-Чи МАН-аас урваж орж ирчихээд юу яриад байгаа юм. Чи надтай ярьж тохирсон биз дээ-
Улс төрийн хоёр дахь нам гэгддэг АН-ынхан хоёр хуваагдсан шиг УИХ дахь бүлэг нь хүртэл хоёр хуваагдаад удаж байна. Намын дотоод хагарал, тэмцлээс болж УИХ дахь АН-ын бүлэг нь үйл ажиллагаа явуулах боломжгүй, чадамжгүй болоод хагас жилийн нүүр үзлээ.
Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэл тэргүүтэй намынх нь зарим гишүүн Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргын суудлаас буулгахын тулд хуульд хүртэл өөрчлөлт оруулж, төсөл өргөн бариад байгаа юм.
Харин нөгөө талд Д.Ганбат гишүүн УИХ дахь АН-ын бүлгийн дарга гэх төө илүү эрх мэдлээсээ тас зуурсан хэвээр байна.
Ямар сайндаа л УИХ-ын өнөөдрийн /2022.06.03/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Ш.Адьшаа гишүүн Д.Ганбатыг бүлгийн даргын суудлаас нь буулгахын тулд өргөн барьсан хуулийн төслөө хэзээ хэлэлцэхийг асууж харагдав. Түүний хэлэхийн сонсож суусан УИХ-ын гишүүн Д.Ганбат бухимдаж, Ш.Адьшаа гишүүнийг урвагчаар нь дуудаад авах нь тэр.
УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА: УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьсан. Шалтгааныг нь та бүхэн мэдэж байгаа. АН 2020 оны сонгуулийн үр дүнгээр бүлэг байгуулсан. Бүлэг хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж, 2021 оны арваннэгдүгээр сард бүлгийн даргаа өөрчилсөн. Энэ асуудлыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ ганц бүлгийн даргын асуудал биш. УИХ-ын бүлгийн асуудал шүү. Бид зургаан сарын турш хүлээцтэй хандсан. Гэтэл шийдэхгүй байна. Хуулийн төсөл өргөн бариад ч хэлэлцэхгүй байна. Энэ цөөнхийн асуудал биш шүү. Хуулийг хэлэлцэж өгөхийг хүсэж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ: Чи одоо боль л доо. Чи МАН-аас урваж орж ирчихээд юу яриад байгаа юм. Чи надтай ярьж тохирсон биз дээ. Битгий солиороод байгаарай.
Ямартай ч УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүний өргөн барьсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс нааш АН-ын бүлэг үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй гэдэг нь харагдаж байна. Тэр хуулийг хэлэлцэн баталтал УИХ-ын гишүүн Д.Ганбат бүлгийн даргын суудлаасаа тас зуурсан хэвээр байх нь ч тодорхой уншигдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )