Т.Доржханд: Монгол Улс НЭГ ТОМ ТОЙРОГ болох нөхцөл бүрдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд өчигдөр /2022.06.27/ сонгуулийн тогтолцооны асуудлаар Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийжээ. 

Тэрбээр "Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан боллоо. Нэлээн удаан үргэлжилсэн, их мэтгэлзсэн. Шийдвэр нь гарлаа. Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог ашиглаж болох эсэх дээр шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийг хамгаалдаг. Их суудлын хуралдаан хамгийн эцсийн шийдвэр байдаг. Тэр утгаараа олон жил маргаантай байсан асуудалд цэг тавигдлаа" гэв. 

Түүнчлэн "Үр дүнд нь, Монгол Улсад ардчилал, парламентын ардчилал бэхжих суурь нь болж байна. Эдийн засаг хүндрээд байдаг жижиг 76 тойрог руу төсвөө чангаадаг зүйл дуусгавар болох боломж нь бүрдэж байна. Монгол Улс нэг том тойрог болно. УИХ-д сонгогдсон гишүүн нь Монгол Улсын төлөө ажиллах боломж бүрдэж байна. Пропорционал тогтолцоогоор иргэдийн санал гээгдэхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт явдгаараа явна. Хамгийн чухал гурван зүйлийг салгаж ойлгож болохгүй. Нэгт, сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог нэвтрүүлэх нь чухал. Үндсэн хуулийн Цэц нь шийдлээ, маргаан байхгүй. Хоёрт, УИХ-ын гишүүдийн тоог өсгөх шаардлагатай. Гуравт, хэрэв парламентын гишүүдийн тоог 152-155 болгож өсгөсөн тохиолдолд Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүн байж болно. Энэ гурван хүрээнд харж байгаа гэж ойлгох хэрэгтэй" хэмээн ярилаа. 

Үндсэн хуулийн Цэцийн албан ёсны мэдээлэлд: 

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг өөрчлөн найруулснаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн эрх зүйн шинэ орчин бүрдсэн бөгөөд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах хууль тогтоогчийн буюу Улсын Их Хурлын бүрэн эрхийг баталгаажуулсан байна гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны тавдугаар дүгнэлт болон 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна. Мөн Үндсэн хуулийн цэц энэхүү шийдвэртээ Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны асуудал нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байгааг эцэслэн шийдвэрлэсэн болохоо тэмдэглэсэн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэддорж(124.158.64.194) 2022 оны 06 сарын 29

Доржханд чи үнэхээр ХҮН,тэгэхдээ зөв хүн байна. Монгол улс ганц том тойрог болох учир хэнд нь ч долигонох,хахууль өгөх боломжгүй маш зөв.Нэр дэвшигч их мөнгө цуглуулах зовлонгоос сална.Бүгд өөрсдийн гурван үеийн намтар хийсэн гавъяатай ажил үйлс,хийх ажлын хөтөлбөр багтаасан брошюр-ном хэвлүүлээд Сонгуулийн хороонд өгнө.Хороо албан шуудангаар сумдад хүргэнэ.Сум мэдээж иргэддээ өгнө.Илүү зардал санаачилсан хүнийг нэр дэвшигчээс хасна Вот и всё

2  |  1
Top