Гурван улсын үлгэр | 63 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ - 63 ДУГААР БҮЛЭГ

ЖУГӨ ЛЯН ПАНТУНГ ГАШУУДАН УЙЛСАН ЖАН ИДӨ ЖУРМААР ЯНЬ ЯНИЙГ ТАВЬСАН

Өгүүлэх нь: Фажөн тэр хүн лүгээ золгоод хоёул харилцан их инээмүй. Пантун учрыг асуусанд Фажөн өгүүлрүүн: “Энэ гүн болбоос Гуанхань газрын хүн, овог Пөн, нэр Ян, өргөсөн нэр Юн Янь, Шу газрын эрэмгий баатар болой. Шуудаар хэлсэн учир Люжан уурлан үсийг үгтээж доорд түшмэл болгов. Тиймийн тул үс охор бөлгөө” хэмээсэнд Пантун зочны ёсоор хүндэлж Пөн Янгаас асууруун: “Хаанаас ирсэн буй?”. Пөн Ян өгүүлрүүн: “Би тусгайлан танай хэдэн түмэн хүний амийг гаргахаар иржээ. Лю жанжинд учирсан хойно сая хэлсүгэй!”. Фажөн яаран Сюаньдө мэдүүлсэнд Сюаньдө өөрийн биеэр ирж учраад, түүний учрыг асууваас Пөн Ян өгүүлрүүн: “Жанжны өмнө хүрээнд хэдий цэрэг буй?”. Сюаньдө “Хуанжун, Вэй Янь тэнд буй” хэмээн үнэнээр нь хэлэв. Пөн Ян өгүүлрүүн: “Жанжин болох ёсоор яваад юунд газрын байдлыг мэдэхгүй аж? Өмнө хүрээ Фузян мөрнийг түшжээ. Хэрэв мөрний усыг сэтлээд өмнө хойно цэргээр хааваас нэг ч хүн гарч чадахгүй болой?” хэмээсэнд Сюаньдө сая сэрдхийв. Бас өгүүлрүүн: “Гансин од баруун зовхист буй. Тайбэй од энд тусжээ. Лав өлзий бус хэрэг буй тул сайтар болгоомжлох хэрэгтэй”. Сюаньдө даруй Пөн Янийг дээд зочин болгоод, сэмээр хүн зарж Хуанжун, Вэй Яньд хэлж өгөөд өглөө үдэш сэтгэл тавьж цагдан “Усыг сэтлэхийг сэргийл!” хэмээн илгээв. Үүнээс Хуанжун, Вэй Янь зөвлөж “Хоёул тус бүр нэгэн өдрөөр жишээлэн цагдсугай! Хэрвээ дайсны цэрэг ирвээс харилцан нэвтрүүлсүгэй” хэмээн тогтов.

Тэндээс Лөнбао тэр шөнө салхи салхилж, ихэд бороо орсонд таван мянган цэрэг авч мөрнийг тойрон ирж усыг сэтлэсүгэй хэмээн бэлтгэн атал гэнэт хойд этгээдээс хашхирах дуу гарч самуурах нь сонсогдсонд Лөнбао бэлтгэснийг мэдээд яаран цэрэг эгтэл хойноос Вэй Янь нэхэж ирсэнд Сычуаньгийн цэрэг ихэд самууран харилцан гишгэлцэж Лөнбао буруулан явах хооронд төвхийтэл Вэй Янь лугаа учраад хэдэн удаа болсонгүй Лөнбаог амьд барив. Ү Лань, Лэйтун туслахаар иртэл бас Хуанжунгийн нэгэн салааны цэрэг учирч байлдаад эгүүлэв. Вэй Янь, Лөнбаог бариад Фучэн хотод ирсэн хойно Сюаньдө донгодож өгүүлрүүн: “Би өршөөл журмаар хүндэлж чамайг тавьж илгээсэн бөгөөтөл чи юунд надаас тэсэргүүлмүй. Энэ удаа хэлтэрүүлэхэд бэрх” хэмээгээд Лөнбаог гаргаж, цавчуулаад Вэй Янийг ихэд шагнав. Сюаньдө хурим бэлтгэж Пөн Янийг хүндэлж, хуримлан бүхийд гэнэт хүн ирж хэлрүүн: “Зинжоугоос цэргийн багш Жугө Лян тусгайлан Маляныг зарж бичиг илгээжээ”. Сюаньдө дуудан оруулаад асуухад, Малян ёсолж дуусаад хэлрүүн: “Зинжоу энх амар буй тул эзэн гүн битгий зовогтун!” хэмээгээд, даруй цэргийн багшийн бичгийг өргөв. Сюаньдө нээж үзвээс бичгийн үг нь: “Жугө Лян Тай И хүлилийг бодвоос энэ жил харагчин гахай, Гансин од баруун зовхист буй. Бас тэнгэрийн байдлыг үзвээс Тайбай од Луочэн хотын тус буй тул өрлөг жанжгийн биед муу үлэмж, сайн цөөн, сайтар болгоомжлох хэрэгтэй!” хэмээжээ. Сюаньдө бичгийг үзэж дуусаад Маляныг урьд эгүүлээд өгүүлрүүн: “Би мөн Зинжоуд очиж энэ үйлийг зөвлөсүгэй!” хэмээхэд Пантун дотроо сэтгэрүүн: “Кунмин намайг Сычуанийг аваад гавьяа бүтээхээс эмээн, зоримог энэ бичгийг илгээж ташаалах буй за “хэмээгээд Сюаньдөгийн зүг өгүүлрүүн: “Пантун би мөнхүү Тай Игийн хүлилийн зурхайг бодож үзээд Гансин од баруун зовхист буй ахуг мэдмүй, эзэн гүнгийн Сычуанийг олохтой тохиолджээ. Бусад муу үйл огт үгүй. Пантун бас тэнгэрийн байдлыг шинжив. Тайбай од Луочэн хотод тохиолдсон боловч урьд Шу улсын их жанжин Лөнбаог алсан тул нэгэнтээ муу ёр тохиолдож устжээ. Эзэн гүн битгий сэжиглэгтүн! Хурдан цэрэг давшваас зохимуй” хэмээв.

Тэндээс Сюаньдө Пантунгийн ямагт “Цэрэг ор!” хэмээн дахин давтан шаардахад цэрэг авч мордов. Хуанжун, Вэй Янь угтаж хүрээнд оруулсан хойно Пантун, Фажөнгөөс асууруун: “Эндээс Луочэн хот хэдий газар алсламуй?”. Фажөн газрыг зурж, зураг хийсэнд Сюаньдө, Жансунгийн үлдээсэн зургийг авч адилтган үзвээс огт зөрөөгүй ажээ.

Фажөн бас өгүүлрүүн: “Уулын хойдод нэгэн их зам буй. Тэр зам Луочэнгийн зүүн хаалганд онолдмуй. Уулын өмнөд нэгэн бага зам буй. Тэр зам Луочэн хотын баруун хаалганд ономуй. Энэ хоёр замын алинаар ч цэрэг орж болмуй”. Пантун Сюаньдөд өгүүлрүүн: “Би Вэй Янг гавшгай болгож, уулын өмнөх бага замаар дэвшсүгэй. Эзэн гүн Хуанжуныг гавшгай болгож уулын хойд их замаар орогтун! Цугаар Луочэн хотод хүрч хурсугай”. Сюаньдө хэлрүүн: “Би залуу наснаас харвах намнахыг боловсруулсан тул бага замаар олонтоо явав. Цэргийн багш их замаар одож зүүн хаалгыг авагтун! Би баруун хаалгыг авсугай!”. Пантун өгүүлрүүн: “Их замд эрхгүй цэрэг тосож ахуй буй. Эзэн гүн цэрэг авч халхлагтун! Би бага замаар одсугай!”. Сюаньдө өгүүлрүүн: “Цэргийн багш болохгүй. Шөнийн зүүдэнд нэгэн сахиус хүн төмөр бялуу барьж миний баруун мөрийг цохьжээ. Сэрээд мөр бас өвднөм бөлгөө. Энэ удаа явахад харин муу буюу?”. Пантун өгүүлрүүн: “Сайн эр дайсны жагсаалд орвоос үхэхгүй боловч эрхгүй шарх олмуй, энэ ёс мөн болой. Юунд зүүдний учраас сэжиглэмүй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Миний сэжиглэх нь Кунмингийн бичиг болой. Цэргийн багш эгж Фучэн хотыг сахиваас ямар аж?”. Пантун ихэд инээд өгүүлрүүн: “Эзэн гүн Кунминд бачлагдсан ажгуу. Тэр Пантун намайг ганцаар их гавьяа бүтээхэд дургүй тул тийнхүү үгээр эзэн гүнгийн сэтгэлийг сэжиглүүлсэн болой. Сэтгэлд сэжиглэвээс төрвөөс зүүдэлмүй. Юуны муу үйл буй? Пантун миний элэг тархи газарт будагдсан хойно сая миний чухам сэтгэлд хүрмүй. Эзэн гүн жич битгий олон өгүүл! Маргааш өдөр эрхгүй мордсугай!”хэмээгээд мөн даруй цэрэгт цааз зарлан “Тавдугаар жинд будаа чанаж гэгээрмэгц мордмуй!” хэмээв.

Жич өдөр Хуанжун, Вэй Янийг цэрэг авч өмнө мордуулаад Сюаньдө Пантун лугаа болзож тогтов. Гэнэт Пантунгийн унасан морь үргэж Пантуныг газарт хаяжээ. Сюаньдө даруй мориноос үсрэн бууж тэр морийг барьж аваад: “Цэргийн багш юу хэмээн ийм догшин морийг унамуй?”. Пантун өгүүлрүүн: “Энэ морийг унаж удав. Иймгүй билээ” хэмээвээс Сюаньдө өгүүлрүүн: “Цэрэг байлдах газарт үргэвээс хүний амийг саатуулмуй. Миний унасан цагаан морины чанар маш номхон, цэргийн багш унаваас алдаж осолдох зүйл гарахгүй. Догшин морийг би унасугай” хэмээгээд даруй Пантун лугаа унасан морийг арилжив. Пантун өгч өгүүлрүүн:

“Эзэн гүнгийн зузаан хишгийг санаваас түмэн зэрэг үхэвч хариулан чадахгүй” хэмээгээд даруй тус тусдаа морь унаж зам салж одов. Сюаньдө Пантунгийн одсоныг үзээд дотроо маш баяргүй болж ихэд уйдав.

Тэндээс Луочэн хотын дотор Ү И “Люгүй, Лөнбао автагдав” хэмээн сонсоод даруй олон лугаа зөвлөхөд Жанрэнь өгүүлрүүн: “Хотын зүүн өмнө уулын буйд газар нэгэн бага зам буй. Тэр зам маш цухал тул би өөрөө нэгэн анги цэрэг авч сахисугай! Олон гүн Луочэнийг чандлан сахиж битгий алдагдал гаргагтун!” хэмээсэн хойно гэнэт харуулын хүн ирж мэдүүлрүүн: “Хань улсын цэрэг хоёр замаар хувааж хотыг байлдахаар ирлээ” хэмээсэнд Жанрэнь яаран гурван мянган цэрэг авч урьд тойрох замаар ирж, бага замд бүгээд Вэй Яньгийн цэрэг өнгөрөн гарахыг үзээд Жанрэнь: “Дураар тавьж явуул, битгий цочоогтун!” хэмээв. Хойноос нь Пантунгийн цэрэг хүрч ирэхийг Жанрэньгийн цэрэг үзээд холоос тэдний дундах их жанжныг зааж өгүүлрүүн: “Цагаан морь унасан нь лав Любэй буй за!” хэмээсэнд Жанрэнь ихэд баярлан даруй цааз зарлаж “Ийм тийм” хэмээн сургав. Тэндээс Пантун дараа дараагаар дэвшсээр гэнэт тэргүүн өргөж үзвээс хоёр уул маш цухал болж мод шугуй ихэд зузааны дээр бас зун өнгөрч намрын эх болсноор салаа навч ягч тул Пантун дотроо сэжиглэн морио татаж зогсоогоод: “Энэ газрын нэрийг юу хэмээмүй?” хэмээн асуусанд шинэ дагасан цэрэг зааж өгүүлрүүн: “Энэ газрыг Луо Фөнпо (гарьд унах хөтөл) хэмээмүй” гэхэд Пантун цочиж өгүүлрүүн: “Миний цол Фөнчу, энэ газрын нэрийг Луо Фөнпо тул надад өлзийгүй” хэмээгээд даруй “Хойд цэргийг эгэгтүн!” хэмээн зарлатал уулын хөтлөөс буун дуу гармагц, зэв харваж ирэх нь нүгэлт царцаа мэт. Бас гагц цагаан морины зүг харваж ирмүй. Хөөрхий Пантун самуун зэвэнд оногдон үхжээ. Тэр жил гучин зургаан настай бөлгөө.

Хожмын хүний гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:

“Гусянь уул хөхрөн ногоорч байхад

Шиюаньгийн хүүр уулын хавцалд буй

Хөхөө дуудах аялгууг хүүхэд нэгэнтээ сураад

Хүнд хачин эрдмийг хөдөө гудамжинд мэдмүй

Гурван улс болохыг эртнээс мэдэж тэгшлэн авсугай хэмээн

Түмэн газар хол довтлоод ганцаар эргэцнэм.

Тэнгэрийн нохойн суунаг од гэнэт бууж ирээд

Тэргүүлэгч жанжныг эгүүлэхгүйг хэн мэднэм”

Урьд нь зүүн өмнөд нутгийн хүүхдийн ёр дуунд хэлсэн нь:

“Нэгэн гарьд нэгэн луугийн хамт харилцан захирч

Шугийн газарт ороод сая хагас замд хүрэхэд гарьд

Луо Фөнпо хөтлийн зүүнтээ үхмүй

Салхи бороог хүргэж бороо салхийг хүргэмүй

Хань улс бадран мандах цагт

Шу газрын зам нэвтэрмүй

Шу газрын зам нэвтэрвээс гагц луу үлдмүй”

Тэр өдөр Жанрэнь, Пантуныг харваж үхүүлсэнд Хань улсын цэрэг орох, эгэхэд болохгүй болж үхсэн нь их хагас болов. Өмнө цэрэг яаран Вэй Яньд хэлэхээр одсон хойно Вэй Янь цэрэг авч яаран эгж “Байлдсугай!” хэмээвээс зам цухал тул алалдаж болохгүй. Бас Жанрэнь эгэх замыг тосож өндөр газар зогсож холховч нумаар харвах тул Вэй Янь хараахан цочиж байтал шинэ дагасан цэргийн хүн өгүүлрүүн: “Үхэн байлдаж Луочэн хотын дор хүрээд их замыг эрж ороход хүрэхгүй”. Вэй Янь мөн хэмээж өмнө байлдан зам нээж Луочэн хотын зүг алж ирэхэд өмнөөс нэгэн баг цэрэг байлдан ирмүй. Тэр Луочэн хотыг сахисан жанжин Ү Лань, Лэйтун нар болой. Хойнооос Жанрэнь бас цэрэг авч нэхэж ирээд өмнө хойноос хавчиж, Вэй Янийг дундад хаав. Вэй Янь үхэн байлдаад гарч чадахгүй бүхийд гэнэт Ү Лань, Лэйтунгийн хойдох цэрэг өөрөө самуурчээ. Хоёр жанжин яаран морь эгүүлэн туслахаар одоход Вэй Янь мөн хүчинд нэхэж очвоос тэргүүлэгч нэгэн жанжин морио давхиулан илд даллан ихэд бархиран: “Вэй Янь би тухайлан чамд туслахаар ирэв” хэмээмүй. Үзвээс хөгшин жанжин Хуанжун ажгуу. Хоёр этгээдээс хавсарч байлдаад Ү Лань, Лэйтун нарыг дарж шууд Луочэн хотын дор хүрсэнд Люгүй цэрэг авч байлдан гарахад харин Сюаньдө хойноос тусалсан тул Хуанжун, Вэй Янь даруй олж эгэв. Сюаньдөгийн цэрэг хүрээнд эгэхэд Жанрэньгийн цэрэг бас бага замаас гараад хөндөлдөв. Люгүй, Ү Лань, Лейтун нар урагшилж нэхэн ирсэнд Сюаньдө хоёр хүрээг хамгаалан чадахгүй болж байлдам бөгөөд явсаар Фучэн хотын зүг буруулав. Шу улсын цэрэг дийлээд дагалдаагаар нэхэж ирэхэд Сюаньдөгийн хүн ядарч морь зогсож хэрхэн байлдах санаа байх билээ? Нэгэн амаар буруулсаар Фучэн хотын ойр хүрэхэд Жанрэньгийн нэгэн салааны цэрэг маш шахам нэхэж ирсэнд завшаанаа зүүнээс Люфэн, баруунаас Гуаньпин хоёр жанжин гурван түмэн хүчит цэргийг авч хөндөлдөн байлдаад Жанрэнийг даруй хойно газар хөөж хуяг морийг ихэд булаан эгүүлэв. Түүнээс Сюаньдөгийн нэгэн баг цэрэг дахин Фучэн хотод ороод Пантунгийн мэдээг асуухад Луо Фөнпо буруулан ирсэн цэргийн хүн хэлрүүн: “Цэргийн багшийн бие морьтойгоо цөм самуун зэвэнд оногдож хөтлийн өмнө үхэв” хэмээсэнд Сюаньдө үгийг сонсоод баруунш хандаж ихэд уйлан зогсохгүй, сүнсийг урьж цаас түлж гээхэд олон жанжин цөм уйлалдав. “Энэ удаад Пантун мужийн захирагчийг алдсанд Жанрэнь эрхгүй Фучэн хотыг байлдахаар ирмүй. Зинжоуд хүн зарж цэргийн багш Жугө Ляныг авчран Сычуанийг авах аргыг зөвлөхөд хүрэхгүй” хэмээн Хуанжун хэлээд харилцан зөвлөж бүхийд хүн ирж “Жанрэнь цэрэг авч хотын дор байлдахаар иржээ” гэсэнд Хуанжун, Вэй Янь нар ‘Тарч байлдсугай!” хэмээв. “Цэргийн хурц сүр шинэ буурсан тул бэхлэн сахиж цэргийн багшийн хүрч ирэхийг хүлээвээс зохимуй!” хэмээн Сюаньдө хэлсэн хойно Хуанжун, Вэй Янь хоёр захиаг дагаж гагц хотыг бэхлэн сахих болжээ. Сюаньдө нэгэн бичиг хийж Гуаньпинд тушаан өгч хэлрүүн: “Чи Зинжоуд одож надад цэргийн багшийг залж ирэгтүн!” хэмээсэнд Гуаньпин шөнө дөлөөр Зинжоу руу одов. Сюаньдө Фучэн хотыг биеэр сахиж гарч байлдахгүй болов.

Тэндээс Кунмин Зинжоуд аж, долоон сарын долооны өдрийн шөнө олон түшмэлийг цуглуулж хуримлаад Сычуанийг авах хэргийг зөвлөн бүхийд, чанх баруун зовхист Доу мэт нэгэн их од огторгуйгаас унаад гэрэл нь дөрвөн зүг сарнив. Кунмин үзээд гэлмэж хундагыг газарт хаяж нүүрийг халхлан ихэд уйлах 3УУР “Юутай хөөрхий! Юутай хайран!” гэхэд олон түшмэд гайхаж учрыг асууваас Кунмин хариуд нь: “Би урьд бодоод энэ жил Гансин од баруун зовхист буй тул цэргийн багшийн биед ихэд өлзийгүйн дээр тэнгэрийн нохой бидний цэрэгт халдахаар иржээ. Тайбай од Луочэн хотын ойр буй хэмээн нэгэнтээ эзэн гүнд бичиг хүргэж хичээн сэргийл хэмээсэн билээ. Санамсаргүй энэ шөнө баруун зовхисоос од унав. Лав Пан Ши Юаньгийн бие үхсэн болой” хэмээгээд бас ихэд уйлж өгүүлрүүн:

“Өдгөө миний эзэн нэгэн мөрийн хүчийг алдав” хэмээжээ. Тэр үгэнд олон түшмэд цөм гайхсан боловч итгэсэнгүй. Кунмин өгүүлрүүн. “Хэдэн өдрийн дотор эрхгүй мэдээ ирмүй” хэмээн тэр шөнө цэнгэлдэн гүйцсэнгүйгээр тархав. Тэндээс хэдэн өдрийн хойно Кунмин Юньчан лугаа сууж байтал хүн ирж “Гуаньпин хүрч ирэв” хэмээн мэдүүлжээ. Олон түшмэд цочив. Гуаньпин орж ирээд Сюаньдөгийн бичгийг өргөсөнд Кунмин нээж үзвээс дотор нь: “Мөн жилийн долоон сарын долооны өдөр Пан мужийн захнрагч Луо Фөнпо хөтлийн өмнө Жанрэньгийн харвасан зэвд үгүй болов” хэмээжээ. Кунмин ихэд уйлахад олон түшмэд ихэд нулимс унагаав. Кунмин өгүүлрүүн: “Эзэн гүн Фучэн хотод агаад орох эгэх нь бэрх болж буй тул Жугө Лян би одохгүй болбоос болохгүй” хэмээхэд: “Цэргийн багш одвоос хэн хүн Зинжоу мужийг сахих билээ? Зинжоу болбоос чухал орон тул хөнгөлж үл болмуй” гэж Юньчангийн өгүүлсэнд “Эзэн гүнгийн бичигт тэр хүнийг илэрхий бичсэнгүй боловч би нэгэнтээ эзэн гүнгийн санааг ухжээ” хэмээн Кунмин хэлээд даруй Сюаньдөгийн бичгийг олон түшмэдэд үзүүлж өгүүлрүүн: “Эзэн гүнгийн бичигт “Зинжоуг миний биед найдаж намайг эрдмийг хэмнэн үзэж тушаан сахиул!” хэмээжээ. Хэдий тийм боловч өдгөө Гуаньпинд бичиг өгч илгээсэн нь тэр санаанд “Юньчан гүнээр энэ хүнд тушаалыг хүлээлгэсүгэй!” хэмээжээ. Юньчан тоорын хүрээлэнд журмаар нөхөрлөснийг санаж хүчний тэнхээгээр энэ газрыг хамгаалагтун! Тушаал нь хөнгөн бус тул гүн чармайн сахиваас зохимуй” хэмээсэнд Юньчан өчүүхэн ч маргасангүй хуур шүүрээр хүлээн авав. Кунмин хурим бэлтгэж тамга цомцгийг тушаан өгөхөд, Юньчан хоёр гараар тосохоор ирэхэд Кунмин тамгыг барьж өгүүлрүүн: “Алив хэрэг цөм жанжны биед буй” хэмээвээс Юньчан өгүүлрүүн: “Ихэс эр хүнд тушаалыг хүлээн авсан хойно хэзээ үхвээс сая зогсох буй за.”. Кунмин Юньчангийн нэгэн “Үхэх” хэмээх үгийг хэлж гаргасанд дотроо баяргүй болж тушаахыг байсугай хэмээвч, үг нэгэнтээ гарав. Кунмин өгүүлрүүн: “Хэрэв Цаоцао цэрэг авч ирэхүл яаваас зохимуй?”. Юньчан өгүүлрүүн: “Хүчээр тулах буй за!”. Кунмин бас өгүүлрүүн: “Хэрэв Цаоцао, Сүньцуань хамт цэрэглэн ирвээс хэрхмүй!”. Юньчан өгүүлрүүн: “Цэрэг хувааж тулмуй!”. Кунмин өгүүлрүүн: “Хэрвээ ийм болбоос Зинжоу түгшүүртэй болно. Надад найман үсэг буй, жанжин сайтар үйлдвээс Зинжоу мужийг хамгаалж болмуй”. Юньчан асууруун: “Аль найман үсэг болой?”. Кунмин өгүүлрүүн: ““Умард Цаоцаотай тулалдсан, зүүний Сүньцуаньд янагла!” хэмээв. Юньчан өгүүлрүүн: “Цэргийн багшийн үгийг уушги, элгэнд тэмдэглэн авсугай!” хэмээв.

Тэндээс Кунмин даруй тамгыг Юньчанд өгөөд “Бичгийн түшмэл Малян, Изи, Сянлан, Мижу, цэргийн жанжин Мафан, Ляохуа, Гуаньпин, Жоуцан нарыг Юньчанд туслан хамтдаа Зинжоу мужийг сахь!” хэмээн үлдээгээд, нэгэнтээгүүр өөрөө цэрэг дагуулан Сычуаньд орохоор нэгэн түмэн шилсэн цэрэг гаргаж Жанфэйгээр захируулан “Их замаар Бажоу мужийн зүг очиж Луочэн хотын барууныг авахаар од! Урьд хүрсэн нь тэргүүн гавьяа болгомуй” хэмээв. Бас нэгэн салааны цэргийг гаргаж, Жао Юнийг гавшгай болгон “Мөрнийг өөдлөн очуулж Луочэн хотод уулзсугай!” хэмээн өөрийн бие хойноос Зянь Юн, Зянвань нарыг дагуулан мордов. Тэр Зянваньгийн өргөсөн нэр Гүн Янь, Линлингийн сян газрын хүн. Зин, Сян нутгийн эрдэмтэн. Өдгөө бичээч болж ажгуу.

Тэндээс тэр өдөр Кунмин нэгэн түм таван мянган цэргийг авч Жанфэй лүгээ нэгэн өдөрт мордов. Жанфэй явах үес Кунмин сургаж өгүүлрүүн: “Сычуаньгийн газарт эрдэмтэн олон тул хөнгөлөн байлдваас болохгүй. Замд олон цэргийг цаазла. Зуун овогт иргэнийг уулгалан булааж иргэний сэтгэлийг битгий алдахад хүргүүлэгтүн! Хүрсэн эл газар өршөөн тэтгэвээс зохимуй! Битгий дураар цэргийн хүнийг занчигтун! Жанжин та эртхэн Луочэн хотод хурахыг үл саатуулахыг хүсмүй!”.

Түүнээс Жанфэй баярлан хүлээн авч даруй морь унаж очоод дараагаар урагш давшин дайрсан эл газрын дагагсдыг нь үсний төдий халдсангүй шууд Хань, Чуаньгийн замаар одсоор урьд Базюнь хошуунд хүрсэн хойно харуулын хүн хэлрүүн: “Базюнь хошууны тайшоу түшмэл Янь Янь болбоос Шу улсын нэрт жанжин бөлгөө. Хэдий өтлөвч хүч басхүү мохоогүй, хатуу нум татаж, их дам илд хэрэглэмүй. Түмэн хүн лүгээ тэмцэх баатар болой. Сахисан хот балгасандаа дагах туг босгохгүй хэмээжээ” . Жанфэй хотоос арван газрын эцэст хүрээ буугаад хүн зарж хотод оруулан: “Хөгшин бэртэгчин эрд хэлж өгөгтүн! Хурдан дагахаар ирвэл чиний бүх хотын зуун овогт иргэний амийг хэлтрүүлсүгэй! Хэрвээ дагахгүй болбоос хотыг хэсэглэн төвшитгөж, хөгшин залууг үлдээхгүй!” хэмээв.

Тэндээс Янь Янь, Базюнь хотод сууж бүхийд “Люжан Фажөнг зарж Лю Сюаньдөг Сычуаньд залж оруулмуй” хэмээн сонсоод өвчүүгээ дэлдэн гунихарч өгүүлрүүн: “Энэ нь төв хэмээн “Хувхай ууланд ганцаар суугаад барсыг удирдаж биеийг хамгаалуулъя” хэмээх нь болой” хэмээх нь болой хэмээжээ. Хойно Сюаньдөг “Фучэн хотыг эзлэв” хэмээн сонсоод ихэд хилэгнэн цэрэг авч байлдахаар очсугай хэмээн санавч бас энэ замаар цэрэг ирүүзэй хэмээн болгоомжилж байтал тэр өдөр Жанфэйгийн цэрэг хүрч ирсэнийг сонсож даруй өөрийн харъяат тав зургаан мянган цэргийг шалган “Угтан байлдмуй!” хэмээн бэлтгэв. Зарим нь арга өргөж хэлрүүн: “Жанфэй Дан Ян, Чанбань По нэгэнтээ бархирсанаар Цаоцаогийн зуун түмэн цэрэг буруулав. Цаоцао бас ч алдрыг сонссонд зайлах бөлгөө. Хөнгөлөн байлдаж болохгүй. Өдгөө ганц гүн гуу, өндөр хэрэм цогцлоогоод бэхлэн сахиж, гарахгүй болбоос түүний цэргийн амуу дуусаад нэгэн сар болохгүй өөрсдөө эгмүй. Энд Жанфэйгийн зан түргэн, ноцох гал адил, зориуд цэргийн хүнийг занчих дуртай тул бид түүн лүгээ байлдахгүй болбоос эрхгүй хилэгнэмүй. Хилэгнэвээс тэр лав өөрийн догшин уурыг өөрийн цэрэгтээ гаргаж таарна. Цэргийн сэтгэл хувьссан хойно мөн хүчинд давшиж байлдваас Жанфэйг барьж болмуй” хэмээжээ. Янь Янь тэр үгийг дагаж цэргийн ардыг дуусган хэрмийн дээр гаргаж бэхлэн сахив. Гэнэт нэгэн цэргийн хүн: “Хаалгыг нээ!” хэмээн ихэд дуудах тул Янь Янь тавин оруулж асууваас тэр цэрэг: “Би Жанфэйгийн зарж илгээсэн нь мөн” хэмээгээд Жанфэйгийн үгийг дуусган хэлэв. Янь Янь ихэд хилэгнэж харааж өгүүлрүүн: “Бэртэгчин эр ямар аймшиггүй ёс бусчилмуй? Миний мэт Янь жанжин хэрхин хулгайд дагах ёсон байх вэ? Чиний амыг зээлэн Жанфэйд хойш хэлж өгөгтүн!” хэмээгээд жигүүрийн ардаар цэргийн хүний чих, хамрыг огтлуулан аваад тавьж илгээв.

Тэндээс тэр цэргийн хүн Жанфэйд золгож Янь Яньгийн хараасан үгийг уйлж хэлсэн хойно Жанфэй ихэд хилэгнэн шүдээ зууж нүдээ бүлтийлгэн, хуяг дуулгаа өмсөж хэдэн зуун морьтонг авч мордон гарч, Базюнь хотын дор ирээд “Байлдсугай!” хэмээхэд хэрмийн дээрээс олон цэрэг зуун зүйлээр хараамуй. Жанфэйгийн чанар түргэн тул хэд хэдэн зэрэг гүүрний дэргэд хүртэл байлдахаар ирж голыг гэтлэсүгэй хэмээсэн боловч цөм самуун зэвэнд харвагдаж эгэв. Орой болтол нэгэн хүн ч гарч ирэхгүй тул Жанфэйгийн дотор хий дүүрч хүрээнд эгжээ. Жич өдөр эрт цэрэг авч бас өдөөн байлдахаар ирэв. Тэр Янь Янь хотын асраас нэгэнтээ харвасанд Жанфэйгийн дуулга нь оногдов. Жанфэй хуруугаар заан занаж өгүүлрүүн: “Би хөгшин буурал чамайг олж барьсанд махыг чинь идсүгэй!” хэмээгээд орой болсонд бас хоосноор эгэв. Гутгаар өдөр Жанфэй цэрэг авч ирээд хотыг тойрон хараамуй. Тэр хот болбоос нэгэн уулын хот ажгуу. Эргэн тойрон цөм уул тул Жанфэй морь унаад уулын дээр гарч дорогш хотыг үзвээс цэргийн хүн цөм хуяг өмсөөд анги хуваан жагсааж хотын дотор бүгж буй бөгөөд гагц гарч ирэхгүй бөлгөө. Бас хотын иргэд урагш хойш чулуу тоосго зөөж туслан хотыг сахимуй. Жанфэй морьт цэргийг цөм мориноос буулгаж явган цэргийг цөм суулган, тэднийг гарч байлдуулсугай хэмээвээс огт чимээгүй тул бас нэгэн өдөр харааж хэвээр хоосон эгэв. Жанфэй хүрээндээ ирээд дотроо санаруун: “Өдөр дуустал хараавч тэд гарч ирэхгүй яасугай?” хэмээн бодсоор гэнэт нэгэн арга бодож олоод, цэргийн хүнийг очиж өдөөн байлдах хэрэггүй хэмээгээд хуяг дуулга өмсгөн хүрээний дотор хүлээлгээд гагц тавиад хүнийг гаргаж “Хотын дор одож хараан, Янь Янийг удирдан гаргаж байлдуулсугай!” хэмээн илгээв. Жанфэй энд нудрагыг зүлгэж, алгаа арчаад ганц цэргийн хүнийг хойш мэдүүлэхийг хүлээмүй. Цэргийн ард залгалдаагаар гурван өдөр хараавч огт гарч ирэхгүй болсны хойно Жанфэй хөмсөг гүдийлгэж бас нэгэн арга төрөөд цэргийн ардыг дөрвөн зүг тархаан өвс мод цавчин зам өрүүлж6 байлдахаар очихгүй болжээ. Янь Янь хотын дотор агаад Жанфэйгийн цэрэг хэдэн өдөр байлдахаар ирэхгүй бөгөөд чимээ ч үтүй болсон тул дотроо сэжиглэн арваад бага цэргийг Жанфэйгийн цэргийн адил хувьсган өмсгөж сэмээр хотоос гарган, цэргийн дотор хутган оруулж мэдээ авахаар илгээв.

6 Ухуулах

Тэндээс тэр өдөр олон цэрэг хүрээнд эгсэн хойно Жанфэй хөлөө дэвслэн ихэд хараагаад: “Янь Янь хөгшин боол намайг хий дүүргэж үхүүлмүй” хэмээхэд цацрын доороос гурав, дөрвөн хүн гарч өгүүлрүүн: “Жанжин цухалдах хэрэггүй. Энэ хэдэн өдөр сурвалжилбаас нэгэн бага зам буй аж, Базюньг өнгөрвөөс болмуй” хэмээмүй. Жанфэй зоримог өндөр дуугаар өгүүлрүүн: “Нэгэнтээ ийм газар байваас юунд хэдийн хэлэхээр ирэхгүй буй?”. Олон өчрүүн: “Энэ хэдэн өдөр сая сурвалжилж олов” Жанфэй өгүүлрүүн: “Хэргийг удааж үл болно. Энэ шөнийн дэд жинд будаа чанаж гутгаар жингийн сарны гэрэлд хүрээг эвдлэн мордмуй! Гагц хүн амандаа мод үмхэж морины хонхыг тайлаад сэмээр одмуй! Би өөрөө өмнө нь зам нээж явсугай! Та нар дараа дараагаар явагтун!” хэмээн цааз зарласныг олон хүрээнд цөм мэдүүлжээ.

Тэндээс мэдээ авахаар ирсэн цэргүүд энэ мэдээг сонсоод цөм хотдоо эгж Янь Яньд хэлсний хойно, Янь янь ихэд баярлаж өгүүлрүүн: “Би тэр боолыг хүлцэн чадахгүй хэмээн бодож тогтоосон бөлгөө. Тэр бага замыг өнгөрөн одвоос амуу өвсний тэрэг эрхгүй хойно буй, би хойд замыг тоссонд чи хэрхэн олж өнгөрмүй? бодлогогүй бэртэгчин эр миний арганд оров” хэмээн даруй олон цэрэгт “Байлдахаар бэлтгэж, мөнхүү дэд жинд будаалан гутгаар жинд хотоос гарч модны ягч газарт бүгээд, гагц Жанфэйгийн цэрэг бага замаар өнгөрөн гарахыг хүлээж, амуу өвсний тэрэг гарч ирсэн хойно, хэнгэргийн дуу сонсмогч цугаар гарч байлдсугай!” хэмээн зарлав. Үзтэл шөнө гүн болсонд Янь Яньгийн цэрэг цадтал будаа идээд хуяглаж, сэмээр хотоос гараад дөрвөн тийш сарнин бүгж гагц хэнгэргийн дууг хүмүүмүй. Янь Янь өөрөө арваад бага жанжин нарыг авч мориноос буугаад шугуйн дотор бүгжээ. Үзвээс гуравдугаар жингийн эцэст Жанфэйгийн бие цэргийн өмнө жадыг хөндөлдөн бариад сэмээр цэрэг авч иржээ. Гурав дөрвөн газар явсангүй хойд талын тэрэг морь дараа дараагаар ирцгээв. Янь Янь баттай болохыг үзэж мэдээд нэгэнтээ хэнгэрэг дэлдсэнд дөрвөн этгээдээс бүгсэн цэрэг хамт гарч хараахан тэрэгийг булаахад хойноос харанга дуугармагц нэгэн баг цэрэг хүрч ирээд өндөр дуугаар зандран: “Хөгшин хулгай битгий буруулагтун! Би чамайг хүлээсээр удав” хэмээмүй. Янь Янь тэргүүн өргөж үзвээс тэргүүлсэн нэгэн их жанжин ирвэсийн толгой, гархийн нүд, хараацайн түүш7 , барсын сахалтай, “могойт жад” барьж, хар морь унажээ, харин Жанфэй мөн. Дөрвөн этгээдээс харангын дуу ихэд түрчигнэж олон цэрэг алахаар ирэв. Янь Янь Жанфэй лүгээ арван удаа байлдсангүй байтал Жанфэй баахан чөлөө гаргахад Янь Янь илдээр цавчин ирэв. Жанфэй зайлсхийгээд дайран орж, Янь Яньгийн хуягийн гадуур уясан бүснээс атган амьдаар бариад, газарт хаясан хойно олон цэрэг урагшилж дээсээр хүлжээ. Үзвээс урьд өнгөрсөн нь худал Жанфэй байсан ажгуу. Янь Янь хэнгэрэг дэлдэн тэмдэглэхийг бодож мэдээд Жанфэй харанга цохихоор тэмдэглүүлсэн аж. Тийнхүү харангын дуу сонсмогц олон цэрэг хамтаар алан орсонд Сычуаньгийн цэрэг илд жадыг орхин их хагас нь дагав.

7 Эрүүний углуурга орчмын газар, түүшүү

Тэндээс Жанфэй алсаар Базюнь хотын дор хүртэл хойд цэрэг нэгэнтээ хотод оржээ. Жанфэй “Иргэнийг битгий алагтун!” хэмээн дуудаж, бичиг нааж, иргэнийг тохинуулав. Жанфэй яаманд орж суусан хойно илд, сүх барьсан хүн Янь Янийг түлхлэн яамны дор авчирсанд Янь Янь сөгдөхгүй тул Жанфэй ихэд хилэгнэн шүдээ зууж зандран өгүүлрүүн: “Их жанжин энд хүрч ирсэн хойно юунд дагахгүй, харин аюулгүй мөчөөрхмүй?”. Янь Янь эмээх өнгөгүй, нэнд Жанфэйг зандарч өгүүлрүүн: “Та нар журамгүй, манай хот балгасыг халдахаар иржээ. Гагц тэргүүн унах жанжин буй. Дагах жанжин үгүй” хэмээхэд Жанфэй ихэд хилэгнэж хоёр хажуугийн хүнийг зандран “Ал!” хэмээсэн хойно Янь Янь бас өгүүлрүүн: “Хулгай боол албаас даруй алагтун! Юунд хилэн төрмүй?” гэсэнд Жанфэй үзвээс Янь Яньгийн дуу баатар хүчирхэг, царай хувьсахгүй тул гэдрэг инээмсэглэн яндраас бууж зүүн, баруун этгээдийн ардыг зандран эгүүлээд өөрөө хүлсэн дээсийг тайлан дээл хувцсыг авч ирүүлэн өмсгөж тэргүүн мэхийж ёслон өгүүлрүүн: “Өнөө миний үг хэтрэмхийлэв. Завшаанаа үл буруушаах буй за! Би язгуураас хөгшин жанжин таныг эрэмгий баатар эрдэмтэн хэмээн мэдэх бөлгөө” хэмээсэнд Янь Янь түүний хишиг журмыг санаж дагав.

Хожмын хүмүүн Янь Янийг магтаж бичсэн шүлгийн үг:

“Ус цайтал баруун Шу улсад суугаад

Үнэн алдар их улсад мандав

Шударга сэтгэл гэгээн сарны адил

Ихэмсэг уур хөх мөрнийг эвхмүй

Толгой тасран үхье хэмээхээс бус

Өвдөг нугалж яахин дагах буй

Бажоу газрын насажсан жанжин лугаа

Бараг энэ дэлхийд тэнцэх хүнгүй”

Бас Жанфэйг магтсан шүлгийн үг:

“Янь Янийг барьсан баатар хуч үеэс тасархай

Явган морьт цэрэг, иргэнийг журмаар дагуулав

Сум дуган өдгөөг хүртэл Башугийн газар үлдээд

Сэржмийн архи тахилын гахай өдөр бур овоормуй”

Жанфэй Сычуаньд орох аргыг асуусанд Янь Янь өгүүлрүүн:

“Дарагдсан цэргийн жанжин зузаан хишгийг хүртээд хариулах аргагүй, дуртайяа нохой морины хүчийг арган нум зэвийг хэрэглэхгүйгээр, шууд Чөндүг авч өгсүгэй!” хэмээжээ. Энэ чухамхүү:

“Гагцхүү нэгэн жанжин сэтгэл хандаж дагасан хойно

Залгалдаа хотыг гар тавьсаар дагахад хүргүүлэв”

Эгнэгт түүний ямар аргыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top