Zangia.mn-ээс хоёр сар тутамд зохион байгуулдаг “HR Event” амжилттай боллоо

2022 оны 06 сарын 28

Энэ удаагийн арга хэмжээнд 150 хүний бүртгэлээр хаагдах байсан боловч 250-аад байгууллагын 400 гаруй удирдах албан тушаалтан болон хүний нөөцийн менежерүүд ирж оролцсон нь Zangia.mn-ээс зохион байгуулдаг “HR Event” арга хэмжээний нэр хүнд улам өсөж, харилцагч нар болон бусад оролцогч нарт үргэлж үнэ цэн бий болгодгийн нотолгоо боллоо. “HR Event” арга хэмжээ нь бизнесийн салбарын шилдэг багш болон экспертүүдийг зочноор урьж зөвхөн хүний нөөц, хөдөлмөрийн зах зээлээр зогсохгүй, мөн бизнесийн орчинд хамааралтай хамгийн сүүлийн  үеийн онол, практик, олон улсын үйл явцыг танилцуулсан сургалт, хэлэлцүүлгүүд өрнүүлдэгээрээ онцлог билээ.

Энэ удаагийн арга хэмжээнд нийт иргэдээ хамгийн хямд гэхдээ чанартай, ажлын байрны ур чадварыг олгох хичээлүүдээр хангах бүрэн боломжийг бий болгосон Zangia Academy-ийн талаар захирал Б.Түвшинтулга танилцууллаа. Мөн Чинзориг багш байгууллагын хамт олны хандлага болон оролцоог хэрхэн сайжруулах талаар сүүлийн үеийн онол, дадлага гэсэн сэдвээр сургалт орлоо.

 

 

 

Zangia.mn-ийн үүсгэн байгуулагч, Захирал Б.Түвшинтулга илтгэлдээ дурдахдаа:

Zangia Academy дараах үндсэн 4 философийг баримталж ажиллах болно.

1.Хичээлийн сонголт

Одоо байгаа сургалтуудын ихэнх нь бүтэцлэгдээгүй байна. Бид өнөөдөр Монголын томоохон байгууллагуудад ямар ажлын байран дээр, ямар ур чадвар хүсэж байгааг тодорхойлоод,тэр сургалтуудыг цогц байдлаар,системтэйгээр нийлүүлснээр илүү үр дүнтэй байх сургалтын платформыг бий болгохоор зорьж байна. Өөрөөр хэлбэл манай платформ дээр гарж буй хичээлүүд бол компаниудын зүгээс хамгийн их захиалж, эрэлхийлж байгаа чадварууд гэсэн үг.

2. Чанар

Zangia Academy-д зөвхөн салбартаа танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн багш нараар заалгасан ур чадварын хичээлүүд тавигдах болно. Тэгж байж бид нар мэдлэг түгээх, чадвар олгох ажлаа бүрэн дүүрэн хийж чадна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл youtube платформтой адилаар, дуртай хүн нь хэдэн минутын "хичээл" бэлдээд, хичээлээ зардаг, мөнгө хийх платформ болох нь манай зорилго биш. Энэ ч утгаараа маш олон тооны чанаргүй хичээлүүдийн цуглуулгыг бөөгнүүлэхийн оронд, цөөн тооны маш чанартай, хүнийг бодитоор чадваржуулах хичээлүүд байх нь зүйтэй гэж үзэж байна. Бид багш нарын стандарт дээр өндөр шалгуур тавьж бусдаас ялгарч ажиллах болно.

3. Үнэ

Хэрэглэгчийн талаас харахад, өнөөдөр ажиллаж байгаа болон ажил хайж байгаа хүмүүсийн хувьд танхимаар сургалт авахад зардал ихтэй, бусад сургалтын платформыг ашиглахад үнэтэй байна. Танхимын сургалт бол түгжрэл, ирж очих, дээрээс нь сургалтын төлбөр өндөр гээд хүндрэлтэй байх тал бий. Тэгвэл үүнийг Zangia Academy шийднэ. Бидний зорилго бол цахим хичээл зарж ашиг олохдоо бус, харин хамгийн бага өртгөөр хамгийн олон хүнийг мэдлэгжүүлж, чадваржуулах явдал юм. Тэгэхээр бидний зорилго бол Монгол улсад мэдлэг, чадвараа хөгжүүлэхэд тулгардаг өртгийг чадах хэмжээгээр буулгах явдал юм. Энэ өртгийг буулгаснаар ажлын байран дээр байгаа илүү олон хүмүүст ч чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ. Тийм учраас манай платформ ихэнх сургалтуудаа манайд бүртгэлтэй байдаг 10,000 компанийн 600,000 гаруй ажилтнуудад бүгдэд нь үнэгүй нээж өгч байгаа билээ.

