Гурван улсын үлгэр | 64 ДҮГЭЭР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ - 64 ДҮГЭЭР БҮЛЭГ

КУНМИН АРГА ТОГТООЖ ЖАНРЭНИЙГ БАРЬСАН ЯН ФУ ЦЭРЭГ ЗЭЭЛЖ МАЧАОГ ЭВДСЭН

Өгүүлэх нь: Жанфэй Янь Яньгаас арга асуусанд Янь Янь өгүүлрүүн: “Эндээс Луочэн хот хүртэл эл боомт хавцлыг сахисан нь цөм хөгшин миний захирах нь бөгөөд албан цэрэг миний харьяат бөлгөө. Өдгөө жанжны хишгийг хүртээд, хариулах газаргүй тул хөгшин би өмнө анги болж яваад хүрсэн эл газарт цөмийг дуудан гаргаж дагуулсугай!” хэмээсэнд Жанфэй ихэд талархав. Түүнээс Янь Янь өмнө анги болж Жанфэй хойно цэргээ авч дагажээ. Эл хүрсэн газар Янь Яньгийн харьяа тул бүхнийг дуудан гаргаж дагуулав. Сэжиглэж таслан чадахгүйд нь Янь Янь хэлрүүн: “Би харин ч дагасан атал нэнд таныг яахан өгүүлнэм хэмээмүй”. Үүнээс цөм салхины аяар дагаж нэгэн удаа ч байлдсангүй бөлгөө.

Тэндээс Кунмин нэгэнтээ цэрэг мордох өдрийг захиа бичиж Сюаньдөд мэдүүлэн илгээгээд “Цөмөөр Луочэн хотод золгосугай!” хэмээв. Сюаньдө олон түшмэлийн зүг зөвлөж хэлрүүн: “Өдгөө Кунмин, Идө хоёр замаар Сычуанийг авахаар ирж Луочэн хотод хураад хамтаар “Чөндүд орсугай!” хэмээн усан хуурайгийн онгоц тэрэг нэгэнтээ долоон сарын хорины өдөр мордон гарав хэмээмүй. Бодвоос энэ үес хүрч ирэх ойртов. Бид одоо цэрэг дэвшвээс зохимуй”. Хуанжун өгүүлрүүн: “Жанрэнь өдөр бүр байлдсугай хэмээн ирэхэд бид хотын дотроос гарахгүй тул түүний цэрэг осолдоод лав эс бэлтгэмүй. Энэ шөнө цэрэг салгаж, хүрээг дарахаар очвоос өдөр наранд алалдсанаас илүү болой” хэмээхэд Сюаньдө тэр үгийг дагаж Хуанжун нараар зүүн этгээдийг авахаар илгээж Вэй Яньгаар баруун этгээдийг авахаар илгээж Сюаньдө дунд болж тэр шөнийн дэд жинд гурван замын цэрэг морь хамтаар гарваас Жанрэнь үнэхээр бэлтгэсэнгүй байжээ. Хань улсын цэрэг их хүрээнд сүрэглэн ормогц гал тавьсанд галын гэрэл тэнгэр тулаад Шу улсын цэрэг буруулан явж шөнөдөө Луочэн хотод завдаж хүрвээс хотын доторхи цэрэг гараад угтаж оруулсан тул Сюаньдө замын дундаас эгж хүрээ байгуулав.

Жич өдөр цэрэг авч Луочэн хотод хүрч ирээд хотыг хааж байлдваас Жанрэнь байлдахгүй тул дөрөвдүгээр өдөр болтол хаагаад Сюаньдө өөрөө нэгэн салааны цэрэг авч баруун хаалгыг байлдаж Хуанжун, Вэй Яньгаар зүүн хаалгыг байлдуулан өмнө хаалга хойд хаалгыг үлдээж цэргийн ардыг тавьж явуулжээ. Үзвээс өмнө хаалганы гадна болбоос цөм уулын зам бөгөөд хойд хаалганы гадна болбоос Фушүй ус буй тул тийнхүү хаасангүй. Жанрэнь Сюаньдөгийн баруун хаалганд байж морь унаад урагш хойш яван хотыг байлдахыг заан дохиж, луу цагаас хонь цаг хүрэхэд хүн морь улам улам хүч мохсоныг үзээд Жанрэнь Ү Лань, Лэйтун хоёр жанжинд “Цэрэг авч хойд хаалгаар гарч зүүн хаалганд хүрээд Хуанжун, Вэй Янийг байлд! Би цэрэг авч өмнө хаалгаар гараад баруун хаалганд одож Любэйг угтан байлдсугай! Хотын доторх иргэний цэргийг хэрмийн дээр гаргаж хэнгэрэг дэлдэн хашхирч туслуул!” хэмээв.

