Монгол Ардын нам 30 дахь Их хурлаараа “Шинэ зуун-дэвшилтэт бодлого”-ыг дэвшүүлэн мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталж, орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Мөн тус намын Удирдах зөвлөлөөс чиглэл болгосон удирдамжийн дагуу орон даяар сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Ардын намын хорооноос аймаг, сум, багийн анхан шатны 300 гаруй төлөөллийг хамруулсан сургалтыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатарт хийлээ. Сургалтын зорилго нь “Шинэ зуун-дэвшилтэт бодлого”-ыг хэрхэн хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлалыг таниулах, хүний эрхийн орчинг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэжээ. Мөн орон нутаг дахь намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтныг чадавхжуулах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхэд анхаарсан байна.
Өмнөговь аймгийн удирдах ажилтны сургалтад МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон. Тэд хэлсэн үгэндээ ”Монгол Ардын нам, бид хэн нэгэн ёс зүйгүй улстөрчийн улс төрд гарах гишгүүр, дамжаа биш. Монгол хүний төлөө, Монгол Улсын төлөө зүтгэдэг, монгол хүний болоод улс эх орныхоо эрх ашгийн төлөө ажилладаг улстөрчийг бэлтгэнэ. Үүний төлөө энэ сургалтыг зохион байгуулж байгаа” хэмээн онцлов.
Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ үеэр “Улстөрчдийн ёс зүй Монгол Улсад маш доогуур үзүүлэлттэй байна. Тиймээс бид цаашид өөрийн төлөө бус төр, ард түмний төлөө ажилладаг ёс зүйтэй, төр ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан, хүний эрхийг хамгаалдаг улстөрчийг бэлтгэх ёстой. Хүний эрх бол социал демократ үзэл баримтлалын үнэт зүйлийн нэг.
Ард түмний санал, сонголтоор төрийн эрх барьж байгаа намын хувьд МАН хүний эрхийн асуудлаас тойрч зугтахгүй. Өнөөдөр дэлхий дээр хамгийн хүчтэй эдийн засагтай, чинээлэг иргэдтэй гэж тодорхойлогддог 20-хон улс байна. Түүний 15 нь социал демократ үзэл баримтлалтай. МАН хүний эрхийг дээдэлсэн нам байхын тулд хүн төвтэй энэ үзэл баримтлалаар явахаа тодотгосон”-ыг тэмдэглэв.
Өмнөговь аймгийн хувьд Засгийн газраас дэвшүүлсэн "Хот хөдөөгийн сэргэлт" зорилтын хүрээнд Ханбогд сумыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнөөс ирээдүйн хөгжил нь ихээхэн хамаарахаар байгаа юм. Энэ төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт ажиллахдаа саяхан танилцуулсан. Тэгвэл орон нутгийн хөгжлийг хөдөлгөх удирдах албан тушаалтнууд, боловсон хүчнийг чадавхжуулах, тэднийг авлигаас ангид байх, хүний эрхийн зөрчилгүй байлгах улс төрийн зургийг МАН “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтаар ийнхүү тодотгож өгөв.
Т.ДАРХАН
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )