттэй бүс байлгахад оршдог. Монгол Улс энэ бүс нутгийн нэгээхэн хэсэг учраас уг стратегид хамаардаг. Тэгэхээр энэ ч бас бидний харилцааны үндэс суурь болох хүчин зүйл юм.
-Дипломатч хүнд байх ёстой хамгийн чухал чанарыг та юу гэж боддог вэ?
-Ганцхан бус хэд хэдэн шинж чанарын бүрдэл байж сайн дипломатч болох байх гэж бодож байна. Нэгдүгээрт, хоёр тал аль аль нь хожоотой байх нөхцлийг олж харах буюу зөвхөн өөрийн улс орны эрх ашгийн төлөө ажиллах биш, сууж буй орныхоо хувьд юу чухал гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Өөрийнхөө улсаар бахархахаас гадна ажиллаж, амьдарч буй улс орныхоо талаар гүн гүнзгий ойлголттой байх ёстой. Та бүхэн миний нийгмийн сүлжээнээс анзаарсан бол би үргэлж л гадуур явж, Монгол орны талаар илүү ихийг мэдэж, сурахыг хичээдэг. Энэ нь миний сая хэлсэн хоёр дахь чанарын илрэл болов уу. Нөгөөтэйгүүр, өөрийнхөө болон сууж буй орныхоо зорьж, тэмүүлж буй гол зүйлсийг байнга санаж байх ёстой. Монгол Улсын хувьд ардчилал, чөлөөт зах зээл, мөн эдийн засаг, улс төрийн хараат бус байдал, тусгаар тогтнол нэн чухал байдаг. Эдгээрийг үргэлж санаж, түүний төлөө уйгагүй ажиллах нь дипломатч хүнд байх ёстой чанар гэж бодож байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 21 )
Алуурчин америкаас юу ч битгий ав.
Хэнээс ч юүү ч гуйлгачилмааргүй байнаа. Тэр тусмаа Юү Эс Ай гаас үнэгүй буцалтгүй тусламж авмааргүй байна. 5 р станцаа яаралтай барьчихяа. Дотоодод асар их мөнгө сул эргэж байна шд. Нүүрсний ганц сайн чадалтайхан станц барья
bidend OROS HYTAD gesen aguu Gurnuud bna.muhuj sunuj yvaa ynkuudaas guihgui.ta nar delhiud gadaad uruuruu terguuldeg busdaaraa uruudaj yvaa gedgee sanaj yv novshiin fashist nato
bidend OROS HYTAD gesen aguu Gurnuud bna.muhuj sunuj yvaa ynkuudaas guihgui.ta nar delhiud gadaad uruuruu terguuldeg busdaaraa uruudaj yvaa gedgee sanaj yv novshiin fashist nato
thanks usa
Эд нар яаж оросоос манай холбоог таслах вэ.гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байна.Манай эрчих хүч энэнд ямар хамаа байнаа.
Good luck dear
Азизовын дэргэд дипломатч юмаа, амжилт хүсье
ANU-delhiin tsagdaa...ene uls bgaagui bol delhii tamiin togoo bolson,mnai uls ch udiid 2 hursh ,ali hediin huvaagaad hurtsen bgaa gdgiig l medeh heregtei !!! uur olon yum yrih shaardlaggui yumdaa !!!
Jinhene diplomatch mundag hun shig sanagddag. USA bol manai 3 dagch hursh. Uzel sanaanii naiz nuhur yum. Odoo businessiin tunsh bolj urtgutgumuur l baina. Uun deer bid uursduu idevhtei sanaachlagatai baimaar l baina. Amerikchuud l sudalgaa hiij sanaachlaga gargaj baigaa yum shig baih yum.
Америкууд унэхээр мундаг юмаа..манай компаниудтай уулзсан байна штээ..оор орны элчин сайдууд ийм бутээлч идэвхитэй байхыг мэдэж сонсоогуй..энгийн богоод бутээлч хамтын ажиллагаа л маш чухал..бас боловсролын тал дээр тууштай сайн ажиллаж маш их эдийн засгийн тусламж узуулж байна.
Пизда энэ троллуудын бичиж байгааг харахаар ой гутаж байна. Та нар эх орноо хэдээр худалддаг вэ?
Яанкийн араншинг манайхан мэддэг болсон нь сайн хэрэг
МАНАЙХ 3 ДАХЬ ХӨРШИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛНЭ, ТҮҮН ДОТОР АНУ ОРНО Л ДОО! ГЭХДЭЭ БИДЭНД 2 ХӨРШИЙН ХАРИЛЦАА ТЭРГҮҮЛЭХ ТҮВШИНД, ХАМГААС ЧУХАЛ НЬ БАЙХ БОЛНО ГЭДГИЙГ ОЙЛГОХ ЁСТОЙ!
Odoo ta nariin zaaj zaavarlaj baidag ve ongorson shuu ynkuudaa. Ta nariin ter mongoliig oros hyatadiin esereg tavij bid nariig horshuudtai muuduulah sonirholiig chin medej bna. Oros bol manai tusgaar togtnoliin batalgaa shuu. Amerikuud bol ene delhiin gai gamshig shuu.
.Хэдэн доллар шидчих ээ .Бид нүүрсний уурхай дээрээ ЦС баръчихмаар байна. Бүү гошгируулж үзээрэй дээ.3 дахь хөрш л юм бол шүү.
Монгол улсын 3 дахь ч хөршийн бодлого бий. Энэ нь тус улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Монгол хүчирхэг, эдийн засаг нь хараат бус байлгахыг 3 дахь ч хөрш л хүснэ. Орос, Хятад хоёр хараат л байлгахын хүсэж уг бодлогоо хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байна, хэрэнжүүлсээр байх биз ээ!
Yankuud Mongol ruu alham alhamaar geteed l baina .Amerik baigaa gazar horlon suitgelt dain dajin bolj baidgiig ogloo bur sanaj bai .Mongolchuudaa yu unen be enel unen .Battsetseg daldgar avgai Amerik gej daldganaj altsagnadgaa bolih heregtei shuu daldag saidiin bogloos avgai anhaaraarai
Энэ муу янк бас яс хаяаастай. Зүгээр л зайлараай лалар минь. Манай улс танай Америктай Америкгүй хоёр хөрштэйгээ эдийн засаг бизнессээ болгоод ирсэн . Хойшдоо ч болно. Хуцдаг новш вэ
Эрхэмсэг Ноён Клеческий гуай Монгол улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс хэт их орж дотоод байдлыг үймээн самуун, бослого тэмцэлд оруулахын тулд АН ын нөхдийг санхүүжүүлж зааварлаж байгаа тань Монгол улсын ҮАБ д заналхийлж байгааг энэ ялдамд дуулгая. Өдгөө Монгол улсын хүн АНУ ын энэ мэт ёс зүйгүй үйлдлүүдийг хэдийнээ мэддэг болсон тул ач холбогдол өгөн дагаж дуурайдаггүй болжээ. Учир нь 2008-7-1 ний өдөр танай улсын заавраар АН улс орныг бослогод өдөөн турхирсан боловч амжилт олоогүйг сануулах юун.
Хувь хүний хувьд дүгнэхэд Элчин сайд маань хүний эрх чөлөө, шашин шүтлэгийг дэмжих чиглэлээр их ажил хийсэн гэж боддог.