Тэндээс Сюаньдө нар баруунш ташсаныг үзээд “Хойд цэрэг урьдаар эгэгтүн!” хэмээж цэрэг сая эргэтэл хотын дээрээс хашхирах дуу гарч өмнө хаалганаас цэрэг морь гэнэт гараад Жанрэнь шууд Сюаньдөг барихаар ирэхэд Сюаньдөгийн цэрэг ихэд самуурав. Хуанжун, Вэй Янь хоёр Ү Лань, Лэйтунгийн цэрэгтэй байлдсанаар хоёр этгээд харилцан туслалцаж чадахгүй болжээ. Сюаньдө Жанрэнийг дийлж чадахгүй болоод морийг эгүүлж ганцаар уулын бага замаар буруулахад Жанрэнь хэдэн морьтонг дагуулан хөөх үед Сюаньдө чинээгээр морийг ташуурдаж яван атал гэнэт уулын замаас нэгэн анги цэрэг дайран иржээ. Сюаньдө морин дээрээс гашуудан өгүүлрүүн:

“Өмнө бүгсэн цэрэг байж, хойно нэхэх цэрэг буй тул энэ “Тэнгэр намайг мөхөөх нь болой”” хэмээн ирэх цэргийг үзвээс тэргүүлсэн жанжин нь Жанфэй ажгуу. Үзвээс Жанфэй Янь Янь лугаа тэр замыг барьж ирэхэд тоос дэгдсэнийг үзээд Сычуаньгийн цэрэг лүгээ байлдаж байгааг мэдэж Жанфэй урагш ирвээс төвхийтэл Жанрэньтэй учирсан тул даруй хоёул байлдан жаран удаа болтол хойноос Янь Янь цэрэг авч орсонд Жанрэнь яаран хотын зүг буруулав. Жанфэй нэхэж хотын дээр хүрэхэд Жанрэнь хотод ороод гүүрийг татжээ.

Жанфэй эгж Сюаньдөд учраад өгүүлрүүн: “Цэргийн багш усан замаар ирэх бөгөөд харин ч хүрч ирээгүй тул би харин тэргүүн гавьяаг байгуулжээ” хэмээхэд Сюаньдө: “Уулын зам цухал байтал яахин дайсны цэрэг тоссонгүй байдаг билээ?” хэмээсэнд “Замд дөчин боомт таван хавцлыг эсэн мэнд гарсан нь цөм хөгшин жанжин Янь Яньгийн гавьяа бөлгөө. Замын турш ямхын төдий хүч гаргасангүй бөлгөө” хэмээн Жанфэй өгүүлээд даруй Янь Янийг журмаар тавьсан хэргийг эхнээс адагт хүртэл ярьж өгөөд даруй Янь Янийг дагуулан Сюаньдө лүгээ учруулав. Сюаньдө тал өгч өгүүлрүүн: “Хэрвээ хөгшин жанжин байгаагүй болбоос миний дүү яахин энд хүрч ирж чадах билээ?” хэмээгээд өөрийн өмссөн алтан хуягийг тайлан хүртээв. Янь Янь харамж өгч мөргөсөн хойно “Хурим бэлтгэж хуримласугай! “Хэмээн атал харуулын хүн ирж мэдүүлрүүн: “Хуанжун, Вэй Янь нар Ү Лань, Лэйтун лүгээ ямагт байлдахад хотын дотроос Ү И, Люгүй бас цэрэг авч туслан байлдахаар ирээд хоёр этгээдээс хавчин байлдсанд манай цэрэг тулан чадахгүй болж Хуан, Вэй хоёр жанжин дарагдаж зүүнш буруулан одов”. Жанфэй сонсоод даруй “Сюаньдөг цэрэг хуваан хоёр замаар өмгөөлөн очсугай!” хэмээсэнд Жанфэй зүүн этгээдээр, Сюаньдө баруун этгээдээр туслахаар мордов. Ү И, Люгүй хойноос хашхирах дуу ихэд гарсныг сонсоод яаран хотод оров. Ү Лань, Лэйтун нэгэн амиар Хуанжун, Вэй Янийг нэхэж очтол харин Сюаньдө Жанфэй нарт эгэх зам нь тосогджээ. Хуанжун, Вэй Янь морь эгүүлэн байлдсанд Ү Лань, Лэйтун санахад тулж чадахгүйг мэдээд аргагүй харьяат цэрэг морийг авч дагахаар ирсэн хойно Сюаньдө дагахыг тогтоож цэргээ хураан хотын ойр дэвшиж хүрээ буув.

