Гурван улсын үлгэр | 56 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-56 ДУГААР БҮЛЭГ

ЦАОЦАО ХҮРЭЛ БЯЛЗУУХАЙ ТАГТАД ИХЭД ХУРИМЛАСАН ЖУГӨ ЛЯН ЖОУ ЮЙГ ГУРАВДУГААР УДАА ТАЧААДУУЛСАН

Өгүүлэх нь: Жоу Юй, Жугө Лянгийн урьдаас Гуань гүн, Хуанжун, Вэй Янь гурван салааны цэрэг морь бүгүүлэн нэгэн зэрэг байлдсанд ихэд дарагджээ. Хуангай, Ханьдан яаран тэнхрүүлэн гаргаж онгоцонд суулгатал усан цэргийн үхсэн нь тоо томшгүй. Холоос харвал Сюаньдө Сүнь  хатны тэрэг морь дагагсад хүмүүн лүгээ цөм уулын орой дээр буй тул Жоу Юй яахин уур хүрэхгүй буй. Угаас зэвийн шарх илаар болоогүй байсанд хилэн төрсөн учир шарх лавархийгээд газарт харангадан унав. Олон жанжин даруй тэнхрүүлэн авч онгоцыг сэлүүрдсээр оргон одов. Кунмин “Битгий нэхэгтүн!” хэмээгээд Сюаньдө лүгээ Зинжоу мужид эгээд баяр хийж олон жанжин түшмэдийг хуримлан шагнав.

Тэндээс Жоу Юй Чайсанд эгсэн хойно Зяньцинь зэргийн нэгэн анги цэрэг морь Наньсюйд хүрч Сүнь Цуань мэдүүлсэнд ихэд тачаадаж Чэнпүг Дүдү болгон Зинжоу мужийг авахаар очсугай хэмээсэнд Жоу Юй бас бичиг өргөж цэрэг байгуулан хариу авмуй хэмээхүйеэ Жанжао хориглож өгүүлрүүн: “Болохгүй! Өдгөө Цаоцао өдөр шөнөгүй Улаан хавцлын хариуг авсугай хэмээвч гагц Сүнь , Лю сэтгэл нэгдэхээс эмээж тийнхүү аймшиггүй цэрэг үүсгээгүй. Өдгөө эзэн гүн хэрвээ нэгэн цагийн хилэнгээр өөр зуураа харилцан байлдваас Цаоцао эрхгүй тэр тухайг тохиолдуулан байлдахаар ирвэл улс гэр түгшүүртэй болмуй”. Гү Юн өгүүлрүүн: “Сюйдүгийн тагнуул энд үгүй хэмээн баталмуй уу? Хэрэв Сүнь , Лю хоёул нийцгүй болсныг мэдвээс Цаоцао эрхгүй хүн зарж Любэйтэй зохицомуй. Любэй зүүн Ү улсаас эмээвээс эрхгүй Цаоцао лугаа нийлмүй. Ийм болбоос Зян Наньгийн газар аль өдөр амар болох буй? Өдгөөгийн арга болбоос Сюйдү хотод хүн зарж Любэйг айлтган Зинжоу мужийн эзэн болгосугай! Тийм болбоос Цаоцао сонсоод эмээж зүүн өмнө зүг цэрэг оруулахгүй бөгөөд Любэй бас эзэн гүнд хорсохгүй болмуй. Түүний хойно итгэлтэй хүнийг зарж завсардуулах аргаар Цаоцао, Любэйг харилцан

Байлдуулсанд бид завсрыг үзэж хичээвээс энэ олох нь болой”. Сүнь Цуань өгүүлрүүн: “Юаньтаньгийн үг ихэд сайн. Гагц хэнийг зарваас зохимуй?” Гү Юн өгүүлрүүн: “Энэ газар нэгэн хүн буй. Ер Цаоцаогийн ихэд хичээнгүйлэн өршөөх нь бөлгөө. Түүнийг элч болгож болмуй” хэмээсэнд Сүнь Цуань: “Хэн буй?” хэмээн асуусанд гүн өгүүлрүүн: “Хуасинь энд буй тул яахин илгээхгүй аж?” . Сүнь Цуань ихэд баярлаж даруй илтгэл бичиг хийж Хуасиньд өгөөд Сюйдү хотод илгээхэд Хуасинь захиаг дагаж шууд Сюйдүд хүрээд Цаоцаод золгосугай хэмээвээс Цаоцао олон түшмэл лүгээ Е хошуунд хурж чуулаад, “Хүрэл бялзуухай” тагтын өлзийд баярлаж буй хэмээн сонсоод Хуасинь Е хошуунд одож золгосугай хэмээн хүлээв. Цаоцао Улаан хавцалд цэрэг дарагдснаас нааш үргэлж хариу авахыг санавч гагц Сүнь Цуань, Любэй нэгдсэн болов уу хэмээн сэжиглэж аймшиггүй цэрэг орсонгүй бөлгөө. Тэр цаг буюу амгалан байгуулагчийн арван тавдугаар оны хавар “Хүрэл бялзуухай” тагтыг барьж бүтээсэн тул Цаоцао Е хошуунд бичиг цэргийн түшмэдийг хуруулж баярын ёсоор цэнгэлдэв. Тэр “Хүрэл бялзуухай” тагт нь төв хэмээн Жанхө голын ойр буй. Төв дунд дахь хүрэл бялзуухайт тагтын зүүн этгээдэд хас луугийн тагт, жич баруун этгээдэд буй алтан гарьдын тагт тус бүр арван хос алд өндөр буй. Дээр нь хоёр гүүрийг хөндлөн барьж харилцан нэвтрэлцмүй. Мянган үүд, түмэн цонх, шар ногооныг зохируулсан нь гэв гэгээнээр гийжээ. Тэр өдөр Цаоцао тэргүүнд эрдэнэ тана шигтгэсэн алтан малгай өмсөж, биедээ ногоон хэмэрлэг луун артай магнаг дээл хасын бүс сувдан шаахай өмсөөд, өндөр дээр суув. Бичиг цэргийн түшмэд тагтын дор жагсан зогсоцгоов.

Цаоцао цэргийн түшмэдийн харвах намнахыг үзсүгэй хэмээн ойрхи ардыг дуудаж Сычуань газрын улаан хэмэрлэгийн магнаг дээл нэгэн захыг уд модны салаанд өлгөөд зуун алхмын эцэст нэгэн дүгрэг пайз босгож, бичиг цэргийн түшмэдийг хоёр анги хуваан цао овогтны төрөл угсааны хүн цөм улаан өнгөт хувцас өмсөж түүнээс өөр жанжин түшмэд цөм ногоон өнгөт хувцас өмсөөд тус бүр зурагт нум, урт сум бүсэлж морь унаад заан дохихыг хүлээнэ. Цаоцао үг зарлаж өгүүлрүүн: “Хэн хүн дүгрэгийн дундах улаан голыг оногдуулбаас даруй магнаг дээлийг хүртээмүй. Онохгүй болбоос нэгэн аяга усаар ялламуй” хэмээн үг дуусахын урьд улаан хувцастны ангиас нэгэн залуу нум барьж морь довтолгон гарч ирэв. Олон үзвээс Цаосю ажгуу. Цаосю морийг урагш хойш нисэх мэт гурван зэрэг довтолгоод сумыг онилон нумыг дүүрэн татаж харвамагц төв хийтэл улаан голыг оносонд харанга хэнгэрэг цугаар дуугаран олноор сайшаахад Цаоцао тагт дээрээс ихэд баярлаж өгүүлрүүн: “Энэ миний гэрийн мянган газар явах даага болой!” хэмээгээд хүн зарж дээлийг авч ирүүлэн Цаосюд өгсүгэй хэмээтэл ногоон хувцастны ангиас нэгэн хүн нисэх мэт гарч бархиран өгүүлрүүн: “Чансан магнаг дээлийг тавьж манай гадаад овогтоор ужрьд авуулбаас зохих бөгөөд төрөл угсааны хүн гангаар авч эс зохимуй” хэмээжээ. Цаоцао үзвээс тэр хүн Вэньпинь болой. Олон түшмэд өгүүлрүүн: “Түр Вэньжун Егийн харвах аргыг үзсүгэй!” хэмээхэд Вэньпинь морийг довтолгон намнаж нэгэн зэвд бас ч улаан голыг оносон тул олноор сайшааж харанга хэнгэргийг цугаар цохисонд Вэньпинь өндөр дуугаар өгүүлрүүн: “Хурдан магнаг дээлийг авчир!” хэмээхэд улаан хувцастны ангиас бас нэгэн жанжин нисэх мэт гараад өгүүлрүүн: “Вэньпинь урьд оносныг чи юунд булаамуй? Би таны хоёулд харваж тайлан өгсүгэй!” хэмээж нумыг дүүрэн татаж намнаснаар мөнхүү улаан голыг оносон тул олон цугаар хашхиралцахад үзвээс Цаохун ажгуу. Цаохун сая магнагийг авсугай хэмээтэл ногоон хувцастны ангиас бас нэгэн жанжин гарч нумыг өргөж өгүүлрүүн: “Танай гурвуулын харвах арга сонин бус! Миний харвахыг үзэгтүн!” хэмээв. Олон үзвээс Жанхө болой. Жанхө нисэх мэт моринд гарч гарыг эргүүлэн араар намнаснаар мөнхүү улаан голыг оноод дөрвөн сум нэгэн газарт хадагджээ. Олон хүн цөм сайшаан өгүүлрүүн: “Үнэнхүү урлаг харвалга болой!” хэмээсэнд Жанхө өгүүлрүүн: “Магнаг дээл минийх болж болмуй!” хэмээх үг дуусахын урьд улаан хувцастны ангиас бас нэгэн жанжин довтолгон гарч ирээд: “Чи бие урваж оносныг юунд тооцмуй! Би улаан голын төв дундыг оногдуулахыг үз!” гэхэд олон үзвээс Ся Хоу Юань бөлгөө. Ся Хоу Юань морийг тавьж хэмжээнд хүрээд бие мушгин нэгэнтээ харвахуйяа чив цэх дөрвөн сумны дунд оножээ. Харанга хэнгэрэг цугаар дуугарсан хойно Ся Хоу Юань морийг татаж зогсоод нум барьсаар өндөр дуугаар дуудруун: “Энэ нумаар магнаг дээлийг олж болох бааханд?” хэмээтэл ногоон хувцастны ангиас бас нэгэн жанжин довтолгон гараад өндөр дуугаар өгүүлрүүн: “Магнаг дээлийг түр Сюйхуан надад үлдээж өг!” хэмээвээс Ся Хоу Юань өгүүлрүүн: “Чамд бас ямар оногдуулах арга буй хэмээн миний магнагийг булаамуй?”. Сюйхуан өгүүлрүүн: “Та нарын улаан голыг тэмцэж харвах нь ямар гайхаад байх зүйл байх вэ? Миний гагц магнагийг харвахыг үзэгтүн!” хэмээгээд зэв онилон уд модны салааны зүг харван илгээхэд төв хэмээн удын салааг тас харваад магнаг дээлийг газарт унагасанд Сюйхуан нисэх мэт хүрч магнаг дээлийг авч биед нөмрөөд морийг хойш довтолгон тагтын дор хүрч өгүүлрүүн: “Чансангийн дээл хүртээсэн хишигт мөргөмүй!” хэмээн харамж өгөхөд Цаоцао болон олон түшмэл эс гайхсан нь үгүй. Сюйхуан сая жагсаалаас эгсүгэй хэмээтэл гэнэт тагтын хажуугаас нэгэн ногоон дээлт жанжин үсэрхийлэн ихэд бархиран гарч өгүүлрүүн: “Чи магнаг дээлийг хааш аваачмуй? Хурдан надад үлдээн тавигтун!” хэмээхэд олон үзвээс Сюйчу бөлгөө. Сюйхуан өгүүлрүүн: “Магнаг энд буй. Чи ямар аймшиггүй эзэрхэн булаамуй!” гэсэнд Сюйчу өгч өчихгүй шууд морь тавин магнагийг булаахаар ирээд хоёр морь ойр болоход Сюйхуан нумаар Сюйчуг занчсанаар Сюйчу нэгэн гараар нумыг атгаж татсанд Сюйхуаныг эмээлээс татан буулгажээ. Сюйхуан яаран нумыг тавьж бие хөрвөн мориноос буусанд Сюйчу мөн мориноос буугаад хоёул атгалцан занчилцахад Цаоцао яаран хүн зарж хориглон зогсоотол тэд магнаг дээлийг булаалдсаар нэгэнтээ хэсэг хэсэг болгожээ. Цаоцао хоёулыг тагтад дуудан гаргаваас Сюйхуан царайгаа барайлган Сюйчу араагаа хавирч тус бүр тэмцэлдэх санаатай тул Цаоцао инээн өгүүлрүүн: “Мөхөс би тусгайлан гүн та нарын баатарыг үзсүгэй хэмээснээс хэрхин нэгэн магнаг дээлийг хайрлах ёс байх бий” хэмээгээд олон жанжин нарыг цөм тагт дээр дуудан гаргаж тус бүр нижгээд ороодос Шу газрын хэмэрлэг торгыг хүртээв. Олон жанжин цөм тал өгсөн хойно Цаоцао олныг цөм тушаалын дэс дараагаар суулгаад хөгжим үүсгэж усан хуурайгийн амтыг зэргээр жагсаан бичиг, цэргийн түмшмэл ээлжлэн хундага өргөв.

