Гадаадын иргэн, харьяатын газраас судалгаа-шинжилгээний ажил хийх сонирхолтой албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, мөн албан хаагчдынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд таниулан сурталчлах, урамшуулах зэргээр бүхий талаар дэмжлэг үзүүлэн ажиллаж буй. Тэгвэл энэ удаад “Монгол бахархлын товчоо-1” хэмээх номын зохиогч, эмхэтгэн туурвигч Баруун бүс дэх газрын Увс аймаг дахь ахлах мэргэжилтэн Хүрэлжавын Адъяаг онцолж байна.
Тэрээр 2005 оноос хойш 16 жилийн хугацаанд Монгол нутгийн үүслийн үеэс өнөөдрийг хүртэлх олон мянган жилийн түүхийг судалж, Монголчуудын бахархалт түүхүүдийг багтаасан “Монгол бахархлын товчоо-1” номыг бүтээжээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу? Та манай уншигчдад эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Хүрэлжавын Адъяа гэдэг. Би Гадаадын иргэн, харьяатын газарт 2008 оноос хойш 14 дэх жилдээ ажиллаж байна. Одоо Гадаадын иргэн, харьяатын газрын Баруун бүс дэх газрын Увс аймаг дахь ахлах мэргэжилтнээр ажилладаг.
-“Монгол бахархлын товчоо-1” хэмээх судалгааны бүтээл туурвисан байна. Номынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-“Монгол бахархлын товчоо-1” номд нэн эртний үе болох Монгол нутгийн үүслийн үеэс XIII зууны Хүчирхэг гүрэн Их Монгол Улсын цаг үе хүртэлх нэн урт хугацааг хамруулсан түүхүүдийг товч байдлаар бичсэн. Өөрөөр хэлбэл, Монгол нутагт эртний хуурай газар үүсэн бий болж, эртний ургамал , амьтад өсөн торниж, хүний өвөг бич амьдарч, улмаар чулуун зэвсгийн үеийг туулан тасралтгүй хөгжиж ирсэн түүхээс нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулан дэвшсээр дэлхийн хүчирхэг Эзэнт гүрнийг байгуулсан хүртэлх нэн урт цаг хугацааны онцлог, бахархалт түүхүүдийг номдоо шигтгэн оруулсан. Нийтдээ 9 бүлэг 288 хуудастай бүтээл.
-Яагаад энэхүү номыг бичих болов?
-Монгол хүн болж төрснийх эх орондоо хэрэгтэй зүйл үлдээх юмсан гэж багаасаа л боддог байлаа. Тэгээд энэ номын санаа анх 2005 орж ирсэн. Учир нь, даяаршил, гадны соёлын нөлөө, цахим ертөнцийн хүчтэй урсгалд Монгол үндэстний бахархлын дархлаа суларч буйд эмзэглэсэн. Мөн бид ийм аугаа түүхтэй, хүчирхэг гүрний үр сад байж, яагаад энэ гайхамшигтай, бахархалтай үүх түүхээ сайн мэддэггүй юм бол гэдэг бодол хүчтэй нөлөөлсөн л дөө. Тиймээс үүнийг судалж олон хүнд үнэ цэнийг нь мэдрүүлэх юмсан гэсэн бодлоор “Монгол бахархлын товчоо-1” ботийг эмхэтгэн хэвлүүлж, Монгол нутаг, Монгол хүний бүтээсэн аугаа түүх, бахархлыг олон хүн танин мэдүүлэхийг хүссэн.
-Түүнчлэн Бидний язгуурлаг, ухаант дээд өвгөд маань ямар хүчирхэг байж энэ улс, энэ газар нутгийг бидэнд үлдээв. Түүхийн энэ их цаг хугацаанд ямар бахархам түүх, үйл явдлууд болоод өнгөрсөн юм бэ гэдгийг хойч үедээ танин мэдүүлэх нь бүтээлийн маань гол зорилго.
-Энэ урт удаан хугацааны судалгааг яаж хийсэн бэ?
-Анх их амархан төсөөлөлтэй байсан. 2005 оноос хойш 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор энэ бүтээлээ хийчих юм шиг төсөөлсөн. Гэвч тийм амархан бүтэхээр ажил биш байсан учраас яг өөртөө хэрэгтэй судалгааны материалаа бага багаар цуглуулж эхэлсэн. Энэхүү номон дээр тулган нягталж, ишилсэн сурвалж бичгүүдийн жагсаалт 116 гэж буй боловч нийт 200 гаруй ном, бүтээл уншиж, судалж эх сурвалж авсан.
-Одоо бүх юм хөгжиж байгаа энэ үед түүхийг маш олон талаас нь бичиж байна. Тиймээс аль болох үнэний ортой, баттай түүхийн эх сурвалжуудыг ашиглаж бичихийг зорьсон.
-Ажлынхаа хажуугаар судалгаа шинжилгээний ажил хийхэд хүндрэлтэй зүйлс гарч байв уу? Эрдэм шинжилгээний ажил хийх боломж хэр байна гэж харж байна вэ?
-Боломж бол нээлттэй байна гэж харсан. Заавал түүх гэхгүйгээр бусад салбарт ч тэр тухайлсан сэдвүүдийг нарийвчилж судлах боломж байна. Гэхдээ судалгааны ажил хийхэд хэцүү, хүндрэлтэй зүйл багагүй л дээ. Би гэхэд энэхүү түүхийн номоо гаргах гэж 16 жил болсон. Дунд нь “Чадахгүй юм байна” гэдэг бодлоор судалгааныхаа ажлыг 2 жил хойш нь тавьчихсан байсан. Тэгээд 2019 онд Б.Балжинням гуайн “Дэлхийн Монголчуудын түүх” есөн боть номыг уншаад цааш нь үргэлжлүүлэх бодол төрсөн. Учир нь энэ хүний бүтээл миний гацаануудыг гаргаад өгчихсөн. Тэгэхээр аль ч салбарын бүтээлд материал, судалгаа, эх сурвалж 3 бол маш чухал гэдгийг ойлгосон.
-Цаашид энэхүү номоо цувралаар гаргах төлөвлөгөөтэй байгаа гэж сонссон. Дараагийн ботиудад ямар агуулгуудыг багтаах вэ?
-Нэгдүгээр боть маань дэлхийн үүсэл хөгжлөөс хойш 1270 он хүртэл бичигдсэн. Цааш цуврал болгож гаргахаар төлөвлөж байна. Хоёрдугаар ботьд 1270 оноос хойш буюу Хубилай хааны байгуулсан Их Юань гүрний үеэс буюу Ардчилсан хувьсгалын эхэн үе хүртэл буюу 1990 он хүртэлх цаг үеийн түүхийг, гуравдугаар ботьд 1990 оноос хойш буюу Ардчилсан хувьсгал өрнөж, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн өнөө цаг үеийн 30 гаруй жилийн Монгол орон, Монгол хүний ололт амжилтын түүхийг багтаан бичих төлөвлөгөөтэй байгаа.
-Энэхүү түүхийг судлах, номыг бичих болсон шалтгаан нь таны ажил мэргэжлийн онцлогтой холбоотой юу?
-Ажил мэргэжлийн хувьд бид гадаадын иргэдтэй харьцдаг. Тэр утгаараа би өөрийнхөө үүх түүх, соёл уламжлалыг мэддэг байх хэрэгтэй гэж боддог. Ер нь хүн өөрийнхөө өв соёл, үндэсний бахархал, түүх, уламжлалаа мэддэг бол бусдын өмнө бардам байдаг. “Түүхээ мэдэхгүй хүн ойд төрсөн сармагчин лугаа адил” гэж эртний мэргэдийн үг ч байдаг. Тиймээс залуучууд маань түүхээ судалж, илүү ихийг танин мэдээсэй гэж хүсдэг.
Сэтгэгдэл ( 1 )
Танд баяр хүргэж улам их амжилт хүсье