Бүлгийн даргаасаа буухыг эсэргүүцсэн Д.Ганбатын ЗАВСАРЛАГА ДУУСЛАА 

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

АН-аас нэр дэвшиж Баянхонгор аймгаас сонгогдсон Д.Ганбат гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалаас нь буулгах хуулийн төслийг өнөөдөр /2022.06.17/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийднэ.

Уг хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болох О.Цогтгэрэл нар өнгөрсөн тавдугаар сарын 18-ны өдөр өргөн барьсан юм. 

Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэл тэргүүтэй намынх нь зарим гишүүн Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргын суудлаас буулгахын тулд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төсөл өргөн бариад байгаа билээ. 

Харин дээрх хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хоёр өдрийн завсарлага авсан. Тэрбээр "Нэг хүнд зориулсан хууль" хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. 

Түүнчлэн өчигдрийн /2022.06.16/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх асуудалд нэр бүхий гишүүд Д.Ганбатад зориулсан, нэг хүнд зориулсан хууль өргөн барьсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр завсарлага авсан. Ер нь Монголд хоёр хуваагдаагүй юм алга. Тэрний нэг нь АН. Бидний ч буруу байгаа байх. Намын бүлэг найман гишүүнтэй. Бичгээ УИХ-ын даргад явуулсан. Уншиж танилцуулах хэрэгтэй. МАН өнөөдөр олонх байна. Та бүхэн АН-ын асуудлыг шийднэ гэж байхгүй. Ёс зүйтэй байгаарай. Хуулиараа би завсарлага авах эрхтэй. АН учраа олно, олох нь баараагүй" гэсэн юм. 

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын хоёр хоногийн завсарлага өнөөдөр /2022.06.17/ дуусгавар болж байна.

Өөрөөр хэлбэл, түүнийг бүлгийн даргын суудлаас нь буулгахын тулд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэж гэж байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ah(202.126.88.166) 2022 оны 06 сарын 17

Энэ дандаа тэнэг тэнэг юм ярих юмаа

0  |  0
Top