Улсын төсөвт 600 тэрбумыг төвлөрүүлж, 6000 ажлын байр бий болгосон “НОМИН ХОЛДИНГ”

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 20

Монгол түмний түүх соёлоо эрхэмлэн дээдлэх, эв нэгдлээ батлан харуулах 1992 оны Үндэсний их баяр наадмаар анх үүд хаалгаа нээж, өдийг хүртэл өргөжин тэлсээр байгаа “НОМИН Холдинг” ХХК энэ жил 30 насны ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Хэрэглэгч, үйлчлүүлэгчийнхээ итгэлийг алдаагүй тус байгууллагыг мэдэхгүй хүн байхгүй биз. Монголдоо төдийгүй дэлхийн олон оронд танигдсан

“НОМИН Холдинг” ХХК-ийн 30 жилийн ой тохиож, зорилго, тэмүүлэл, зүтгэл гурвыг бизнесийнхээ тулгын гурван чулуу болгон зогсолтгүй урагшилж буй Алтан гадас одонт тус компани энэ жилийн наадмаар түншлэгч байгууллагуудын төлөөлөгчдөө урьж үйл ажиллагаатайгаа танилцуулсан юм.

1992 онд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн “НОМИН Холдинг” компани өнөөдөр Худалдаа үйлчилгээ, Импорт экспорт дистрибьюшн, Банк Санхүү, Барилга үл хөдлөх хөрөнгө, Мэдээллийн Технологийн таван багц бизнесийн чиглэлд дотоодын зах зээлд тэргүүлэгч 42 салбар, 30 гаруй охин компанитай болж өргөжин тэлсэн бөгөөд, цаашид үндэсний манлайлагч компани байхаар зорин ажиллаж байгаа юм.

 

БАЯРЫН ҮЕЭР 30 ГАРУЙ ОРНЫ 100 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ ХҮРЭЛЦЭН ИРЭВ

Улсын их дэлгүүрийн үүдэнд ирэхэд орон орны олон хүн цугласан байв. Дотогш ороход улаан хивс дэвссэн байх бөгөөд үзэсгэлэнт охид угтан авч байлаа. Хүндэт зочдоо арван хэсэгт хуваарилж, тус бүрд хөтөч томилжээ. Уг баярын үеэр  таван тивийн 30 улсаас 100 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж “НОМИН Холдинг” компанийн үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярыг тэмдэглэсэн юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд “НОМИН Холдинг” компани Монголдоо хамгийн их танигдсан брэнд болоод зогсохгүй, 600 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 500 гаруй мэргэжлийн чиглэлээр 6000 орчим ажлын байрыг бий болгосон нийгмийн тулгуур багана юм.

Монгол Улсын ажиллах хүчний зах зээлийн зургаан хувийг бүрдүүлж, ТОП гурван групп компанийн нэг болсон. “НОМИН Холдинг” ХХК нь Монгол Улсад Чанарын удирдлагын ISO:9001, Байгаль орчны менежментийн ISO:14001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн OHS:45001, Олон улсын хүний нөөцийн таван багц ISO:30400 стандартуудыг амжилттай нэвтрүүлсэн анхдагч компани бөгөөд өдгөө байгууллагын эрсдэлийн удирдлагын COSO 2017, Мэдээллийн технологийн засаглал, удирдлагын Кобит 2019-стандартыг анхлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Нээлтийн үйл ажиллагаанд “НОМИН Холдинг” ХХК-ний ТУЗ-ийн дарга Шагдарсүрэнгийн Баярсайхан мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “НОМИН Холдинг” ХХК-ний 30 жилийн ойн баярын мэндийг хэрэглэгч үйлчлүүлэгч, харилцагч түншүүд, нийт ажилтан та бүхэндээ дэвшүүлье. 30 жилийн өмнө анх үүсгэн байгуулагдаж байх үед эдийн засгийн түвшин муу, инфляц 325 хувьд хүрчихсэн байсан. Монголын эдийн засаг 56 тэрбум төгрөг байлаа. Гэтэл одоо дотоодын нийт бүтээгдэхүүн 42 их наяд төгрөг хүрсэн. Монгол Улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж буй 100 мянган аж ахуйн нэгж байдаг. Үүнээс маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 70 мянган ААН байна.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим шилдэг 100 ААН-ийг Засгийн газартай хамтарч тодруулдаг. Үүнд манай компани жил бүр “Шилдэг” ААН-ээр шалгарч, эхний байруудад багтсаар ирсэн. Нийт харилцагч, үйлчлүүлэгч, ажилчдадаа маш их баярлаж, талархаж явдгаа илэрхийлье. Цаашдаа улам их өсөн дэвжиж, хамтдаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна, баярлалаа” хэмээсэн юм.

Мөн PepciCo-ийн Ерөнхий захирал Владимр Орлов мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Найзууд аа!  Pepci компанийн нэрийн өмнөөс 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Бид “НОМИН Холдинг” компанитай 15 жил хамтран ажиллаж байна. Бүх цаг үед харилцан ашигтай ажиллаж, бид үргэлж урагш тэмүүлсээр ирсэн. Ийм найдвартай, өсөж хөгжсөөр байдаг түнштэй байгаадаа маш их баяртай байна. Үүсгэн байгуулагч нартаа эрүүл энх, ажлын амжилт хүсье” гэв. Энэ үеэр түнш байгууллагууд “НОМИН Холдинг” компанитай хамтран ажилласнаар борлуулалт нь өсөж буйгаа илэрхийлж, цаашдаа ч илүү ихийг бүтээлцэхдээ баяртай байгаа талаараа өгүүлсэн юм.

 

БОЛОВСРОЛЫГ ДЭМЖДЭГ, АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦДЭГ ЦӨӨХӨН БАЙГУУЛЛАГЫН НЭГ

 

“НОМИН Холдинг” ХХК нь Монгол Улсын 16 аймагт нийт 300 метр квадрат талбайд найман нэр төрлийн 75 сүлжээ дэлгүүрээрээ дамжуулан 100 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. Давхардсан тоогоор сардаа хоёр сая гаруй хэрэглэгчдэд үйлчилдэг байна. “Үнэнч хэрэглэгч”-ийн хөтөлбөрөөр  нийт өрхийн гуравны хоёр хувь нь байнга үйлчлүүлдэг ажээ. Мөн Стратегийн түнш байгууллагаар ажилладаг бөгөөд нийт 4000 цэгт бараа бүтээгдэхүүнийг хүргэж, өргөн хэрэглээний барааны дөрөв орчим хувьтай дүйцэх импортыг гүйцэтгэдэг байна. 60 гаруй тэрбумын хөрөнгө оруулалтыг 40 төсөлд оруулдаг аж. Үүний 10 орчим тэрбум төгрөгийг Дижитал технологийн чиглэл болох “SAP” үйлдлийн технологи болон цахим зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахад зориулж идэвхтэй үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тус компани нь нийгмийн идэвхтэй байгууллага гэдгээрээ бусдаас ялгардаг.

Эх үрсийн баяраар бяцхан хүүхдүүдийг баярлуулах үйл ажиллагааг 2006 оноос зохион байгуулж ирсэн байна. Үүнийг нь ч бяцхан хүүхдүүд маань догдлон хүлээдэг болсон билээ. Боловсролын системийг дэмжих хүрээнд “НОМИН тэтгэлэгт хөтөлбөр”-ийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж, энэ хүрээнд 150 оюутанд тэтгэлэг олгоод байгаа аж. Энэ нь боловсролтой иргэдийг бэлтгэхэд маш том хөрөнгө оруулалт болж байгаа юм. Үүнээс гадна байгаль орчин, ногоон ирээдүйг бүтээлцэхээр таван байршилд 15 мянга гаруй мод тарьжээ. Агаарын бохирдолтой, ногоон байгууламж үгүйлэгдэж буй энэ үед цаг үеэ олсон бүтээн байгуулалт болсон гэдгийг иргэд дуу нэгтэй хэлж байсан юм.