Тэндээс Жанрэнь хоёр жанжнаа алдаад, дотроо зовж бүхийд Ү И, Люгүй өгүүлрүүн: “Цэргийн хүч ихэд буурав. Нэгэн зэрэг үхэн байлдахгүй болбоос энэ цэргийг яахин эгүүлэх билээ? Нэгэнтээгүүр Чөндүд хүн зарж эзэн гүнээс туслах цэрэг авахаар илгээсүтэй! Нөгөөтээгүүр арга үүсгэж тулсугай!” хэмээсэнд Жанрэнь өгүүлрүүн: “Би маргааш өдөр цэрэг авч өдөөн байлдаж хууран хотын хойдоор тойрч буруулан одсугай! Хот дотроос дахин нэгэн салааны цэрэг дайран гарч түүний дундуур хөөж орсонд дийлбээс болмуй”. Ү И өгүүлрүүн: “Лю жанжин гүнзд туслан, хотыг сахигтун! Би цэрэг авч туслан байлдахаар гарсугай!” хэмээн Ү И өгүүлэн зөвлөж тогтоод жич өдөр Жанрэнь хэдэн мянган цэрэг авч далбаа, сэжлэн хашхирч хотоос байлдан гарсанд Жанфэй морь унаж угтан гараад огт үг дуугүйгээр шууд Жанрэнь лугаа байлдаж арван удаа болсонгүй. Жанрэнь хууран буруулж хотыг тойрон дутаахад Жанфэй чинээгээр нэхэж очих үед Ү И цэрэг аван хөшиж оров. Жанрэнь бас цэрэг авч эгэн ирсэнд Жанфэйг дундаа хаагаад орвоос эгвээс болохгүй болсонд хараахан аргагүй бүхийд нэгэн салааны цэрэг мөрний хөвөөнөөс байлдан ирэв. Тэргүүлсэн нэгэн жанжин жад барьж морио давхиулан Ү И лүгээ байлдаад ганц нэгэн удаад Ү Иг амьдаар барин аваачиж дайсны цэргийг байлдан эгүүлээд Жанфэйг тэнхрүүлэн гаргав. Үзвээс харин Жао Юнь ажгуу. Жанфэй асууруун: “Цэргийн багш хаана буй?” хэмээхэд Жао Юнь өгүүлрүүн: “Цэргийн багш нэгэнтээ хүрч ирэв. Энэ хэрд лав эзэн гүнтэй золгосон буй за” хэмээн өгүүлж хоёул Ү Иг баримтлан хүрээнд авчрав. Жанрэнь ганцаар эгж зүүн хаалгаар хотод оров.

Тэндээс Жанфэй, Жао Юнь хоёр хүрээнд эгээд үзээс Кунмин, Зянь Юн, Зянваньгийн хамтаар цөм цацарт суужээ. Жанфэй мориноос бууж Кунмин лүгээ ёслон золгов. Кунмин цочиж асууруун: “Яахин урьд олж хүрч ирсэн буй?”. Сюаньдө Янь Янийг тавьж дагуулсан хэргийг хэлсэн хойно Кунмин ихэд баяртайгаар өгүүлрүүн: “Жанфэй жанжин арга хэрэглэн чадсан нь цөм эзэн гүнгийн их буян болой” хэмээжээ. Жао Юнь, Ү Иг авчирч Сюаньдө лүгээ уулзуулав. Сюаньдө асууруун: “Намайг дагах уу, үгүй юу?” хэмээтэл “Би нэгэнтээ баригдсан тул юунд дагахгүй байх билээ?” гэж Ү Иг өгүүлэхэд Сюаньдө ихэд баярлаж биеэр хүлээсийг тайлан өгөв. Кунмин асууруун: “Хот дотор хэн сахиж байгаа вэ?” гэхэд Ү И өгүүлрүүн: “Лю Зи Юйгийн хөвгүүн Люсюнь, хавсрах жанжин Люгүй, Жанрэнь нар буй. Люгүй хамаагүй. Гагц Жанрэнь болбоос Шузюнь хошууны хүн бөгөөд ихэд бодлоготой нэгэн тул хөнгөнөөр байлдваас болохгүй!” хэмээжээ. “Урьдаар Жанрэнийг бариад хойно Луочэн хотыг авсугай!” хэмээн Кунмин хэлээд бас асууруун: “Хотын зүүнтээ байх гүүрийг юу гэж нэрлэдэг вэ?” гэсэнд “Зинь Яньцяо гүүр хэмээдэг” гэв. Кунмин даруй морь унаад гүүрний дэргэд ирж голыг тойрон нэгэн зэрэг үзээд, хүрээнд эгж Хуанжун, Вэй Янийг дуудаад зарлаж өгүүлрүүн: “Зинь Яньцяо гүүрний өмнө тав зургаан газрын эцэст хоёр хөвөөнд цөм хулс ургажээ. Тэнд цэрэг бүгүүлж болмуй. Вэй Янь нэгэн мянган жад барьсан цэргийг аван одож зүүн этгээдэд бүгж гагц морин дээрх жанжныг жадла! Хуанжун нэгэн мянган илд барьсан цэргийг аван одож баруун этгээдэд бүгээд гагц унасан морины хөлийг цавч! Дайсны цэргийг байлдаж сарниулсанд Жанрэнь эрхгүй уулын зүүнтээх бага замаар буруулах болно. Жан Идө нэгэн салааны цэрэг авч тэнд бүгж тэр газарт баримтлагтун!” хэмээгээд бас Жао Юнийг дуудаж чи Зинь Яньцяо гүүрний хойд талд бүгэгтүн! Би Жанрэнийг удирдан гүүрийг өнгөрмөгц даруй гүүрийг эвдлээд цэргийг гүүрний хойно жагсааж сүр үзүүлэн Жанрэнийг эмээлгэж хойш одохгүй болгож өмнө тийш очуул! Ийм болбол лав арганд ормуй” хэмээж цөмийг илгээн дууссан хойноо Кунмин биеэр дайсныг өдөөхөөр одов.

Тэндээс Люжан Жуо Ен, Жан И хоёр жанжныг “Урагш Луочэн очиж туслан байлд!” хэмээн илгээсэнд Жанрэнь, Люгүй, Жан И хоёулаар хотыг сахиулаад Жанрэнь өмнө анги болж, Жуо Енг хойд анги болгож, хотоос гаран байлдахаар ирэв. Кунмин нэгэн багийн тэгшгүй цэргийг аваад Зинь Яньцяо гүүрийг гэтлэн ирж Жанрэньгийн зүг эсэргүүлэн жагсаав. Кунмин дөрвөн хүрдэт тэргэнд сууж, бумбын малгай өмсөн, өдөн дэвүүр барьж хоёр хажууд зуу илүү морьтон дагамуй. Холоос Жанрэньг зааж өгүүлрүүн: Цаоцао зуун түмний олныг авч ирээд миний нэрийг сонсмогц салхины аяар буруулжээ. Өдгөө чи ямар зэргийн хүн хэмээн аймшиггүй дагахгүй болой?”. Жанрэнь, Кунмингийн цэрэг тэгшгүйг үзээд морины дээр жихүүнээр инээвхийлж өгүүлрүүн:

“Хүн цөм Жугө Лян цэрэг хэрэглэх нь хувилгаан адил хэмээн хэлэлцдэг бөлгөө. Өдгөө үзвээс нэрийн төдий үнэнгүй ажгуу” хэмээгээд жадыг нэгэнтээ далласанд, их бага цэрэг цугаар байлдахаар оров. Кунмин дөрвөн хүрдэт тэргийг гээж морь унаад буцаж гүүрийг гэтлэсэн хойно Жанрэнь дагалдаагаар нэхэж ирэн Зинь Яньцяо гүүрийг өнгөрмөгц Сюаньдөгийн цэрэг зүүн этгээдээс Янь Яньгийн цэрэг баруун этгээдээс дайран ирэхэд Жанрэнь арганд орсныг мэдээд “Яаран эгсүгэй!” хэмээвээс гүүрийг нэгэнтээ эвдэлжээ. “Хойд зүг одсугай!” хэмээвч Жао Юньгийн нэгэн анги цэрэг хөвөө алслан жагсаж буй тул тийш очиж зүрхлэсэнгүй. Шууд урагш голыг тойрон явав. Одсоор тав зургаан газар болсонгүй, хулс өвсний зузаан газар хүрсэнд Вэй Яньгийн цэрэг хулсан дотроос гэнэт гарч, урт жад барин дэмий л жадламуй. Хуанжунгийн нэгэн анги цэрэг хулсан дотор бүгж урт илд барин морины хөлийг цавчсанд, морьт цэрэг цөм баригдсан тул явган цэрэг айж урагш ирсэнгүй. Жанрэнь арваад морьтонг аван уулын замаар буруулан одоход төв хэмээн Жанфэй лүгээ учрав. Жанрэнь сая буруулсугай хэмээтэл Жанфэй өндөр дуугаар нэгэнтээ дуугармагц олон цэрэг цугаар гарч Жанрэнийг амьд барин аваачив. Үзвээс Жуо Ен, Жанрэньгийн бие арганд унасныг үзээд хэдийн Жао Юньгийн цэрэгт очиж дагасан ажгуу. Олон цэрэг цугаар эгж их хүрээнд иржээ. Сюаньдө, Жуо Енг шагнасан хойно Жанфэй Жанрэнийг авчрав. Тэр үес Кунмин бас цацарт агсан бөлгөө. Сюаньдө Жанрэньгийн зүг өгүүлрүүн: “Шу улсын олон жанжин нар салхины аясыг үзээд дагасан атал чи юунд эртхэн дагахаар ирэхгүй аж?”. Жанрэнь нүд дүгэрэглэн, хилэн төрж, бархиран өгүүлрүүн: “Шударга түшмэл хэрхин хоёр эзнийг үйлдмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Чи тэнгэрийн цагийг мэдэхгүй болой. Дагаваас үхэхийг чинь хэлтрүүлмүй!”. Жанрэнь өгүүлрүүн: “Энэ удаа дагавч хожмын өдөр бас ч дагахгүй. Хурдан намайг алагтун!” хэмээсэнд Сюаньдө алж төвдөхгүй бүхийд Жанрэнь өндөр дуугаар бархиран хараах тул Кунмин: “Аваачиж алаад түүний нэрийг бүртгэтүгэй!” хэмээв.

Хожмын хүний магтсан шүлгийн үт:

“Зоригт ард хоёр эзэнд хэрхин үйлчилмүй

Жан авгайн шударга зориг үхэвч амьд адил

Өв тэгш мэргэн нь тэнгэрийн хязгаар дахь сар мэт

Үдэш бүхэн цацрах гэрэл Луочэн хотыг гийгүүлмүй”

Сюаньдө маш гомдон, ясыг хураалган Зинь Яньцяо гүүрний хажууд оршуулж, түүний шударгыг илрүүлжээ.

Түүнээс дэд өдөр Янь Янь, Ү Игийн зэрэг Шу газрын шинэ дагасан жанжин нарыг өмнө болгож шууд Луочэн хотын дэргэд илгээн өндөр дуугаар дуудан: “Хурдан хаалгыг нээж дагаад, нэгэн хотын иргэний зовлонг хэлтрүүлсүгэй!” хэмээсэн хойно Люгүй хотын дээрээс Янь Янийг ихэд харааж сая зэв авч харвасугай! хэмээтэл гэнэт хэрмийн дээр нэгэн жанжин сэлмийг сугалан Люгүйг цавчин унагаагаад хаалгыг нээж дагав. Сюаньдөгийн цэрэг Луочэн хотод орсонд Люсюнь баруун хаалгаар буруулан гарч Чөндү рүү оджээ. Сюаньдө тунхаг бичиг гаргаж иргэнийг тогтоов. Тэр Люгүйг алсан нь Ү Ян газрын хүн Жан И болой. Сюаньдө Луочэн хотыг олоод олон жанжин нарыг хүндээр шагнав. Кунмин өгүүлрүүн: “Луочэн хотыг нэгэнтээ олоод Чөндү нүдний өмнө болжээ. Гагц гадаад муж, хошууд амаргүй болуузай хэмээн болгоомжилмуй. Өдгөө Жан И, Ү Игээр Жао Юнийг дагуулан Вайшүйгийн Зян Ян, Зяньвэй зэрэг газрын харьяат муж хошуудыг тохинуулан Янь Янь, Жуо Ен нарыг Жанфэй лүгээ Баси, Дө Янгийн харьяат муж хошуудыг амаржуулж түшмэл тавин засаж төвшитгөөд, даруй цэрэг авч Чөндүд золгохоор ирэгтүн!” хэмээсэнд Жанфэй, Жао Юнь захиаг хүлээн мордов. Кунмин бас асууруун: “Урагш одвоос бас ямар боомт хавцал байгаа буй?”. Шу газрын дагасан жанжин нар өгүүлрүүн: “Гагц Мяньжуд их цэрэг сахин сэргийлж амуй. Хэрэв мяньжуг олбоос Чөндүг гар тавьж олох болой”. Кунмин цэрэг орохыг зөвдөлцвөөс Фажөн өгүүлрүүн: “Луочэн хот нэгэнтээ эвдэгдсэнд Шугийн газар түгшүүртэй болжээ. Эзэн гүн өршөөл журмаар олныг дагуулсугай хэмээвээс түр битгий цэрэг орогтун! Би нэгэн битүүмж бичиг хийж Люжанд хүргүүлээд ашиг зовлонг жагсаан хэлбээс Люжан аяндаа дагах болой”. Кунмин өгүүлрүүн: “Сяожигийн үг ихэд сайн” хэмээгээд даруй бичиг үйлдүүлэн Чөндүд хүн зарж хүргүүлэв.

Тэндээс Люсюнь оргон эгээд эцэгтээ золгож хэлрүүн: “Луочэн хот нэгэнтээ автагдав” хэмээсэнд Люжан санд мэнд олон түшмэлийг цуглуулж зөвлөхөд, Цунши түшмэл Жөндү арга өргөж өгүүлрүүн: “Өдгөө Любэй хэдий хотыг байлдаж газрыг авсан боловч цэрэг үлэмжгүй бөгөөд олон хүн түүнд дагаагүй тул хээрийн амуунд итгэж, тусалбар болгохоос цэрэгт амуу цалин авч яваагүй. Баси, Зытүнгийн иргэнийг дуусган Фушүй усны баруунтаа нүүлгэж тэндхийн сангийн будаа болон тариалангийн амуунд цөм гал тавиад гүн гуу өндөр, хэрэм цогцлоож, нам сахин суухад хүрэхгүй. Ийм болбоос тэр байлдсугай хэмээвээс болохгүй. Удсанд цэргийн идэх мохоод, зуун өдөр бололгүй түүний цэрэг өөрөө явмуй. Тэр тухайд бид хоосныг тохиолдуулан нэгэнтээ байлдсанд Любэйг барьж болмуй”. Люжан өгүүлрүүн: “Тийм бус. Би сонсвоос дайсныг халхалж иргэнийг амар болгомуй гэдэг болохоос бус, иргэнийг хөдөлгөж дайсанд бэлтгэхийг сонссонгүй. Чиний энэ үг бүрнээр хамгаалах арга бус” хэмээн хэлээд хараахан зөвлөж байтал хүн ирж хэлрүүн: “Фажөнгийн бичиг хүрч иржээ” хэмээмүй. Люжан дуудан оруулаад бичгийг нээж үзвээс бичгийн үг нь: “Урьд намайг Зинжоу мужтай найрласугай хэмээн эарсан бөлгөө. Санамсаргүй эзний ойр тойронд зохист хүнийг олсонгүй тул байдлыг иймд хүргүүлжээ. Өдгөө Зинжоу мужийн эзэн хуучин сэтгэлгээг санаж угсааны янагийг эс мартахын тул эзэн гүн хэрвээ санааг эгүүлэн санаж ирвээс лав нимгэнээр хүндлэхгүй болой. Гуйх нь дахин давтан санагалзаж хойш мэдэгдэн илгээх ажаам уу!” хэмээжээ. Люжан ихэд хилэгнэж бичгийг ураад, ихэд хараан: “Фажөн эзнээ худалдаж эрхмийг эрсэн боол! Хишгийг умартаж журмаас тэсэргүүлсэн хулгай!” хэмээн түүнийг зарсан хүнийг хотоос үлдэж гаргаад, даруй хүр дүү Фэйгуанийг цэрэг авч “Мяньжуг сахихаар очигтун!” хэмээв. Фэйгуань нь Нань Ян газрын хүн. Овог Ли, нэр Янь, өргөсөн нэр Жөнфан хэмээгчийг өргөн гаргаж хамт цэрэг авч очсугай хэмээгээд тэр тухай Фэйгуань, Ли Янь гурван түмэн цэрэг шалгаж аван мяньжу хотыг сахихаар одов. Ижоу мужийн тайшоу түшмэл Дунхө, өргөсөн нэр Юцай, Наньзюнь хошууны дизян газрын хүн. Люжанд бичиг өргөж “Ханьжунд цэрэг зээлэхээр илгээсүгэй!” хэмээхэд Люжан өгүүлрүүн: “Жанлү над лугаа үе улиран өшөө буйн тул юунд туслахаар ирэх билээ?” гэсэнд“. Хэдий мань лугаа өшөө буй боловч Любэйгийн цэрэг Луочэн хотод байгаа тул байдал маш бачим болжээ. Уруулгүй болбоос шүд жиндмүй хэмээн ашиг зовлонг хэлбээс эрхгүй бидний үгийг дагах болно” хэмээн Дунхө өгүүлсэнд Люжан даруй бичиг үйлдэн элч зарж Ханьжун руу илгээв.

Тэндээс Мачао цэрэг дарагдаад Цян аймагт орж хоёр жил илүү болсон хойно Цян аймгийн цэрэгтэй нөхөрлөн Лунси газрын муж хошуудыг байлдахад хүрсэн эл газар цөм дагажээ. Гагц Зижоу мужийг байлдан олж чадсангүй. Цыши түшмэл Вэйкан удаа дараа хүн зарж “Сяхоу Юаньгаас туслана уу!” хэмээн гуйхад Сяхоу Юань Цаоцаогийн үггүй тул цэрэг хөдөлгөж эс чадав. Вэйкан туслах цэрэг ирэхгүйд олныг цуглуулан зөвдөж Мачаод дагахад хүрэхгүй хэмээвээс Цаньзюнь түшмэл Янфу уйлан хориглож өгүүлрүүн: “Мачао хаан эзнээс урвасан боол тул хэрхин дагаж болмуй!”. Вэйкан өгүүлрүүн: “Хэрэг үүнд хүрсэн тул дагахгүй юуг хүлээмүй?”.

Янфу гашуудан хоригловоос үгийг авахгүй хаалгыг нээж, Мачаод дагасан хойно, Мачао ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Чи хэрэг цухалдаад сая дагасан нь үнэн сэтгэл бус болой” хэмээгээд Вэйкан нарын дөч илүү ам хүнийг нэг ч үлдээсэнгүй цөмийг алав. Тэр үес нэгэн хүн аж, Мачаод хэлрүүн: “Янфу Вэйканыг “Битгий дагагтун!” хэмээн хориглосон бөлгөө. Түүнийг албаас зохимуй” хэмээвээс Мачао хэлрүүн: “Энэ хүн журмыг сахисан тул албаас болохгүй!” хэмээгээд Янфуг басхүү Цаньзюнь түшмэл болгосонд Янфу Лянкуань, Жаоцюй хоёулыг батласанд Мачао хоёуланг хэрэглэж цэргийн түшмэл болгожээ. Янфу Мачаогаас гуйж хэлсэн нь: “Миний эм Линтао газарт үхсэн тул би хоёр сарын чөлөөг гуйж, эмийн хүүрийг оршуулаад даруй ирсүгэй!” хэмээсэнд Мачаоүгийг дагаж илгээв.

Тэндээс Янфу, Личэн хотыг дайран Фу И жанжин Зянсюй лүгээ золгохоор ирэв. Зянсюй болбоос Янфу лугаа бөл ах дүү болой. Зянсюйгийн эх болбоос Янфугийн авга эгч бөгөөд энэ жил наян хоёр настай. Тэр өдөр Янфу, Зянсюйгийн гэрт ирээд өөрийн авга эгчдээ золгож уйлан өгүүлрүүн: “Янфу би хотыг сахиж хамгаалан чадсангүй бөгөөд эзэнгүй болоод үхэж чадсангүй тул авга эгчид золгох нүүргүй болжээ. Мачао хаанаас урваад дураар хошууны эзнийг алсанд нэгэн мужийн хүн ард эс занах нь үгүй атал өдгөө миний ах Личэн хотод сууж огт хулгайг дайлах санаагүй. Үүнийг хэрхин хүний сайдын ёс хэмээж болмуй!” хэмээн уйлахад Зянсюйгийн эх үгийг сонсоод Зянсюйг дуудан донгодож хэлрүүн: “Вэй хошуу захирагч зовлонд тохиолдсон нь мөн чиний ял болой” хэмээгээд бас Янфугийн зүг: “Чи нэгэнтээ хүнд дагаад түүний пүнлүүг идсэн атал бас юунд дайлах сэтгэлийг үүсгэмүй?”. Янфу өгүүлрүүн: “Миний хулгайд дагасан нь муу амийг агуулан эзний төлөө хариу авсугай хэмээсэн болой”. Зянсюй өгүүлрүүн: “Мачао баатар хэцүү тул даруй дарахад бэрх!” хэмээсэнд Янфу өгүүлрүүн: “Баатар боловч бодлогогүй хялбар болой. Би нэгэнтээ Лянькуань, Жаоцюй лугаа битүүгээр болзож тогтжээ. Ах хэрвээ цэрэг авч одвоос хоёул эрхгүй дотуураар угтмуй” гэж хэлсэнд Зянсюйгийн эх: “Чи хурдан хичээхгүй бас юуг хүлээмүй? Хэн үл үхмүй? Шударга журмаар үхвээс газрыг олсон болой. Битгий намайг сэтгэлд агуулагтун! Хэрэв Ишаньгийн үгийг сонсохгүй болбол би урьд үхэж чиний санахыг тасалсугай!” хэмээв.

Тэндээс Зянсюй цэрэг захирах Сяо Юй түшмэл Енфөн, Жао Ан нартай энэ хэргийг зөвлөв. үзвээс Жао Ангийн хөвгүүн Жао Юэ нь Мачаог дагаж бага жанжин болжээ. Тэр өдөр Жао Ан болзож тогтоод гэртээ эгж, эм Ван овогтны зүг өгүүлрүүн: “Би энэ өдөр Зянсюй, Янфу, Енфөн лүгээ зөвлөж эзэн Вэйканьгийн хариуг авахаар цэрэг хөдөлгөсүгэй хэмээмүй. Би санаваас миний хөвгүүн Жао Юэ өнөө Мачаог дагаж буй тул өдгөө хэрвээ цэрэг үүсгэвээс Мачао эрхгүй миний хөвгүүнийг хөнөөмүй. Хэрхсүү?” хэмээсэнд түүний эхнэр өндөр дуугаар: “Эзэн эцгийн ичгүүрлийг цагаатгахад хэдий бие мөхөвч, хайрлахгүй хэмээдэг атал юу хэмээн нэгээхэн хөвгүүнийг дурьдмуй. Чи хэрвээ хөвгүүнийг бодоод явахгүй гэвэл би урьдаар үхсүгэй!” хэмээсэн хойно Жао Ан сая санаа тогтоод жич өдөр хамт цэрэглэн Зянсюй, Янфу хоёр Личэн хотод бууж Енфөн, Жао Ан нар Ци Шань ууланд буув. Жао Ангийн эхнэр Ван овогт өөрийн зэмсэг заслага дээл хувцсыг дуустал авч биеэр Ци Шань ууланд одож олон цэргийг шагнаж хөхүүлэв.

Тэндээс Мачао, Зянсюй, Янфу, Енфөн, Жао Ангийн хамт нийлж цэрэглэснийг сонсоод ихэд хилэгнэн Жао Юэг алж Пандө, Мадайг дагуулж бүх цэргээ авч, Личэн хотын зүг байлдахаар ирсэнд Зянсюй, Янфу хоёр цэрэг дагуулан гарч ирээд эсэргүүлэн жагсаасан хойно үзвээс Зянсюй, Янфу цөм цагаан дээл өмсөөд ихэд хараан өгүүлрүүн: “Хаанаас урван журмыг тэсэргүүлсэн хулгай!” хэмээхэд Мачао ихэд хилэгнэн дайран орж хоёр этгээд зууралдан байлдахад Зянсюй, Янфу яахин Мачаог дийлж чадмуй. Ихэд дарагдаж явсанд, Мачао хөөж хойноос нэхэн иртэл араас хашхирах дуу гарч Енфөн, Жао Ан байлдахаар ирэхэд Мачао яаран эгтэл хоёр этгээдээс хавчин байлдсанд тэргүүн сүүлийг амгаалан чадахгүй болжээ. Төвхийтэл байлдаж байтал хажуудаас бас нэгэн баг цэрэг хөшин байлдахаар ирэхийг үзвээс Сяхоу Юань Цаоцаогййн захиаг олж цэрэг аваад Мачаог эвдлэхээр ирсэн ажгуу. Мачао хэрхин гурван замын цэргийг байлдан чадах аж? Шөнө ихэд дарагдаж буруулан одсоор гэгээрэх үес Зичэн хотод хүрээд хаалгыг дуудахад хотын дээрээс дэмий л харавмуй. Харин Жаоцюй, Лянькуань хэрмийн дээр зогсож Мачаог ихэд хараан Мачаогийн эм Ян овогтныг хэрмийн дээр нэгэнтээ цавчаад ясыг дорогш хаяж буулгав. Бас Мачаогийн гурван хөвгүүн жич ураг садны арваад илүү хүнийг цөм цавчин алж, цохиж буулгасанд Мачаогийн тачаадан мориноос арай эс унав. Хойноос Сяхоу Юань цэрэг авч нэхэхээр ирсэнд, хүч их тул Мачао аймшиггүй удаан байлдсангүй Пандө, Мадайг авч нэгэн цусан зам гаргаж, буруулан одоход бас Зянсюй, Янфу лугаа учраад нэгэн зэрэг байлдаж шувтлан гарваас бас Енфөн, Жао Антай учраад бас нэгэнзэрэг алалдсаар энэ тэнд гагц тавь жаран морьтон үлдэж, шөнө дөлөөр явсаар дөтгөөр жингийн эцэст Личэн хотын дор хүрсэн хойно хаалга сахих хүн Зянсюйгийн цэрэг хэмээн санаж даруй хаалгыг нээж оруулав. Мачао өмнө хаалганаас эхлэн хотын доторх иргэнийг угаан алсаар Зянсюйгийн гэрт хүрч хөгшин эхийг барьж гаргаваас эх нь огт айх царайгүй Мачаог зааж ихэд хараахад Мачао ихэд хилэгнэж өөрөө сэлмийг сугалж цавчин алав. Енфөн, Жао Ангийн гэрийн бүхэн бас цөм алагджээ. Гагц Жао Ангийн эм Ван овогт цэрэгт агсан тул хэлтрэв.

