МАН-ын бүлэг: Гишүүдээ орон нутаг руу явуулж, Үндсэн хуулийн хэлэлцүүлэг өрнүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн сард улс төрийн намууд болон хэсэг иргэдээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тавьсан. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат 26 улс төрийн намын удирдлага, 1992 оны Үндсэн хууль батлалцсан хүмүүсийн төлөөллийг урьж, хэлэлцүүлэг хийсэн билээ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг сонсох нь зүйтэй гэж шийджээ. Уг асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд улс орон даяар олон нийтийн саналыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэхийг дэмжсэн байна.

Энэ зуны турш хэлэлцүүлгийг өргөн явуулах ёстой гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ. Ингэхдээ парламентын тогтолцоог боловсронгуй болгох, хүний эрхийг хангах асуудлыг илүү дээд түвшинд хүргэх, орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгох гэсэн гурван агуулгаар өөрчлөлт хийхээр ярилцаж байгаагаа тодотгов. Мөн тэрбээр энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж амжихгүй учраас ээлжит бус чуулган зарлаж магадгүй гэв.  


Нэмэлт мэдээлэл дуулгахад, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нар хөндөж буй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулахдаа 10 асуудлыг тусгахаар төлөвлөөд байгаа.

Эхний таван асуудлаар ард нийтийн саналыг асуух бол дараагийн таван асуудлыг шууд тусгах гэнэ. 

Ард нийтийн санал асуулга авах таван асуудал
 

  1. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх эсэх. Ингэхдээ пропорциональ болон жижиг мажоритар тогтолцоотой холимог болгохоор төлөвлөж байгаа. Энэ нь 2020 оны УИХ-ын сонгуулийн системээр гишүүд өрсөлдөж, дээрээс нь намын жагсаалтаар УИХ-д орж ирэх боломжийг нээнэ. 
     
  2. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх буюу шинээр нам байгуулж, шүүхэд бүртгүүлэхдээ сонгогчийн босго тогтоох эсэх,
     
  3. 330 сумыг цөөлж, 150 км дотор нэг сум байгуулах эсэх,
     
  4. Хотын эрх зүйн асуудлыг нээж өгөх. Ингэхдээ Дархан, Орхон, Хөтөлийг аж үйлдвэрийн хот болгох эсэх, Замын-Үүдийг худалдааны хот болгох эсэх, Хархорин, Ховдыг эдийн засгийн тургуур хот болгох эсэх асуудлаар санал асуух,.
     
  5. Парламентыг огцруулах асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад тодорхой эрх мэдэл олгох эсэх.
     

Ард нийтийн санал асуухгүй шууд оруулах өөрчлөлт
 

  1. Гишүүдийн тоог 150 болгох
     
  2. Гишүүдийн тоо өссөн тохиолдолд давхар дээлтэй болох
     
  3. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох
     
  4. Улаанбаатар хотын даргыг сонгогчид сонгодог болох
     
  5. Сумдад намчирхал гэдэг асуудлыг үгүй хийх үүднээс улс төрийн намгүй сум болгох асуудлыг тусгахаар төлөвлөж байна.

    

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
а(202.179.15.10) 2022 оны 06 сарын 09

Ингээд бүр их хятад гишүүдтэй болох нь дээ

0  |  0
сонгогч(202.9.46.246) 2022 оны 06 сарын 07

УИХ- н гишүүдийн тоог нэмэхийг хэзээч хүлээн зөвшөөрөхгүй!!!! намууд ”бор халзан хонь ямаа” гаа чихэхийн тулд зөвхөн намуудад ашигтайгаар асуудлыг шийдэхийг улайрч байна. гишүүдийн тоо цөөнөөс болоод Монгол улс хөгжихгүй байгаа юм биш. Хоноцын Сэтгэлтэй 76 хоолны савнаас болоод хөгжихгүй бна. Харин ч хасах шаардлагатай. Баян улс орнуудыг дууриаж тэдэн мянган хүнд 1 гишүүн байх ёстой гэдэг үлгэрээ боль…. иргэд нь ядуу байхад 150-300 хоолны савыг татварын мөнгөөрөө тэжээхиг хүсэхгүй бна!!!!

0  |  1
Top