Д.Болормаа: Тонус ихсэхэд нийгмийн бухимдал шууд нөлөөтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Үргүйдэл нөхөн үржихүйн төвийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй эмч Д.Болормаатай ярилцлаа.


-Жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолдож болох ямар эрсдлүүд байдаг вэ?

-Жирэмсэн эрүүл эмэгтэй өөрөөр хэлбэл, хавсарсан ямар нэг эмгэггүй тохиолдолд үүсэх эрсдэл хүндрэлийг дараах байдлаар авч үздэг. Үүнд, зулбах, өсөлтгүй болох дутуу төрөх, жирэмсний хожуу хордлого буюу манас татлын урьдал (үүнд артерын даралт ихсэх, хавагнах, бөөрөнд ачаалал өгөх), нойргүйдэх, сэтгэл хямрал, төрөх тойрны хүндрэл, ураг орчмын шингэн эрт гарах, ихэс ховхрох, ураг бүтэх, төрсний дараах эрт болон хожуу цус алдах, сэтгэл гутрал зэрэг олон хүндрэл бий.

Хэрэв жирэмсэн эмэгтэй хавсарсан эмгэг өвчтэй бол эрсдэл бүр ихэснэ. Жишээ нь элэгний эмгэгтэй бол элэгний үйл ажиллагаа муудах, цус бүлэгнэлт гажуудах, урагт архаг бүтэлт болон улмаар жингийн дутагдалд хүргэх зэрэг аюултай. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд эрт оношилгоондоо хамрагдаж өөрт ямар зовуурь, суурь архаг өвчин байна вэ гэдгээ илрүүлэх нь дээрх эрсдэл хүндрэлээс сэргийлж, эсэн мэнд амаржихад ач холбогдолтой.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд сүүлийн үед тонус их болжээ. Энэ нь ямар шалтгаантай байдаг вэ?

-Сүүлийн үед умайн тонус ихсэх болсон нь нийгмийн стресс бухимдалтай шууд холбоотой. Гараад л зам дээр түгжирч, сөрөг хандлагатай хүмүүсийн дунд стресстэж, нийтийн тээвэрт хөл хүнд эмэгтэйчүүдэд суудал тавьж өгөхгүй байх, хоол хүнсний аюулгүй байдал, янз бүрийн гэмт хэрэг, мөнгө санхүүгийн хомсдол, үнийн хөөрөгдөл, сошиал орчны шүүлтүүргүй мэдээлүүд гээд бүхий л асуудалд жирэмсэн ээжүүд сэтгэл зүйн хувьд хүндээр тусгаж авдаг. Үүнээс гадна ажлын байрны дарамт ачаалал, гэр бүлийн таарамжгүй байдал, хэрүүл маргаан, үр хүүхдэдээ санаа зовнисон эхийн сэтгэл, төрсний дараах санхүүгийн байдалд санаа зовох гээд тэднийг бухимдуулж шаналгах зүйл мундахгүй. Дааврын нөлөөгөөр аливаад хэт мэдрэг, эмзэг болчихдог.

Тийм үед жирэмсэн эмэгтэйн умай болон урагт эмэгтэйн тархинд ирж буй сөрөг синапс мэдээлэл шууд нөлөөлж умайн булчинд агшилт, чангарал /тонус/ үүсдэг.  Бага хэмжээний байнгын бус умайн тонус ээжид мэдэгдэхгүй, үүнд эмчилгээ  шаардлагагүй. Харин умайн тонус ихтэй, байнгын бол аяндаа умайгаар хатуурч, базалж таагүй мэдрэмж зовуурь үүсдэг. Тэр үед тайвширч амраад хөдөлгөөнөө хязгаарлаж, хөлөө дээш сойн хэвтрийн дэглэм сахиж эмчийн зөвлөгөө авч умайн булчин сулруулах эмийн эмчилгээ хийлгэнэ. Жирэмсэн эмэгтэйчүүд тонуснаас сэргийлэхийн тулд нийгэм болон ахуйн асуудал бэрхшээлд аль болох тайван хандаж, өөрийгөө амар амгалан, аз жаргалтай байх боломжийг эрэлхийлэх нь гэр болон хүүхдийнхээ өмнө хүлээж буй үүрэг юм. Йога бясалгал хийх, ном сэтгүүл унших, дуртай зүйлээ хийх, сэтгэл сэргээсэн үзвэр үйлчилгээ үзэх, хайртай хүмүүстэйгээ аль болох хамтдаа байх, агаар салхинд гарах гээд олон гарц гаргалгаа бий шүү дээ.

-Умайн тонусаас сэргийлж магни B6 уух нь ихэст шохойжилт үүсдэг гэсэн ам дамжсан яриа байдаг. Энэ эмийг уухаар бол хэдээс хэдэн сартайд уух ёстой вэ?

-Умайн булчин сулруулах зорилгоор магни B6 уудаг. Урдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх эсэхийг хяналтын эмчээс зөвлөгөө авч шийднэ. Ер нь жирэмсэн эмэгтэйд магни болон бусад микроэлементийн хэрэгцээ ихэсдэг тул эсрэг заалт бараг байхгүй. Зөвхөн магнигаас болж ихэс шохойжихгүй. Замбараагүй ихээр дур мэдэн уусан витамины хэрэглээнээс болж ихэс шохойждог. Тиймээс эмчийн заавраас гадуур дур мэдэн эм хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

-Жирэмсэн эмэгтэйд тохиож болох эрсдэл хүндрэл дундаас ураг амьгүй болох, зулбах аюултай байдаг гэлээ. Энэ нь юунаас шалтгаалдаг вэ?

-Эх дотроо ураг амьгүй болох зулбах эрсдэл нь ээжийн эрүүл мэндээс шууд хамаарна. Ихэнхдээ нөлөөлөх хүчин зүйлд шээс бэлгийн замын халдвар, архи тамхидалт, эмийн замбараагүй хэрэглээ, ажил амьдралын орчин, ургийн хөгжлийн үеийн гажиг (хромосын түвшинд өөрчлөлттэй), жирэмсэн үеийн хооллолт, шим тэжээлийн хэрэглээ ордог. Тиймээс ээжүүд буруу дадал хэвш­лээс хол байж эрүүл амин дэм­тэй зөв хооллож, ажил амьдралаа зохицуулж аль болох ачаалал багатай байх хэрэгтэй.

-Ээжүүд жирэмсний хугацаанд шат дараалалтай витамин хэрэглэдэг. Энэ нь юунд сайнаар нөлөөлөх вэ?

-Жирэмсэн эмэгтэйд хэрэглэх нэмэлт амин дэмийн хэрэглээ гэж байдаг. Энэ нь мэдээж шат дараалалтай бөгөөд урагт болон эхэд шаардлагатай амин дэмийг бүрдүүлж өгдөг. Ер нь бол жирэмслэхийг төлөвлөсөн бол гурван сарын өмнөөс фолийн хүчил уух шаардлагатай байдаг. Жирэмсэлснээс хойш хамгийн нэгдүгээрт фолийн хүчлийг гурван сар ууна. Үүнээс хэтэрвэл ураг томрох эрсдэлтэй. Хоёрдугаарт, аспирин бага тунгаар жирэмсний эрт хугацаанд уух нь ихсийн цусан хангамж сайжруулах, улмаар хожуу хордлого үүсэх эрсдэлийг буулгадаг. Гуравдугаарт магнийн хэрэгцээ ихэсдэг тул жирэмсний эхний 20 долоо хоног хүртэл хүртэл хэрэглэх нь зүйтэй. Дөрөвдүгээрт, витамин Д 2000-5000 нэгж тунгаар жирэмсний туршид уух нь төрсний дараа хүүхэд рахиттай болох эрсдэлийг бууруулна. Тавдугаарт, төмрийн бэлдмэл урдчилан сэргийлэх 100 мг тунгаар 22 долоо хоногоос хойш төртөл уух хэрэгтэй. Хэрэв цус багадалттай бол эмчдээ үзүүлж шалтгааныг тодруулаад эмчилгээний тунгаар хэрэглэнэ.

-Ээжүүд хүүхдээ хэвийн байгаа эсэхийг шалгах гэж ойр ойрхон эход харуулах гээд байдаг талтай. Энэ хэр хортой вэ?

-Эход харуулах жирэмсний хугацаа­нууд товлогдсон байдаг. Шаардлагагүй ойр ойр эход харуулах нь урагт нөлөөлсөн талаар нотолгоо байхгүй боловч энэ нь хиймэл ачаалал, эдийн засгийн үргүй зардал, цаг хугацаа дэмий зарцуулах тул хэрэггүй. Шаардлагатай үед өөрөөр хэлбэл 7-14хоногийн зайтай эход хянуу­лах­ заалттай бол урагт гарах сөрөг эрсдэлээс сэргийлж эход харуулж болно.

-Хүүхэд хүчилтөрөгчийн дутагдал­тай мөн тархины даралттай гарахад тонус хэр нөлөөтэй вэ?

-Умайн хэт их тонус удаан хугацаанд үргэлжилбэл хүүхдийн архаг бүтэлт, тархины даралттай болоход нөлөөлнө. Гэхдээ төрсний дараах нярайн асаргаа, сувилгаа агаарт байлгах нь маш чухал. Эцэст нь хэлэхэд эрүүл охин эрүүл эмэгтэй болж өснө, эрүүл эмэгтэй эрүүл жирэмсэлнэ, эрүүл жирэмслэлт эрүүл төрнө.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top