Түүнээс Цаоцао олон бичгийн түшмэлийн зүг өгүүлрүүн: “Цэргийн жанжин нар нэгэнтээ харвах намнахаар цэнгэлдсэн нь баатар сүрийг гүн гийгүүлэв. Гүн нар цөм олонтоо сурсан эрдэмтэн тул энэ тагт дээр гарсныг даган юунд сайн зохиолоо илрүүлэн энэ цагийн бадрангуйн үйлийг тэмдэглэхгүй аж?” хэмээсэнд олон бичгийн түшмэл цөм бие мэхийж “Дуртайяа их зарлигийг дагамуй!” хэмээв. Тэр цагт Ванлан, Жун Ю, Ванцань, Чэньлин зэргийн бичгийн түшмэдийн өргөсөн шүлэглэлийн дотор олонтоо нь Цаоцаогийн гавьяа эрдмийг сайшааж тэнгэрийн бошгыг хүлээвээс зохимуй хэмээх санаатайд Цаоцао нэг нэгээр үзэж дуусаад инээд өгүүлрүүн:

“Олон гүнгийн сайн зохиолд намайг хэтэрхийд сайшаажээ. Мөхөс би төрөлх мунхаг, бядуулаг, анх ачлал тахимдуугаар өргөмжлөгдөж, хойно дэлхий дахин самуурсан тул Цяо хотын зүүнш тавин газрын эцэст гэр байгуулаад, зун хавартаа бичиг уншиж, намар өвөлд авлаж, дэлхий дахин энх түвшин болсон хойно жич гарч түшмэл суусугай хэмээн санасан бөлгөө. Санамсаргүй эзэн хаан мөхөс намайг дуудаж ирээд Дянь Зюнь Сяо Юй түшмэл болгосонд даруй санааг хэлж тусгайлан улс гэрийн төлөө хулгайг арилган гавьяа байгуулж өгсний хойно, хүүрийн өмнө “Хань улсын барууныг дайлагч жанжин агсан цаохоугийн хүүр” хэмээн олж бичүүлэн чадваас мөн нэгэн насны хүсэл гүйцмүй хэмээжээ. Санаваас Дунжуог байлдаж, шар алчуурт хулгайг арилган, Юаньшуг дийлээд Люйбүг эвдлэн, Юаньшаог хөнөөж, Любяог тогтоосноор дэлхий дахин даруй энх түвшин болжээ. Би Чансангийн хувьд хүрсэн нь хүний сайдын эрхэм туйлд болсон тул бас дахин юуг санамуй? Хэрвээ улс гэрт мөхөс миний нэгэн хүнгүй бөгөөс хэдэн хүн өөрийгөө хаанд өргөмжилж, хэдэн хүн Ван болохыг хэлж мэдэхгүй. Зарим хүн эрх хүнд болсныг үзээд дэмий л элдвээр таамаглан намайг өөр сэтгэл буй хэмээн сэжиглэх нь ихэд ташаарсан бөлгөө. Мөхөс би ер Күнзийн “Вэньвангийн эрдэм туйлд хүрэв” хэмээн өгүүлсэн тэр үгийг өдгөө болтол дотор байх мэт. Гагц миний захирсан цэргийг эзэнд эгүүлэн тушаагаад, эгэж өргөмжлөн өгсөн Үпинхоугийн тушаалын газарт одож суусугай хэмээвээс үнэхээр болохгүй хэрвээ цэргийн эрхийг тайлбаас хүнд хөнөөгдүүзэй хэмээн эмээмүй. Мөхөс би хөнөөгдвөөс улс гэр эвдрэх тул энэ миний хоосон нэрд багтаж, магад зовлонг хүрч ирэхийг хичээсэн бөлгөө. Олон гүн миний санааг мэдэхгүй нь болой!” хэмээсэнд олон цөм суудлаас босож ёслон өгүүлрүүн: “Хэдий И Инь, Жоу гүн боловч Чансанд хүрэхгүй” хэмээв.

Хожмын хүний шүлэглэсэн шүлгийн үг:

“Жоу гүн завхай үгээс айн эмээсэн өдөр

Ванман хөнгөмсгөөр эрдэмтнийг хүндэлсэн цагт

Нэг мөсөн тэр үед бие үхсэн бөгөөс

Нэгэн насны үнэн худлыг хэн олж мэдмүй!”

Цаоцао нэгэн дараагаар хэд хэдэн хундага уугаад санамсаргүй ихэд согтсоноор зүүн, баруун этгээдийн ардыг дуудаж бийр зууруулыг авч ирүүлэн бас “Хүрэл бялзуухай” тагтын шүлэглэл зохиосугай хэмээгээд сая бийрийг авч барьтал гэнэт хүн мэдүүлрүүн: “Зүүн Ү улс Хуасинийг зарж Любэйг Зинжоу мужийн эзэн болгосугай хэмээн илтгэл бичиг айлтгахаар ирэв. Өдгөө Сүнь Цуань өөрийн охин дүүгээ Любэйд холбосноор Ханьшангийн есөн хошууны газрын их хагас нэгэнтээ Любэйд хамаарагджээ” гэхэд Цаоцао сонсоод гар хөл бэгтрээд335 барьсан бийрийг газар тунагаав. Чэн Юй өгүүлрүүн: “Чансан түмэн цэргийн дотор зэв, чулуу солбицон байлдах цагт харин ч сэтгэл хөдөлсөнгүй бөлгөө. Өдгөө Любэй Зинжоу мужийг олов хэмээн сонсоод юунд энэ мэт аймуй?” гэхэд Цаоцао өгүүлрүүн: “Любэй хүмүүний доторх луу болой. Угаас усыг олоогүй агсан бөлгөө. Өдгөө Зинжоу мужийг олбоос хоригдсон луу их далайд орсон мэт тул би юунд сэтгэл хөдлөхгүй болой”. Чэн Юй өгүүлрүүн: “Чансан Хуасиньгийн ирсэн санааг мэдмүй үү?”. Цаоцао өгүүлрүүн: “Мэдэхгүй!”. Чэн Юй өгүүлрүүн: “Сүнь Цуань угаас Любэйг жигшнэм бөлгөө. Цэрэглэж байлдсугай хэмээвээс гагцхүү Чансангийн хоосныг тухайлан байлдахаар ирэхээс эмээмүй. Тийнхүү өдгөө Хуасинийг элч болгож Любэйг айлтган өргөсөн нь Любэйгийн сэтгэлийг амуулж Чансангийн саналыг бөглөсөн нь болой” гэхэд Цаоцао тэргүүнийг гэхийсхийж өгүүлрүүн: “Мөн болой” хэмээжээ. Чэн Юй өгүүлрүүн: “Надад нэгэн арга буй. Сүнь Цуань Любэйг харилцан байлдуулаад Чансан түүний хоорондыг хичээвээс нэгэн хэнгэргээр хоёр дайсныг эвдэж болмуй”. Цаоцао ихэд баярлан тэр аргыг асууваас Чэн Юй өгүүлрүүн: “зүүн Ү улсын итгэсэн нь Жоу Юй болой. Чансан өдгөө хаанд айлтгаж Жоу Юйг Нань Зюньгийн тайш болгон Чэнпүг Зянсягийн тайш болгоод Хуасинийг төрд үлдээж хүндээр хэрэглэвээс Жоу Юй эрхгүй Любэй лүгээ өшөөтөн дайсан болмуй. Бид тэдгээрийн харилцан байлдахад тухайлан хичээвээс сайн бус уу?”. Цаоцао өгүүлрүүн: “Жундөгийн үг чухам миний сэтгэлд нийцэв” хэмээгээд даруй Хуасинийг тагт дээр дуудан авчирч ихэд шан хүртээв. Тэр өдөр хурим тархсан хойно Цаоцао бичгийн түшмэдийг дагуулан сюйчанд эгээд айлтгаж Жоу Юйг Нань Зюньгийн ерөнхийлөн захирах тайш түшмэл, Чэнпүг Зянсягийн тайш, Хуасинийг Да Ли Сө Сяо түшмэл өргөмжлөөд Сюйдүд үлдээв. Зарсан элч Ү улсад хүрсэн хойно Жоу Юй, Чэнпү нар өөр өөрийн тушаалыг хүлээн авав.

335 Бэгтэр гэж учраа олохгүй болох буюу сандрах, тэвдрэх гэсэн утгатай үг.

Түүнээс Жоу Юй Нань Зюнийг олсноос нэн ялангуяа хариу авахыг санаж даруй Үхоуд бичиг айлтган Лүсүг Зинжоу мужийг эгүүлэн авахаар заръя хэмээн гуйсанд Сүнь Цуань Лүсүг дуудаж “Чи угтаа Зинжоу мужийг батлан Любэйд зээлэн өгсөн бөлгөө. Өдгөө Любэй өдөр түлхэн эгүүлэн өгөхгүй нь ямар цагийг хүлээмүй?”. Лүсү өгүүлрүүн: “Бичигт тодорхойд бичиж буй. Сычуанийг олсон цагт даруй эгүүлмүй хэмээжээ”. Сүнь Цуань зандарч өгүүлрүүн: “Гагц Сычуанийг авмуй хэмээн хэлэлцээд энэ цагт хүртэл бас цэрэг хөдөлгөхгүй түүнийг хүлээвээс хүн үлдэхгүй юу?”. Лүсү өгүүлрүүн: “Би хэлэхээр одохыг хүсмүй” хэмээн хэлээд даруй онгоцонд сууж Зинжоу мужийн зүг одов.

Тэндээс Сюаньдө Кунмингийн хамт Зинжоу мужид сууж, амуу өвс ихэд хураамжлан цэргийг сургахад холхи эрдэмтэн ихэд дагахаар ирэв. Гэнэтхэн Лүсү хүрч ирэв хэмээн мэдүүлсэнд Сюаньдө Кунмингаас асууруун: “Зызингийн энэ ирсэн нь ямар санаа болой?”. Кунмин өгүүлрүүн: “Тэр өдөр Сүнь Цуань бичиг айлтган эзэн гүнийг Зинжоу мужийн эзэн болгосон нь Цаоцаогаас айсан арга болой. Цаоцао Жоу Юйг Нань Зюньгийн тайш болгосон нь бидний хоёр гэрийг харилцан байлдуулаад тэр дундаас хэргийг бүтээсүгэй гэсэн санаа бөлгөө. Өдгөө Лүсүгийн ирсэн нь бас Жоу Юй нэгэнтээ тайшийн тушаалыг хүлээн аваад Зинжоу мужийг авахаар илгээжээ”. Сюаньдө өгүүлрүүн: “Яахин өчмүү?”. Кунмин өгүүлрүүн: “Зинжоу мужийн хэргийг дурьдваас эзэн гүн өндөр дуугаар ихэд уйлагтун. Уйлж энэлгээтэй болсон хойно Жугө Лян би гарч хориглосуу!” хэмээн зөвлөж тогтоод Лүсүг угтаж яаманд оруулан харилцан ёсолж суусан хойно Лүсү өгүүлрүүн: “Энэ өдөр хааны авга зүүн Ү улсын хүргэн болсон тул мөн Лүсүгийн эзэн болой. Ямар аймшиггүй суумуй?”. Сюаньдө инээн өгүүлрүүн: “Зызин над лугаа хуучин нөхөрлөсөн хань тул хэрхин ийм хөнгөмсөглөмүй?” хэмээсэнд Лүсү сая сууж цай уусан хойно Лүсү өгүүлрүүн: “Өдгөө Үхоугийн захиаг дагаж тусгайлан Зинжоу мужийн учирт ирэв. Хааны авга зээлэн суугаад өдий удтал эгүүлсэнгүй. Өдгөө нэгэнтээ хоёр гэр ураг болсноор ургийн нүүрийг үзэж эртхэн хойш эгүүлбээс зохимуй” гэхэд Сюаньдө үгийг сонсоод нүүрийг халхалж өндөр дуугаар уйлав. Лүсү ихэд цочиж өгүүлрүүн:“Хааны авга ямар учирт ийн уйлдаг билээ?” гэвээс Сюаньдөөгт зогсохгүй уйлахад Кунмин таславчийн хойдоос гараад өгүүлрүүн:

“Жүгө Лян би сонсож удав. Зызин миний эзний уйлах учрыг мэдэхүй үү?”. Лүсү өгүүлрүүн: “Би үнэхээр мэдэхгүй!”. Кунмин өгүүлрүүн: “Үүнийг мэдэхэд ямар бэрх газар буй?”. Угтаа миний эзэн Зинжоу мужийг гуйж суух цагт Сычуанийг олсон хойно эгүүлмүй хэмээсэн бөлгөө. Өдгөө нарийвчлан санаваас Ижоу мужийн Люжан миний эзний дүү мөн бөгөөд цөм Хань улсын хааны яс мах бөлгөө. цэрэглэж түүний хотыг авсугай хэмээвээс гаднах хүнд хараагдуузай хэмээн болгоомжилмуй. Хэрвээ авахгүйгээр Зинжоу мужийг эгүүлбээс ямар газар бие орших аж? Хэрвээ эс эгүүлэн өгвөөс нагацын нүүрт бас муухай болмуй. Энэ үйл үнэхээр хоёр тийш бэрхшээхийн тул хаширч уйлах нь болой”. Кунмингийн үг дууссан хойно Сюаньдө дотор эвхэрч үнэхээр өвчүүгээ дэлдэж хөлөө дэвхцэн их дуугаар уйлаан үүсгэв. Лүсү босоод хориглож өгүүлрүүн: “Хааны авга түр битгий гаслагтун. Кунмин лүгээ урьдамжлан зөвлөсүгэй!”. Кунмин өгүүлрүүн: “Бас ч Зызинг зовоон эгэж, Үхоуд золговоос нэгэн үгийн зүдээлийг үл хайрлах болов уу? Зовиурших учрыг Үхоуд сайтар ухуулан мэдүүлж дахин хэдэн цаг агуулах ажаам уу!”. Лүсү өгүүлрүүн: “Хэрвээ Үхоу үгийг дагахгүй болбол яамуй?”.

Кунмин өгүүлрүүн: “Үхоу нэгэнтээ төрсөн охин дүүгээ хааны авгад өгсөн атал юунд дагахгүй учир буй? Яадаг ч байсан Зызин та учир байдлыг сайтар тайлбарлаж өгөхийг хүсмүй” хэмээжээ. Лүсү болбоос нэгэн уудам эрдэмт хүн тул Сюаньдө энэ мэт уйлахыг үзээд аргагүй хүлээн авсанд Сюаньдө, Кунмин хоёр талархаж хуримлан барсан хойно Лүсүг онгоцонд хүртэл үдэв. Лүсү шууд Чайсанд хүрээд Жоу Юйд золгон тэр учрыг дуусган хэлсэнд Жоу Юй хөл дэвхцэн өгүүлрүүн: “Зызин чи бас Жугө Лянгийн арганд орсон болой! Угтаа Любэй Любяод түшиж амьдрахын цагт үргэлж залгих санаатай бөгөөтөл хэрхин Сычуаньгийн Люжаныг өгүүлэм, энэ мэт зориуд шалтаглан хэлэх нь хөгшин ах таныг гутааж чирэгдүүлэх нь болой. Надад нэгэн арга буй. Жугө Лян миний бодлогоос гаран үл чадмуй. Зызин мөн дашрамд дахин нэгэн удаа очигтун!”. Лүсү өгүүлрүүн: “Сайн аргыг сонсохыг хүсмүй”. Жоу Юй өгүүлрүүн: “Зызин Үхоуд битгий золгохоор оч. Дахин Зинжоу мужид одож Любэйд ийн хэлэгтүн! “Сүнь , Лю хоёр гэр нэгэнтээ ураг болсон тул мөн нэгэн гэрийн мэт болой. Та хэрвээ Сычуанийг авч төвдөхгүй болбоос манай зүүн Ү улс цэрэглэн очоод авч өгье. Сычуанийг олсон цагт түүнийг заслага болгон өгсүгэй! Тэр үес Зинжоу мужийг манай зүүн Ү улсад эгүүлэн өг хэмээгтүн!”. Лүсү өгүүлрүүн: “Сычуаньгийн газар хол зам бэрх, авахад хялбар бус. Дүдүгийн энэ арга харин болохгүй хэмээх болов уу?”. Жоу Юй инээж өгүүлрүүн: “Зызин үнэхээр чигч хүн аж. Чи харин намайг үнэхээр Сычуанийг түүнд авч өгнө гэж бодоо юу? Би гагц үүгээр нэр болгон үнэндээ Зинжоу мужийг авах болой.

Түүнийг бэлтгэлгүй болгож зүүн Ү улсын цэрэг морь Сычуанийг авахаар одоход Зинжоугаар дайран гармуй. Тэр үед тэднээс цэргийн хүнс сүйтгэл авсугай хэмээвээс Любэй эрхгүй хотоос гарч манай цэргийг зүдээв хэмээн шагнах бус уу? Мөн тухайд түүнийг алаад Зинжоу мужийг булаан авч миний заналыг цагаатгахаас гадна чиний зовлонг тайлж болмуй”. Лүсү ихэд баярлаж дахин Зинжоу мужид эгэв. Сюаньдө энэ тухай Кунмин лүгээ зөвлөвөөс Кунмин өгүүлрүүн:“Лүсү лав Үхоуд золгосонгүйгээр гагц Чайсанд хүрээд Жоу Юй лүгээ ямар нэгэн бодлого зөвлөөд манийг мэхлэхээр ирсэн болов. Түүнтэй ярих зуур эзэн гүн гагц миний тэргүүн дохихыг үзэж хэлсэн болгоныг нь ам дүүрэн хүлээн авагтун!” хэмээн зөвлөж тогтсон хойно Лүсү ирээд ёслон золгож дуусаад өгүүлрүүн: “Үхоу хааны авгын эрдмийг ихэд сайшаагаад даруй олон жанжин нарын хамт зөвлөн цэрэглэж хааны авгын төлөө Сычуанийг авч өгсүгэй! Сычуанийг олбоос түүгээр Зинжоу мужийг арилжиж Сычуаньгаар заслага болгон өгье хэмээмүй. Гагц цэрэг морь өнгөрөх газар амуу цалин туслан өгөхийг хүсмүй” хэмээв. Кунмин сонсоод яаран тэргүүнийг гэхэж өгүүлрүүн: “Үхоугийн сайн сэтгэлийг олохуйяа бэрх!” хэмээсэнд Сюаньдө талархал илэрхийлээд: “Энэ цөм Зызингийн сайнаар хэлсэн учир болой” гэв. Кунмин өгүүлрүүн: “Баатар цэрэг ирсэн өдөр хол угтаж цэрэгт тань шагнасугай!” гэхэд Лүсү сэмээр баярламуй. Хуримлаж дуусаад салж эгэв.

Сюаньдө Кунмингаас асууруун: “Энэ ямар санаа болой?”. Кунмин ихэд инээж өгүүлрүүн: “Жоулангийн үхэх өдөр ойр болжээ! Энэ зэргийн аргаар бага хүүхдийг ч хууран чадахгүй!” хэмээсэнд Сюаньдө бас асууруун: “Яаяахан болой?”. Кунмин өгүүлрүүн: “Энэ нь “зам зээлж Гуо улсыг сөнөөх336” арга болой. Сычуанийг авъя хэмээн алдаршуулаад үнэндээ Зинжоу мужийг авахаар ирмүү. Эзэн гүн таныг гарч цэрэгт шагнах үеэр даруй бариад хотод байлдан орох бөлгөө. Энэ нь “Бэлтгэсэнгүйд байлдмуй, санасангүйд гармуй” хэмээгч болой”. Сюаньдө өгүүлрүүн: “Ийм болбоос яанам?”. Кунмин өгүүлрүүн: “Эзэн гүн сэтгэлээ сул тавь! Гагц “Оньст нумыг базааж барсыг барин, амтат өеөг бэлтгэн, их загасыг гөхөдсүгэй!”. Жоу Юй ирээд хэдий үхэхгүй боловч есөн хувь амьгүй болох буйзаа!” хэмээн өгүүлээд Жао Юнийг арга сонс хэмээн дуудан ийм тийм хэмээн сургаж, жич үлдсэн түшмэдийг миний тушаах газар буй хэмээн өгүүлсэнд Сюаньдө ихэд баярлав. Хожмын хүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Жоу Юй Зинжоу мужийг авахаар тогтсоныг

Жугө Лян нэгэн алхмын урьд олж мэдэв

Хөх мөрний амтат өеөг идсэнээс бус

Гөхийн гох далд нуугдсаныг харин мэдсэнгүй”

Тэндээс Лүсү хойш ирж Жоу Юйд золгож хэлрүүн: “Сюаньдө Кунмин хоёулыг ятган хэлсэнд ихэд баярлаж хотоос гарч цэргийг шагнасугай хэмээмүй” гэхэд Жоу Юй ихэд инээж өгүүлрүүн: “Тэр энэ удаа миний арганд оров!” хэмээн өгүүлээд Лүсүгээр

Үхоуд хэлүүлэхээр илгээж бас Чэнпүг цэрэг авч тусла хэмээжээ. Тэр үест Жоу Юйгийн зэвийн шарх аньж бие илаар болсон тул Ганьнинийг гавшгай болгож өөрийн бие Сюйшэн, Динфөнийг авч дундад болоод Линтун, Люймөнийг хойно хайгуул болгож ус болон хуурай замын цэрэг таван түмийг дагуулан Зинжоу мужийн зүг ирэв. Жоу Юй онгоцонд ихэд баярлангуй дүртэй сууж Кунминийг арганд оров хэмээн санаж явсаар өмнөд цэрэг Сяокоугийн аманд хүрсэн хойно Жоу Юй асууруун:

“Өмнөөс хүн угтахаар ирэв үү?”, хүн хэлрүүн:

“Лю хааны авга Мижүг зарж Дүдүд золгохоор иржээ”.

Жоу Юй дуудаж асууруун: “Цэргийг шагнахаар ирнэ хэмээсэн нь яав?”. Мижү өгүүлрүүн: “Эзэн гүн цалинг цөм бэлтгэж тавив”. Жоу Юй өгүүлрүүн: “Хааны авга хаана буй?”. Мижү өгүүлрүүн: “Зинжоу хотын хаалганы гадна Дүдүд хундага барьсугай хэмээн хүлээжээ”. Жоу Юй өгүүлрүүн: “Энэ удаа танай гэрийн учирт цэрэг гарч хол байлдахаар очих тул цэргийг шагнах ёсыг битгий омтгойлогтун337!” хэмээсэнд Мижү хүлээн авч урагш эгэв.

336 Чунь Чаугийн үед Зин улс Юй улсаас зам зээлж, Гуо улсыг байладан мөхөөгөөд буцахдаа бас Юй улсыг сөнөөжээ

337 Омтгой: Хөнгөн хуумгай байдал гаргах гэсэн утга

Мөрний дээр байлдах онгоцыг ихэд зузаан жагсаан дэс дараагаар явсаар гун аньгийн газар хүртэл нэгэн онгоц ч харагдахгүй бөгөөд нэгэн хүн бас угтахаар ирэхгүйд Жоу Юй онгоцыг хөөж түргэлэн орж Зинжоу хотоос арван газрын үзүүрт хүрээд үзвээс мөрний дээгүүр ус төвшин бөгөөд давлагаагүй. Харуулын хүн ирж хэлрүүн: “Зинжоу хотын дээр хоёр агаан туг хатгаад нэгэн хүний ч сүүдэр үзэгдэхгүй” гэхэд Жоу Юй дотроо сэжиглэж онгоцыг хөвөөнд шахуул хэмээн татуулан, өөрөө хөвөөнд гарч морь унаад Ганьнин, Сюйшэн, Динфөн зэрэг жанжингуудыг авч гурван мянга илүү цэргийг дагуулан Зинжоу хотод ирээд хэрмийн дор хүрч үзвээс нэг ч чимээ имээ үгүй. Жоу Юй морийг татаж зогсоогоод цэргийн хүнээр хаалгыг нээ хэмээн дуудуулсанд хэрмийн дээрх хүн асууруун: “Хэн хүн?” хэмээхэд “Зүүн Ү улсын Жоу Дүдү өөрийн биеэр энд хүрэлцэн ирлээ” хэмээн хэлж барахын урьд гэнэтхэн тогшуурын дуу гармагц хот дээрх цэрэг цөм илд жадыг сэхийн жагсааж зогсоод байлдах асрын дотроос Жао Юнь гарч ирээд: “Дүдүгийн энэ ирсэн нь чухам ямар учир аж?”. Жоу Юй өгүүлрүүн: “Би чиний эзний төлөө Сычуанийг авахаар одмуй. Чи харин мэдээгүй юу?” гэв. “Кунмин цэргийн багш нэгэнтээ “Зам зээлж Гуо улсыг сөнөөх арга” хэрэглэснийг мэдээд тийнхүү Жао Юнь намайг энд илгээв. Миний эзний өгүүлсэн нь: “Би болбоос люжан лугаа цөм Хань улсын төрөл угсаа болох тул хэрхин төвдөж журмыг тэсэргүүлээд Сычуанийг авах билээ? Хэрвээ танай зүүн Ү улс эрхгүй Сычуанийг авна хэмээвэл би тэргүүний үсийг тавьж, ууланд зайлахаас бус, дэлхий дахинд батыг алдахгүй” хэмээмүй. Жоу Юй тэр үгийг сонсоод морио татаж буцахад нэгэн хүн зарлалын хиурыг барьж морины өмнө ирээд хэлрүүн: “Мэдээ авбаас дөрвөн этгээдээс байлдах цэрэг нэгэн зэрэг хүрч ирэв. Гуань гүн Зянлингаас, Жанфэй Зыгүйгээс, Хуанжун гун Аньгийн бага замаар, Вэй Янь Илингийн бага замаар байлдахаар ирж дөрвөн замын цэрэг хэдий байхыг мэдэхгүй, хашхирах дуу зуун газар хүртэл түрхэрмүй. Цөмөөр хэлэх нь “Жоу Юйг баривчилмуй!” хэмээмүй. Үүнд Жоу Юй морины дээрээс нэгэнтээ бархирмагц зэвийн шарх лавраад морины дор унав. Энэ чухамхүү:

“Нэгэн алхам шатарт сайн хэмээж дайсан лугаа эсэргүүцэхэд бэрх

Хэдэн удаагийн бодож тогтсон нь хоосон болжээ”

Эгнэгт Жоу Юйгийн амь ямар болохыг мэдэхгүйг доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top