УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өнөөдөр /2022.07.07/ Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа.
Тэрбээр тус төвд орчин үеийн шаардлага хангасан, тоноглогдсон түргэн тусламжийн авто машин болон ходоодны дуран гардуулж өгсөн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Миний хувьд бүх асуудалд оролцоод байж чадахгүй, тийм боломж ч байхгүй. Тиймээс эрүүл мэнд, боловсролын салбарт тэргүүлэх ач холбогдон өгч ажиллаж байна. Ялангуяа эрүүл мэндийн чиглэлд томоохон ажлыг эхлүүлээд явж байна. Тухайлбал, Эрт илрүүлдэг оношилгооны төвийг гэр хороололд барихаар төлөвлөж байна. Өрхийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмжийн шинэчлэлийг эхлүүлж байна. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамтай ярьж бүрэн тоноглогдсон авто машинтай болгож байна. Сая Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв гурван машинтай байсан ч нэг нь ажилладаггүй, нөгөөгийнх нь ашиглалтын хугацаа дууссан гэдгийг хэллээ. Үнэндээ 160 мянган хүн амтай том дүүрэгт байдал иймэрхүү л байна. Тэгэхээр эндээс сонгогдсон УИХ-ын гишүүн оролцохгүй гээд яах вэ" гэлээ.
Түүнчлэн "Өөрөө л хөөцөлдөж, ажиллаж байж шийдүүллээ. Дүүрэг маань цаашид хүчирхэгжих ёстой. Тиймээс УИХ-ын гишүүд ч гэсэн, дүүргийн удирдлага идэвхтэй ажиллалаа. Бид дүүргийнхээ шинэ эмнэлгийн барилгыг эхлүүлэх ажлыг ярьж байна. Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна. Дараа нь ойрын жилд шинэ эмнэлэгтэй болно. Энэ мэт олон ажлыг хүрээнд энэхүү ажил хийгдэж байна. Энэ машин бол 170 сая төгрөгийн өртөгтэй. Ходоодны дуран 270 сая төгрөгийн өртөгтэй байх жишээний. Тойрогтоо ажиллах хүрээндээ ийм бодол төрсөн. Эрүүл мэндийн салбараа өөд нь татахгүй бол бусад дүүргээс доогуур байна. Ямартай ч ажил эхнээсээ шийдэгдэж байна" хэмээн ярилаа.
Харин эмнэлгийн зүгээс "Хамгийн гол зүйл бол түргэн тусламжийн чанар, хүртээмж дээшлэх ёстой. Манай эмнэлгийн хувьд гурван машинтай. Иж бүрэн тоноглогдсон ганцхан машинтай. Халдварын үед бэрхшээл их байсан, нэг машин хаанаа ч хүрэхгүй байсан .Машины тоо нэмэгдснээр иргэдэд үйлчлэх хүртээмж дээшилж байна гэж харж байна. Хоёрт, манай эмнэлгийн ходоодны дуран 10 жил болсон. Өнгөрсөн 2019 оны аравдугаар сард жагсаалтаас гарсан байсан. Тоног төхөөрөмжөө сайжруулах гээд хандсан ч дахин үйлдвэрлэх боломжгүй гэдэг хариу ирсэн. Бид яам болон тойргийнхоо гишүүдэд хандсан. Үүнийг соргогоор хүлээж авсан тойргийнхоо гишүүдэд баярлалаа" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )