Монгол Ардын намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ХБНГУ-ын Социал Демократ намын урилгаар өнгөрсөн тавдугаар сард Герман Улсад ажлын айлчлал хийсэн.
Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ дахь Монгол Ардын намын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Монгол Ардын намын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн нар багтсан байна.
Айлчлалын хүрээнд хөндөгдсөн нэг том сэдэв бол ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсыг Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх орнуудын жагсаалтаас гаргах шийдвэртэй холбоотой асуудал байв.
Тодруулбал 2021 онд ХБНГУ-ын зүгээс “Монгол Улсад хүний хөгжлийн индекс сайжирч, бага, дунд орлоготой улс орны эгнээнд шилжсэн” гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтээ үндэслэж Монгол Улсыг хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх орны жагсаалтаас хасах шийдвэр гаргасан юм.
“Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хөтөлбөр” нь ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яаманд хамаарагддаг бөгөөд Монгол Улсад маш үр дүнтэй, үр өгөөжтэй тусламжууд олгогддог.
Монгол, Герман хоёр улсын хамтын ажиллагааны анхны механизмуудын нэг болсон “Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хөтөлбөр” нь өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд байгаль орчныг хамгаалах, ядуурлыг бууруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, эрх зүйн салбарын шинэчлэл, эрчим хүч, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг олон чиглэлээр тусламж, дэмжлэг үзүүлж нийт 400 гаруй сая евро зарцуулсан байдаг.
Зөвхөн 2020 онд л гэхэд эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах зэрэг чиглэлээр нийт 20 гаруй сая еврогийн тусламжийг энэхүү хөтөлбөрийн хүрээнд олгосон байна.
Монгол-Герман Улсын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтсон. 1990-ээд оноос хойш ХБНГУ-ын зүгээс Монгол Улсад 400 гаруй сая еврогийн хөгжлийн тусламж олгоод байгаагийн 170 сая евро нь буцалтгүй тусламж аж. Буцалтгүй тусламж нь Монгол Улсын боловсрол, байгаль орчин, эрчим хүч, уул уурхай гэсэн үндсэн гол салбаруудад хүрчээ.
Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан айлчлалын бүрэлдэхүүн өнгөрсөн тавдугаар сард хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны парламентын төрийн нарийн бичгийн дарга Нилс Аннентай уулзсан байна. Уулзалтаар Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн энэхүү хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.
Харин ноён Нилс Аннен: “Өмнөх засгийн газар Монгол Улсыг Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх орнуудын жагсаалтаас хасах шийдвэр гаргасан хэдий ч та бүхний хүсэлтийн дагуу буцаан оруулах чиглэлээр идэвхтэй, дэмжиж ажиллана” гэж мэдэгдээд цаашид “Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа”-гаар зогсохгүй эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлогын хүрээнд туршлага солилцож, хамтын ажиллагааг идэвхтэй байлгаж, дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг онцолжээ.
Мөн Германы Социал Демократ намын Бундестагийн бүлгийн дарга Михаел Мюүллер ч дэмжиж ажиллахаа илэрхийлж, Бундестагийн хурлаар Монгол Улсыг ХБНГУ-ын Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцэхэд дэмжихээ илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Оюутан сургах,мэргэжилтнийг дадлагажуулах,туршлага судлах хүмүүс илгээх,ХАА-д хүлэмж,зоорь барихад сургалт явуулах,барилгын доторхи засалтыг хийдэг нарийн хялбар технологийг нь монголын хөдөөг барилгажуулахад нэвтрүүлэх гээд олон ажлаар хамтрах хэрэгтэй байдаг