Жич өдөр Сяхоу Юаньгийн цэрэг ирсэн хойно Мачао хотыг гээгээд байлдан гарч баруун зүг буруулан хорин газар явсангүй өмнө нэгэн салааны цэрэг жагсан зогсжээ. Тэргүүлэгч нь Янфу мөн Мачао шүдээ зууж морио давхиулсаар жадлахаар ороход Янфугийн ах дүү долоон хүн цугаар байлдахаар ирэв. Үүнийг Пандө, Мадай хойд цэргийг тосож байлдсанд Янфугийн ах дүү долуул цөм Мачаод алагдав. Янфу биедээ таван газар шарх олсон атал мөнхүү үхэн байлдаж бүхийд Сяхоу Юаньгийн цэрэг нэхэж ирсэнээр Мачао даруй буруулав. Гагц Пандө, Мадай тав зургаан морьтонтой дагаж явмуй. Сяхоу Юань Лүнси газрын иргэнийг тогтоож Зянсюй нараар тус тусад нь сахиулаад Янфуг тэргэнд тээж Сюйдүд аваачин Цаоцаод уулзуулсан хойно Цаоцао Янфуг Гуань Нэйхоу болговоос Янфу маргаж өгүүлрүүн: “Янфу би дайсны зовлонг тулж чадсан гавьяагүй бөгөөд үхэх зовлонд журмыг гүйцэтгэсэнгүй тул цаазаар албаас зохих атал бас ямар нүүрээр тушаалыг хүлээмүй” хэмээсэнд Цаоцао сайшааж эцэстээ хэргэм өгөв.

Тэндээс Мачао Пандө, Мадай лугаа зөвлөж шууд Ханьжунд Жанлүг дагахаар одов. ЖанлҮ Ихэд баярлаж Мачаог олбоос “Баруунд болбоос Ижоу мужийг залгиж болох бөгөөд зүүнтээ болбоос Цаоцаог халхалж болмуй” хэмээн санаад зөвлөж: “Өөрийн охиноо өгч Мачаог хүргэн болгосугай!” хэмээхэд их жанжин Янбо хориглож өгүүлрүүн: “Мачаогийн эм хөвгүүнд гашуун зовлон тохиолдсон нь цөм Мачаогийн үлдээсэн хор бөлгөө. Эзэн гүн хэрхин охиноо өгч болмуй!” хэмээсэнд Жанлү үтийг дагаж даруй хүргэн болох зөвлөлийг зогсоожээ. Хүн Янбогийн үгийг Мачаод хэлж өгсөнд Мачао ихэд хилэгнэж Янбог алах санаа төрөв. Янбо тэр мэдээг сонсоод ах Янсүнгийн хамт зөвлөж бас ч Мачаог алах сэтгэл өвөрлөжээ. Тэр үес төвхийтэл Люжан элч зарж “Жанлүг цэргээр тусалмуй!” хэмээн гуйхаар ирэв. Жанлү дагахгүй бүхийд гэнэтхүн ирж хэлрүүн: “Люжан бас Хуанцуанийг зарж ирүүлжээ” гэв. Хуанцуань ирээд урьдаар Янсүнд золгож өгүүлрүүн: “Зүүн баруун хоёр Чуань нь үнэхэр уруул шүд адил улс тул сичуаньгийн газар эвдэрвээс дунчуаньгийн газрыг мөн сахихад бэрх болно. Өдгөө хэрвээ харилцан тусалбаас даруй хорин хошууны газраар хариулсугай!” хэмээсэнд Янсүн ихэд баярлаж даруй Хуанцуанийг дагуулан Жанлү лүгээ уулзуулаад уруул шүдний адил ашиг зовлонг хэлж бас хорин хошууны газраар хариулахыг өгүүлэхэд Жанлү ашигт ховдоглон тэр үгийг авсан хойно Баси газрын Яньпу хориглож өгүүлрүүн: “Люжан эзэн гүн лүгээ үе улиран өшөө буй бөгөөд өдгөө цухалдагдсанаар өмгөөлөхийг гуйхын учир сая газрыг ангилан өгөхөөр хууран хэлсэн тул тогтоож болохгүй!” хэмээтэл гэнэт яндрын доороос нэгэн хүн гэхэлзэн гарч “Би хэдий эрдэмгүй боловч нэгэн салааны цэрэг гуйж очоод Любэйг амьдаар барьж эрхгүй амласан газрыг таслан авч ирсүгэй!” хэмээн өгүүлэв. Энэ чухамхүү:

“Баруун Шуд үнэн эзэн ирэхийг сая үзтэл

Басхүү Ханьжунгаас шилсэн цэрэг иржээ”

Эгнэгт тэр хүн хэн болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top