 

"НОМИН ХОЛДИНГ" КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГААДАА ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА

 

Үндэсний их баяр наадмаар “НОМИН Холдинг” компанийн ойн баяр болдог нь орон орны зочид төлөөлөгчдөд нэг сумаар хоёр туулай буудах гэх монголчуудын хэлэх дуртай хэлц үг мэт аз завшаантай зүйл билээ. Төрийн хүндэтгэлийн концерт, Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт, Сур харваа, Хүй долоо худагт хурдан морины уралдаан үзэх зэрэг боломжийг номинчууд бүрдүүлж өгчээ. Мөн уяачдын гэрээр зочлох, байгалийн үзэсгэлэнт газраар аялах, морь, тэмээ унах, сур харвах, үндэсний хувцас өмсөж зураг авах, дөрвөн дугуйт унах зэрэг нөхцөл боломжуудаар түншүүддээ бэлэг барьсан. Эдгээр нь ч үнэхээр тэдний мэлмийг тэнийлгэж, нутагтаа очиж ярих шинэ содон зүйл болсон нь гарцаагүй. Зочид төлөөлөгчид Монголын наадам, дэлгэр зун, соёл заншил, бизнесийн орчин, өв соёл, урлагийн тоглолт, үзэсгэлэнт байгальтай танилцангаа “НОМИН Холдинг” компанийн үүсэл хөгжил, өнөөдрийн хүрсэн түвшин, боломж чадавхыг үзэж судлаад амжсан юм.

Өнгөрсөн  он жилүүдэд түнш байгууллагуудын хамтын ажиллагаа төдийгүй ард иргэдийн амьдралд цар тахлаас улбаатай хүндрэл олон гарсан. Ялангуяа бизнесийн салбарынханд хүнд цохилт болж маш олон байгууллага үүд хаалгаа хааж байхад Номингийнхон хүч нэгтгэж, бэрхшээлийг даван туулж, ажилчдынхаа ажлын байрыг хадгалж, үнийн өсөлтийг барьж, улс орныхоо эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж чадсан билээ. Аливаа  байгууллагын оршин тогтнох, тогтвортой үйл ажиллагаагаа явуулах гол хүч нь удирдах баг болоод  нийт хамт олон байдаг. Ийм халуун сэтгэлтэй цөм болон ажиллаж амжилтаа улам ахиулж яваа нь үндэсний манлайлагч компани болох гол хөшүүрэг болох нь дамжиггүй.

Түншлэлийн өндөр түвшний уулзалт зохион байгуулдаг АСЕМ виллад хүндэт зочдыг хүлээн авч “НОМИН Холдинг” компанийн 30 жилийн ойн медалийг А.Шагдарсүрэн, Ш.Баярсайхан, О.Ганчимэг, Я.Наваан, Б.Хонгор нар гардуулав. Бизнес, эдийн засаг, нийгмийн байдал, цаашдын хандлага болон төлөвлөж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж хамтран хүрэх зорилтоо төлөвлөж, илүү ойр нөхөрлөн танилцаж урт хугацааны, бат бэх тогтвортой өсөлт, бизнесийн амжилтаа ахиулсан том дэвшил болж чадсан юм. Монгол орны үзэсгэлэнт байгаль, Үндэсний их баяр наадам, өв соёл хийгээд “НОМИН Холдинг” ХХК-ийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, үр дүн, бизнес төслүүд, цаашдын зорилт хүлээлтээс давсан байгаад сэтгэгдэл өндөр байна гэдгээ зочид төлөөлөгчид, хамтран ажиллагсад цохон дурдаж байлаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр(66.181.161.8) 2022 оны 08 сарын 05

Гоё бнаа 30 жилийн мэнд хүргэе @НОМИНХОЛДИНГ

4  |  0
Top