"Гал үндэстэн" холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг суллахыг шаардсан тулгах бичгийг тус холбооны зүгээс нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчид хүргүүллээ.
"Гал үндэстэн" холбооны гишүүд болон иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн хамтарч гэм буруугүй атлаа хоригдож буй "Гал үндэстэн" холбооны таван гишүүнийг долдугаар сарын 8-ны дотор суллахыг шүүхээс шаардсан тухайгаа мэдээлэв. Холбооныхон мөн цаашид нутаг чөлөөлөх ажиллагаагаа нутгийн иргэдтэй хамтран үргэлжлүүлэхээ мэдэгдэж, 111-р урьдчилан саатуулах төвд хоригдож байгаа тус холбооны хуулийн зөвлөх Г.Дашдэмбэрэл, удирдах зөвлөлийн Ц.Энхбаяр нар өчигдөр өглөөнөөс эхэлж нойтон өлсгөлөнгөөс хуурай өлсгөлөн рүү шилжсэнийг мэдээллээ. Мөн өмгөөлөгчид гишүүдийг өмгөөлөхөөс татгалзаж, “Өмгөөлөгчийн ёс зүйд нийцэхгүй” гэсэн хариу өгч байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байв. "Онги гол" хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярыг өмгөөлүүлэхээр Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай тохиролцсон ч уулзуулахыг хуулийн байгууллагын зүгээс зөвшөөрөхгүй байгаа аж.
Мөн тэд цаашид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, шударга үнэний төлөө амиа өгөхөөс буцахгүй гэсэн мэдэгдэл хийж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )