Хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, бүрэн эрхт тусгаар улсаа байгуулахаар 1990 оны цагаан морин жил Монголчууд босон тэмцсэн билээ. Монгол үндэстний сэргэн мандалтын баталгаа болсон Ардчилсан нийгмийг байгуулахаар 21 жилийн шаргуу хөдөлмөр тэмцлийг Монголын ард түмэн өрнүүлснээр тодорхой амжилтанд хүрээд байгаа ч улс үндэсний эрх ашгийг уландаа гишгэн зөвхөн ажил албан тушаалтай байх сонирхолдоо хэт автсан посткоммунистуудын хар гайгаар ардчиллын цагаан морин жилинн хувьсгал байнгын чөдөртэй явж ирлээ.
Гэвч ард түмний хүсэл зориг, тэмцэл зүтгэл талаар болсонгүйгээр барахгүй Ази тивийн цээжинд сонгодог ардчилсан нийгэм байгуулж төлөвшүүлэхээр ажиллаж буй амжилтыг дэвшилт хүн төрөлхтөн баярлан харж сууна. Энэхүү хөгжлийн эерэг сайхан үр дүн, амжилттай зэрэгцэн өвөг дээдсийн үлдээж өгсөн газар шорооноос арвин их баялаг гарч ирсэн нь Монголчууд мандан бадрахын тэнгэрийн дохио гэлтэй.
Бид бүгдийн хамтдаа зүтгэн байгуулж буй ардчилсан нийгмийн хөгжил төлөвшил нь байгалийн баялгаа яаж ашиглахаас хамааран тодорхойгүй байдалд орох гадаад, дотоод нөхцлүүд бүрэлдээд байгааг анхааралтай ажиглаж сонор сэрэмжтэй байх ёстой.
Ардчилсан нийгмийг улс орондоо цогцлоон байгуулж хөгжил цэцэглэлтэнд хүргэх гол баталгаануудын нэг бол яах аргагүй шударга сонгууль, мөн цаг үетэйгээ нийцсэн оновчтой сонгуулийн систем, Сонгуулийн хууль юм. Монгол улсад өнөөдөр мөрдөгдөж буй Сонгуулийн хууль нь амьдралд нийцэхгүй байна гэдэг нь 2008 оны 7-р сарын 1-ний эмгэнэлт явдал батлан харуулсан билээ. Сонгуулийн систем, сонгуулийн хуулийн төгөлдөршлийг нэн даруй хийнэ хэмээн зарлан тунхаглаж байсан посткоммунистууд өнөөдөр үндэсний эрх ашгаас өөрсдийн өчүүхэн эрх ашгийг өндөрт тавьж, хэлж, ярьж, амлаж байсан амлалтаасаа буцан ард түмнээс урваж байгаа нь юутай ичгүүртэй вэ? Үргэлжийн дайн байлдаан, самуунтай байдаг Африк тивийн омгийн засаглалыг Монголд бэхжүүлэн төлөвшүүлж, орон нутгийн нөлөө бүхий хүмүүсийг худалдан авах замаар сонгуульд санал цуглуулах зорилготой ядруухан сэтгэлгээтэй посткоммунистууд та бүхэнд улс үндэстний нийтлэг эрх ашгийг бодож ажиллахыг анхааруулан сануулж байна.
Сонгуулийн өрсөлдөөнөөс хээл хахуульд идэгдсэн хүмүүс ялагчаар тодроод байдагт ард түмэн уурлан бухимдаж нийгмийн тэсрэлт үүсгэдгийг дахин дахин анхааруулж байна.
Манай улс орны эдийн засагт байгалийн баялгаас орох сул орлого нэмэгдэх хандлага бий болоод байгаа бөгөөд энэхүү орлогыг улс орны аж үйлдвэржилт, технологийн хөгжил рүү чиглүүлэхээс илүүтэй ивээгчийн дүр эсгэн тараан өгөх замаар өөрийн бүлэглэл, мэдлэг чадваргүй алиа салбадайдуудаа хамгаалан үлдэх сонирхлоо илэрхийлээд буй нь юун харамсалтай вэ.
МАХН, одоогийн МАН нь сүүлийн 20 жил төр засгийн дээд, дунд, доод эрх мэдлүүдийг дангаар эзэмшиж ирснээр 200.0 мянган гаруй идэр насны охид хөвгүүд маань эдийн засгийн цагаач болон гадаад улс орнууд руу зугтаж, ядуурал гуйлангачлалын хар сүүдэр улс үндэстнийг маань нөмөрч, онгон дагшин байгаль, дэлхий ээж сүйдэн, ус мөрөн, булаг шанд ширгэж, нийслэл хот маань утаа униар, хэрүүл уруулд баригдан гэмт хэргийн үүр уурхай болоод байна.
Монголчуудын материаллаг болон оюун санааны ядуу зүдүү байдал, мөн төөрөгдөл, мэдээлэл муутайг далимдуулан төрийн болон авлигаар олсон мөнгө хөрөнгийг ардуудад тараан, буянт хүний дүр эсгэхийн зэрэгцээ долгинохоос өөр мэдлэг чадваргүй хань хамсаатнаа төр засгийн албан тушаалууд дээр улс төрийн томилгоо нэрээр тохоон томилж өөрсдийн байр суурь, эд хөрөнгөө хамгаалан арвижуулж, бид бүгдийн гэрэлт ирээдүйг хулгайлж байна.
Төр засгийн эрх мэдлийг олон жил атгаж буй посткоммунист дарга нар нийгмийн зүгээс хүлээх дэмжлэг бага байх тусам өөрийн бүлэг, намдаа ухаангүй хайртай болж төрийн болон авлигаар олсон мөнгөө хайр найргүй цацан албан тушаалдаа дуртай барлагуудаа хагас цэрэгжсэн нарийн зохион байгуулалтанд оруулан сонгууль будлиантуулж ирсний хар гайгаар 7-р сарын 1-ний эмгэнэлт үйл явдалд хүргэсэн. Мөн улс үндэстнийхээ хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн халуун сэтгэл, итгэл үнэмшлээр дүүрэн бидний ахмад үе, аав ээжийн нам болох МАХН одоогийн МАН нь албан тушаал, ашиг хонжоо хайгч төрөөс төрсөн тэрбумтнуудын нэгдэл болсон гэдгийг мэдэж сэрэх цаг болсон.
Монголчууд бид глобалчлагдсан дэлхийн асар хүчтэй өрсөлдөөн дунд байгаа ба бидний хажууд суурин соёл иргэншилтэй, аж үйлдвэржсэн цэрэг эдийн засгийн хүчирхэг хоёр үндэстнүүд оршиж байгааг байнга санаж Монголын нийгмийн хөгжлийн хоцрогдлыг арилгах оновчтой, хурдтай, хүчтэй бодлого тодорхойлон хэрэгжүүлж чадах, үндэстний нийтлэг эрх ашгийг гүнээ дээдэлсэн үндэсний шилдэг хүмүүстээ төр засгийн эрх мэдлийг өгөх сонгуулийн системийг нэвтрүүлэх ёстой. Иймийн тулд Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд дараах өөрчлөлтийг заавал оруулах ёстой.
1-рт. 1999 онд Үндсэн хуульд оруулсан Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн Газрын гишүүн байж болно гэсэн өөрчлөлтийг цуцлах.
2-рт. Ард түмний санаа бодлыг засаглалын түвшинд бүрэн хүргэх боломжийг агуулан, үндэстний нийтлэг эрх ашгийг хангаж байдаг сонгуулийн пропорциональ системийг 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд ашиглах.
3-рт. Төр засгийн албан тушаалтан, албан хаагчдыг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулах дээр хяналт тавих олон нийтийн зөвлөлүүд зохион байгуулж, эрх үүргийг хуульчилж өгөх.
4-рт. Ажил, албан тушаалаа ашиглан төрийн мөнгөөр сонгуулийн үйл ажиллагаа явуулсан нэр дэвшигчийг хасах.
5-рт. Ард иргэдийн санал хулгайлах, нөлөөлөх, сонгууль будлиантуулсан хүнийг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн шийтгэх заалтыг оруулах.
6-рт. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хуралд байгаа намуудын гишүүний тоогоор нь дүйцүүлэн улсын төсвөөс санхүүжүүлэх.
7-рт. Улс үндэстний хөгжил дэвшил, сэргэн мандах нийтлэг эрх ашгийг дээдлэн засаглалын түвшинд заавал сөрөг хүчний төлөөллийг байлгах замаар хяналтын хөндлөнгийн тогтолцоог бүрдүүлэх боломжийг сонгуулийн хуульд суулгах.
Өнөөдөр дэлхийн их гүрнүүд Монголчуудыг өөр хооронд нь зодолдуулж байгаад ар хударгаар нь өвөг дээдсийн цусаар тамгалагдан үлдсэн газар шорооны баялгийг үнэгүй авах санаархалтай байна. Энэ үед бид нэгэн цул гар болж, сэтгэл оюунаараа нэгдэж ажиллах ёстой. Африк тивд омгийн засаглалыг хөхүүлэн дэмжих замаар омог хоорондын мөргөлдөөнийг өдөөн турхирч, араар нь алт эрдэнэсийг зөөж дуусгасан гашуун түүх байгааг олж харан ухааран ойлгоцгооё. Талын язгууртны омог бардам зантай, дэлхийн түүхийг бичиж явсан Монгол түмэн тэдний араас орж болохгүй гэдэг нь дэндүү ойлгомжтой. Монгол Улсын тусгаар тогтнол, Монгол үндэстэн орших, эс оршихын торгон энэ агшинд төр түмнийхээ төлөө зүрхээ зүсээд өгөхөөс буцахгүй гэж ам тангараг тавьж байгаа улс төрчид маань үндэстний нийтлэг эрх ашгийг дээдлэн эв эеийг хичээж:
1-рт. Энэ үеийнхнийгээ бухимдуулахгүй
2-рт. Хойч үедээ хараалгахгүй.
3-рт. Монгол үндэстний түүхийн өмнө ялтан болж очихгүй
4-рт. Мөнх тэнгэрт ивээгдсэн хүчит өвөг дээдсийн сүнсийн өмнө нүгэлтэн болж бөхийхгүй л гэж бодож байгаа бол нийгмийн санаа бодлыг зөв мэдэрч, бие биесээ хүндэтгэн, ухааны цар хүрээгээ тэлж, уужуу тайвуу, найрсаг сэтгэлээр Монгол эх орныхоо төлөө өөрийгөө зольж амьдрах цаг ирлээ.
Иргэн Б.Зоригтхүү
Сэтгэгдэл ( 1 )
Найруулга сайн хийсэн байна \n\n