Kомпанийн талаас харахад маш цөөн тооны том байгууллагууд л өөрсдийн санхүүгээрээ сургалтын нэгжүүд байгуулж ажилтнуудаа хөгжүүлж бусад олонх нь сургалтын үйл ажиллагааг төдийлөн хийж чадахгүй байгаа. Cургалтын цогц платформ хөгжүүлэх нь зардал өндөртэйгөөс гадна, know-how дутагдана, дээрээс нь хүн-цаг их шаардагдана.

Өөрөөр хэлбэл компаниуд одоогийн байгаа болон шинээр орж ирж буй ажилтнуудаа хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр гацсан байдалтай байна. Тэгвэл, Zangia Academy-н сургалтын цогц системд бүртгэгдсэнээр бүх ажилтнуудаа үнэ төлбөргүй хөгжүүлээд зогсохгүй, хамгийн хэрэгцээтэй, эрэлттэй хичээлүүдийг өндөр чанартайгаар өөрсдөө захиалж авах бололцоо анх удаа бүрдэж байгаа юм. Мөн ажилтнуудынхаа боловсорч буй явцыг хянах, хэн хэн, хэдэн хичээлд суусныг мэдэх, цаашилбал шалгалт өгч сертификатжуулах боломжтой тийм цогц систем үнэгүй дагалдаж буй болно. Дахин хэлэхэд бидний зорилго бол сургалт зарж ашиг орлого олох биш хямд, үнэгүй сургалтаар ард иргэдээ чадваржуулж хөгжүүлэх явдал юм.

4. Чадвараа илтгэх хялбар гарц

Zangia Academy-н маш том давуу тал бол сургалтад хамрагдаж буй иргэн бүрийн мэдлэгийг шалгаад, сертификатжуулаад зогсохгүй иргэн бүр өөрсдийн сонголтоороо эдгээр амжилтуудаа Zangia.mn дээрх cv-дээ хавсаргах шинэ боломж бүрдэж байгаа. Ингэснээр нэг талдаа байгууллагууд ажилтныг дахин, дахин шалгах шаардлагагүй, бас ажлын байр хайж байгаа хүмүүс олон газарт сургалтад суугаад тэр бүртээ шалгалт өгөөд байхгүй манайхаас сургалтаа аваад шалгалтаа өгч аль ч байгууллагад хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болно. Бүх иргэн Zangia Academy-д сурсан, үзсэн, шалгалт өгсөн хичээлүүдээ Zangia.mn дээрх cv-дээ харагдуулахаар сонгож болно. Жишээ нь иргэн Бат Microsoft Excel-ийн хичээлийг бүтэн үзэж дуусгаснаар cv-дээ харагдуулахаар тохиргоо хийвэл, иргэн Бат-н cv-г харж буй бүх байгууллага энэ хүн Excel-ийн хичээлийг үзсэн, шалгалтыг нь өгсөн гэх мэдээллийг шууд харах боломжтой.  Ингэснээр байгууллага болгон хүн бүрээс "Та Excel мэдэх үү? Хэр сайн мэдэх вэ? Мэдлэгээ яаж нотлох уу?" гэсэн цаг, ажиллагаа их ордог процессыг хялбаршуулж, өртгийг нь 0 болгож байгаа болно.

Сургалтын дараа зочид “Хөдөлмөрийн зах зээлийн шинэ шийдэл болох Zangia Academy” сургалтын платформын талаар ярилцаж, санал бодлоо хуваалцан нэгэн үдшийг өнгөрүүллээ.

Арга хэмжээний зургуудаас:

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top