Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Вьетнам-Монголын бизнес форумыг өчигдөр зохион байгуулжээ. Тус форумд Вьетнам улсын талаас 38 компанийн 60 гаруй төлөөлөл ирж оролцсон бол манай улсын 200 гаруй байгууллага болон ААН-ийн төлөөлөл бизнесийн туршлага солилцсон юм.
ВЬЕТНАМ УЛСАД НИЙГМИЙН ДУНДАЖ ДАВХАРГЫН ИРГЭД НЭМЭГДЖЭЭ
Үйл ажиллагааны нээлтийг эхлүүлж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны Дэд сайд ноён Чань Тань Нам үг хэллээ.
Тэрбээр, “Вьетнам Монголын Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын талын байгууллага энэ форумд оролцож буй нь Эдийн засгийн хамтын ажиллагааг чухалчилж үздэгийн нэг илрэл юм. Бид КОВИД-19 цар тахлыг амжилттай ялан дийлсэн, нөгөө талаар үсрэнгүй хөгжлийн чиг хандлагыг олохын тулд хямрал, хүндрэлийг хамтдаа туулж боломжийг эрэлхийлж хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй байна” гэв.
Түүнчлэн тус улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд БНСВУ-ын хүн амын дунд дундаж орлоготой давхарга, гэр бүл өсөж буйг онцлон дурдаж байлаа. Энэ нь мэдээж үйлдвэрлэл хөгжиж буйтай салшгүй холбоотой гэдгийг тэрбээр дурдсан юм.
Форумын ерөнхий ивээн тэтгэгч тээвэр, ложистикийн үйлчилгээний Silkway компанийн захирал Б.Энхгэрэл “Бид энэ оны тавдугаар сард Вьетнам улсын Ханой хотод очиж Ratraco групптэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ оны гуравдугаар сард болсон олон улсын төмөр замын төслийн дагуу жил бүр аль улсын төмөр зам хэчнээн тонн чингэлэг тээвэрлэх вэ гэдгийг шийддэг. Тус хурлын дагуу манай улс сар бүр 40 тоннын хэмжээтэй 50 чингэлэг оруулж ирж буй.
Мөн Монголын нутгаар дамжин өнгөрч Орос, Европын улс орнууд руу очих транзит тээвэр үүнд багтаж байгаа. Үүнд албан ёсны хүлээн авагчаар манай байгууллага хүлээн авч байх болсон.Манай улс Вьетнам улсаас ихэвчлэн цагаан будаа, элсэн чихэр, цай, кофе, шар айраг болон бэлэн хувцас зэргийг импортоор авдаг. Тэгэхээр манай чингэлэгүүдээр энэ бүхнийг монгол руу зөөж байгаа” гэв. Түүнчлэн Вьетнамаас авчрах ачаа чингэлэг дунджаар 25 хоногт монголд ирдэг байна.
БИД ВЬЕТНАМААС ИХИЙГ ХУДАЛДАН АВДАГ Ч ЭРГҮҮЛЭЭД ТЭДЭНД ӨГӨХ БАРАА ХОМС
Тус үйл ажиллагааны хоёрдугаар хэсэгт Монгол талын компаниудын төлөөллүүд сонирхсон Вьетнам компанийн төлөөлөлтэй биечилж уулзан санал солилцов. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улс хоорондоо хөдөө аж ахуй, эрчим хүч, эрүүл мэнд, аялал жуулчлал, гоо сайхны бүтээгдэхүүн, уул уурхайн тоног төхөөрөмж зэрэг салбарын бараа болон үйлчилгээг солилцох боломжтой аж. Мөн үл хөдлөх зуучлал, тээвэр ложистик, гэр ахуйн тавилга, хүнс болон хатаасан жимс зэрэг дурдаад байвал дуусахгүй олон бараа үйлчилгээ энд багтаж байгаа. Одоогоор худалдаа болон эдийн засаг, бизнесийн харилцааг шинэ шатанд гаргахад хоёр улсын хооронд төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа ажээ.
Мөн манай улсаас Вьетнам улс руу өнгөрөсөн онд хонь, ямааны мах, малын дайвар бүтээгдэхүүн зэрэг 485 мянган ам.долларын үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Харин Вьетнам улсаас мөн өнгөрсөн жил цагаан будаа, шар буурцагны тос, лаазалсан самар, хатаасан жимс, хуванцар сав баглаа боодол зэрэг 80 гаруй сая ам.долларын үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн импортолжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )