С.Дулам: Энэ жилийн наадмын нээлтийн гол агуулга нь монгол бахархал

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

 Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын Хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлууд үргэлжилж байна.  Бэлтгэл ажлын үеэр энэ жилийн үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад зөвлөхөөр ажиллаж буй СУИС-ийн тэргүүлэх профессор, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дуламаас тодруулга авснаа хүргэж байна.


-Та сайхан зусаж байна уу. Таны хувьд гурав дахь жилдээ Улсын баяр наадмын зөвлөхөөр ажиллаж байна. Энэ жилийн баяр наадмын онцлог юу байх вэ?

-Сайхан, сайхан зусаж байна уу? Өмнөх хоёр жилийн наадам цахимаар үзэгч түмэнд хүрсэн. Цахим наадам, цахим бус наадам хоёр өөр өөрийн гэсэн их онцлогтой.

Миний хувьд баяр наадмын зөвлөхөөр ажиллаж байгаагийн хувьд Ерөнхий найруулагчтайгаа анхнаас нь уулзаж, санаа оноогоо солилцож, гол концепцоо гаргаад ажиллаж байна.

-Энэ жилийн баяр наадам Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган хийж буйгаараа онцлогтой. Та ямар үзэл санааг наадмын нээлтэд шигтгэж өгч байгаа вэ?

-Ер нь урьд жилийн наадам өнжсөн тул энэ жил тэмдэглэлт ойн баяруудыг давхцуулан хийж байна. Тиймээс монгол үндэстэн, угсаатны олон мянган жил оршин тогтнож ирсэн түүхэн үеүүд, монголчуудын бахархлыг шингээж өгсөн. Өөрөөр хэлбэл, гол концепц нь “Монгол бахархал” гэдгийг онцолж байгаа.

Өнгөрсөн олон мянган жил, олон зуун жилд монголчуудаас хүн төрөлхтний түүхэнд бүтээж өгсөн зүйлс нь монгол үндэстэн бидний бахархал юм.

Ингээд үзэхээр дэлхийн түүхэнд тэмдэглэсэн “Pax Mongolica” буюу “Монгол хэв ёсны энх амгалан” гэх 150 гаруй жил үргэлжилсэн дайн байлдаангүй, амар амгалан жилүүдийг тогтоож байв.

Хүн төрөлхтний түүхэнд 150 гаруй жил амар амгалан байна гэдэг маань ер бусын гайхамшиг юм шүү. Тухайн цаг үед амьдарч байсан нэгэн гадаад жуулчны тэмдэглэл байдаг.

“Энэ их гүрний нэг захаас нөгөө зах хүртэл, шуудай алт үүрсэн 18 настай бүсгүй хүн явлаа гээд төсөөлж бодвол, тэр бүсгүйд ямар ч аюул осол тохиолдохгүй, түүний үүрсэн алтнаас нэг цэн пун ч дутахгүй, тийм энх амгалан бүрдсэн юм аа” гэсэн утгатай зүйл тэмдэглэсэн байдаг.

Хэдийгээр тухайн тэмдэглэл хийсэн хүн урнаар сэтгэмжилсэн байж болох боловч, тиймэрхүү багцааны амар амгалан жилүүд байсан гэж үздэг. Тэр санааг бид баяр наадмын нээлтийн зураглалд тусгаж өгсөн. Энэ бол бүх дэлхийн түүхчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг зүйл юм шүү. Тухайн үеийн Өрнө Дорно ертөнц Ази, Европ тив гэж байсан бөгөөд бие биеэ сайн мэддэггүй байсан.

Тухайн үеийн ном зохиолыг уншвал, инээдмийн уран зөгнөлттэй зүйлүүд их гардаг. Яг л үлгэр шиг. Харин хоёр тивийг дамнасан их гүрэн байгуулагдахад, тивүүдийн харилцаа маш чөлөөтэй болж, хоёр тивийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Торгоны замаар зөвхөн худалдаа арилжаа, эд өлгийн зүйлс бус оюуны соёл харилцан нэвтрэлцсэн цаг үе байлаа.

Энэ бүх үйл хэрэг бол монголчууд бидний бүтээсэн үйл хэрэг мөн. Энэ бол нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөхүйц түүхэн үнэн мөн. Тийм учраас дорно дахины соёлын бүтээлүүд, өрнө дахины соёл шинжлэх ухааны бүтээлүүдийг харилцан солилцоод, бие биенээ нөхөн сэлбэж, хүн төрөлхтний оюун ухаан, эрдэм соёл баяжин тэлсэн цаг үе юм. Монголчуудын өөрсдийнх нь соёлын бүтээлүүд байна.

Жишээлбэл, Марка Пологийн тэмдэглэлд дунд “Хүмүүс хоорондоо арилжаа наймаа хийхдээ, далбагар цаас өгч авалцаад, ямар ч асуудалгүй болоод байх юм. Энэ бүхэн чухам яаж болоод байгааг би сайн ойлгохгүй байна” гэсэн байдаг. Энэ нь одоогийн цаасан мөнгийг хэлж байж л дээ.

Энэ наадамд долоон том үзэгдэл бий. Бүгд Монголын түүх соёлтой холбогдолтой. Хамгийн наад зах нь Монголчуудын хэрэглэж байсан бичиг үсгүүд гэх мэт.

Монголчууд бид одоогоос 1400 жилийн өмнөх брахми монгол бичгээс авхуулаад, сонгодог монгол бичгээр дараалаад тод үзэг, дөрвөлжин үсэг гэх мэт 10 орчим үсэг бичиг хэрэглэсэн түүхтэй. Үүнийг бид үзүүлбэр болгон нээлтийн ёслолдоо оруулсан байгаа.

-Монголчуудын соёлын шинээр олдсон нэгэн дурсгал болсон Алтай ятгаар тоглож байгаа харагдсан?

-Монгол хөг, ая дан гэх 5-р үзэгдэлд, монгол угсаатны хэрэглэж байсан хөгжмийн зэмсгүүдийг онцолж байгаа. Хамгийн сүүлд гэхэд, алтайн уулсаас археологийн олдвороор ятга хөгжим олдож, “Алтайн ятга” гэх хөгжмийн соёлын дурсгалтай болсон. Мөн манай СУИС-ийн профессорын багийн оруулж ирсэн хурган чих зэрэг 25 хөгжмийн зэмсгийг нийтэд сурталчилна. Монголчууд бүхэл бүтэн хөгжмийн оркестр болж болох хэмжээний хөгжмийн зэмсгүүдтэй байсныг харуулна.

-Энэ жилийн наадмын нээлтэд бөө мөргөлийн зан үйлийг түлхүү оруулсан санагдлаа?

-Энэ бол хадны зургаас сэдэвлэсэн бүжгэн жүжгүүдтэй холбоотой юм. Монгол бүжгийн урлагийн үзүүлбэрийг СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн профессорын багийнхан судалгааг хийгээд тайзан дээр амилуулсан “Хөмөргөн гурвалжин”, “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжгийн хосолмол шинэчилсэн дэглэлтийг наадмын нээлтэд оруулж, бүжгийн гол үзүүлбэр болгож байгаа. Эдгээр бүжгүүд нь хадны зургаас сэдэвлэн бүтээгдсэн анхны бүжгэн жүжгүүд, инновацийн бүтээлүүд юм.

“Хөмөргөн гурвалжин” нь 2019 онд ЮНСКО-ын тайзан дээр тоглогдож, дэлхийн 193 оны 819 үзэгчийн өмнө тоглолтоо хийж үнэлэгдсэн бүтээл. Үүнийг наадмын нээлтэд зориулан дахин тоглохоор болсон. Монголын түүх, өв соёлыг багтаасан олон зүйлийг бид наадмын нээлтэд дэлгэн үзүүлэхээр зорьж байна.

Улсын баяр наадмын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар болон бусад уран бүтээлчид маань хамтран бодож санаж сэдсэн зүйлсээ бүтээл болгохын тулд олон хоног хичээнгүйлэн зүтгэлээ.

Сая хяналтаар үзэхэд маш сайхан дүр зураг гарч ирсэн байна гэж бодоод сууж байна.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

 

ЭХ СУРВАЛЖ: Ugluu.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.80.210.183) 2022 оны 07 сарын 07

монгол бахархал гээд л байх юм ёстой бүү мэд. хэдэн хулгайч гүзээ тарган хүүрээ даахгүй уяач нарыг хэлээд байна уу? ёстой гонж зайлуубал таарна. арай дөнгүүр байгаа нь сур харваачид л байна даа. сүүлдээ бас хэрүүлийн бузар тусах гээд л байна.

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 07 сарын 07

tesen yadan xuleey

1  |  0
Top