Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Дарен Танг-тай уулзав.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас оюуны өмчийн эрхийн хамгаалалт, эрх зүйн орчныг сайжруулахад өндөр ач холбогдол өгч ажилладгийг Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа нотолж, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, цахимжуулах үйл явцыг эрчимжүүлж, олон улсын жишигт нийцүүлэх үндсэн зорилтуудыг хөгжлийн бодлогын гол баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлж байгааг мэдээлэв.
Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас Монгол Улсын бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн инноваци, оюуны өмчийн бүтээл гаргах орчин нөхцөл, бизнест оюуны өмчийг ашиглан амжилт гаргах боломжийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн анхаарч, дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий захирал Дарен Танг илэрхийлэв.
Дэлхийн оюуны өмчийн байгууллага нь 1967 онд байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага бөгөөд дэлхий дахинаа оюуны өмчийн төрлүүдийг бүртгэлжүүлэн хамгаалах, бүртгэлийн системээр дамжуулан хамтын ажиллагааг хангах чиг үүрэгтэй. Монгол Улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 1979 онд гишүүнээр элссэн.
Сэтгэгдэл ( 0 )