БНСУ-ын Засгийн газар гаднын улс орнуудын өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг татах зорилгоор гадаадын иргэдэд зориулсан визний бодлогодоо өөрчлөлт оруулахаар болжээ. Энэ алхам нь Эдийн засаг, Сангийн яамнаас танилцуулсан Юн Сук Ёолын засаг захиргааны эдийн засгийн бодлогын нэг хэсэг аж. Сангийн яамны мэдээлснээр, гадаадын тусгай мэргэжилтнүүдэд олгодог E-7 визийг орчин үеийн технологи, шинжлэх ухааны салбарын өндөр ур чадвартай гадаадын ажилчдыг хамруулах зорилгоор өргөжүүлэх аж. Одоогоор E-7 виз нь 86 мэргэжлийг хамардаг байна.
БНСУ-ын Засгийн газар мөн дотоодын жижиг, дунд компаниудад ажилладаг гадаадын иргэншилтэй ажилчдад олгодог визний шалгуурыг бууруулахаар төлөвлөж байгаа аж.
Түүнчлэн тус улсын Засгийн газар бүс нутгийн хөгжлийг дэмжих, гадаадын ажилчдыг орон нутагт суурьшихыг дэмжих зорилготой шинэ визний төрөл нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Тус визийг тухайн бүс нутгийн их, дээд сургууль, коллежид суралцаж буй гадаадын оюутнуудад олгох аж. Мөн мэргэжлийн бус гадаадын ажиллах хүчний визний квотыг нэмэхээр зорьж байгааг холбогдох мэргэжилтэн нь онцолжээ. Визний тогтолцоонд хийж буй цуврал өөрчлөлтүүд нь гадаадын иргэншилтэй чадварлаг ажилчдыг тус улсын эдийн засгийн идэвхтэй хүн амд татан оролцуулах замаар улс орны өсөлтийг дэмжих зорилготой гэнэ. Шинэ визний тухай нарийвчилсан мэдээлэл болон Засгийн газраас гадаад улсын оршин суугчдад зориулсан цогц бодлогын талаар энэ оны хоёрдугаар хагаст Сангийн яамнаас албан ёсоор мэдээлэх аж.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )