Монгол Улсын найман нэрийн хүнсний дэлгүүр, худалдааны төв болон сүлжээ дэлгүүрүүд хүнсний бүтээгдэхүүнээ “Барс” худалдааны төвөөс авдаг. Тус худалдааны төв нээгдээд 26 жилийн нүүрийг үзжээ. Гэвч өдийг болтол ганц ч удаа зам засварын ажил хийгдэж байгаагүй байна. Үүр цайхаас үдшийн бүрий болтол хүний хөл тасардаггүй энэ худалдааны төвөөс өнөөдрийн сурвалжилгаа хүргэж байна.
ЗАМЫН НҮХ, ЭВДРЭЛ БОЛГОНЫГ НЬ МЭДНЭ
“Барс” худалдааны төвийн хойд талын замын нэгдүгээр эгнээнд бараа ачихаар машиныхаа багажийг нээж зогссон машинууд түгжрэл үүсгэжээ. Машин ачилтын компанийн жолооч цагаан хоолойгоор замаар зогсож буй машинуудыг зогсоол руу орохыг шаардсан ч дотор зогсоол байхгүйн улмаас зах руу орох хаалга дээр дараалал үүсжээ.
“Улаанбаатар” гурилын үйлдвэрийн ажилтан бараагаа буулгахаар эвдрэл, гэмтэлтэй зам дээр даялзаж, унах нь уу гэлтэй явж байлаа. Барс худалдааны төвийн хашаан дотор машин эргэх ч зайгүй давчуу бөгөөд жолоочид нэгнийгээ нааш, цааш гэсээр зөрж байв. Энэ үед машиндаа бараа ачиж байсан иргэнээс замын эвдрэлийн талаар тодруулав. Тэрбээр “Манайх цайны газар ажиллуулдаг. Өдөр бүр эндээс ирж хүнс аваад гардаг. Зам нь энхэл донхол ихтэй зогсоол олддоггүй. Заримдаа ч наашаа ирэхээс халгаж л байх юм. Ирэхгүй гээд ч яах билээ. Зогсоолын мөнгө гэж 1000 төгрөг авдаг. Олон жил энэ газраар үйлчлүүлж байна. Бараг замын нүх, эвдрэл болгоныг нь мэднэ. Түрээслэгч, зогсоолын мөнгө нь хаашаа орчихдог юм бол. Орчны хувьд үнэхээр бохир, заваан газар даа” гэв. “Барс” худалдааны төвийн хогийн цэг худалдаа үйлчилгээнийхээ хашаан дотор байдаг. Илжирч муудсан, эсэж өмхийрсөн бүтээгдэхүүний үнэр захын хашааны гадна талд ч сэнхийж байлаа.
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙД ХУДАЛДАА ЭРХЭЛДЭГ БОЛСНООС ҮҮДЭЖ ОРЛОГО БУУРСАН
“Барс импэкс” ХХК-ийн орлогч захирал М.Эрдэнэчимэгээс зах доторх зам засварын ажил яагаад хийгдэхгүй байгаа талаар тодруулахад тэрбээр “Дулааны шугам солино гээд тендэрийг нь авсан компани манайхтай энэ оны тавдугаар сарын 6-нд гэрээ хэлэлцээр хийж, 45 хоногийн хугацаанд дуусгана гэсэн боловч дуусаагүй байна. Хэрэв наймдугаар сарын 1 гэхэд дуусгахгүй бол манайх зам талбайгаа чөлөөлж авна. Энд дулааны засварын ажил хийгдээгүй байхад манай зам зүгээр байсан. Манай худалдааны төвийг тойруулаад л ойр орчмын замыг дүүргийн тохижилт үйлчилгээний газар засаж сайжруулаад байх юм. Гэтэл манайх чинь Баянгол дүүргийнхээ харьяанд ордог. Тиймээс зам засварын ажлыг хот тохижилтоос хийгээд өгч болдоггүй юм уу. Өмнө нь хийгдэж байсан судалгаагаар манайд өдөрт 1000 гаруй машин орж ирдэг байсан. Харин одоо багассан. Учир нь нийтийн эзэмшлийн зам талбайд худалдаа эрхэлдэг болсноос үүдсэн. Энэ ил задгай наймаа эрхэлж буй хүмүүст хууль яагаад үйлчилдэггүй юм. Харин манайд байнга Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт, шалгалт хийж торгоод байдаг” гэсэн юм. “Барс” худалдааны төв нийтдээ 450 түрээслэгчтэй. Түрээсийн үнэ 350 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд байдаг. Хог ачуулахад сардаа 7-8 сая төгрөгийг зарцуулдаг байна.
ТҮРЭЭСЭЭ НЭГ Л ХОНОГ ХОЦРООХ ЮМ БОЛ ЗАГНАЖ, ХӨӨЖ ТУУДАГ
“Барс” худалдааны төвийн түрээслэгч “Нэрээ нууцлахгүй бол загнана” гэсээр зарим асуудлын талаар хэллээ. “Сүүлийн 15 жилд л лав зам засвар хийх нь бүү хэл замын нүхээ таглах гэж шороо ч асгаж байгаагүй юм даг. Одоо бүүр зогсоолынхоо талбайд контейнер тавиад түрээслүүлчихсэн. Зоорь бол хүн удаан байхын аргагүй өмхий шүү дээ. Түрээсээ нэг л хоног хоцроох юм бол загнаж, хөөж туудаг. Амралтын өдөртэй больё гэхэд “Баян би амралт яриагүй байхад ядуу гуйлгачин чи амралт ярилаа” гэж уурласан байсан. Замаас болж байнга асуудал гардаг даа. Машины дугуй хагарах, урд хойд хормойгоо цохих бол энүүхэнд. Үнэхээр ямар ч засварын ажил хийгддэггүй гэхэд болно. Яриад байвал маш олон асуудал байна” гэсэн юм.
“Барс” худалдааны төвийг нэг тойроход л хана, тааз, шал гээд бүгд хуучирч муудсан харагдав. Энд засвар хийгдэж байгаагүй болох нь асуултгүй нүднээ ил байлаа. Харин үйл ажиллагаа нь хэвийн явагдаж, МХЕГ-ын шаардлагад нийцсээр өдийг хүрснийг гайхах. “Бэрдийн нүдэнд далай ширгэнэ” гэдэг л энэ байх даа. “Барс групп”-ийн тэргүүн Ч.Амарбаатар нэгэн ярилцлагадаа “Барс худалдааны төвийг нүүл¬гэнэ гэж байгаа нөхөд хэлснээрээ хийж эхлэх байх. Би харин нүүлгэхгүй. Замын хөдөлгөөнөө зөв зохицуулах, хотоо зөв төлөвлөх нь төрийн ажил” гэсэн байдаг. Тэгвэл хүмүүс үйлчлүүлэхэд цэвэрхэн, зам нь элдэв доголгүй, зай талбай зогсоолоо шийдэж үйлчилгээ эрхлэх нь хувийн хэвшлийн үүрэг биш үү.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 9 )
Аймаар дарамталдаг гэсээн орчиноо сайжруулмаар юм, даа
10.20-оод жилийн өмнө ямар байсан яг хэвээрээ байна лээ тэнд орохоор гайхалтай хяналт хийдэг хүмүүс очдоггүй юм байх даа
Zailaachee ,zailuulaach hogiin bird g
энэ барс захыг яагаад хотын төвөөс гаргаж чадахгүй юм бэ хэний юм болоод ингээд байгаад байдаг зах вэ дээр ямарч эмх цэгцгүй бохир заваан зам хөдөлгөөнд саад болсон газар ш дээ энэ захыг хотоос гаргаач
Арай хэтэрхий бохир зах. Захирал нь гэж худлаа том ярихаас цаашгүй. Хотын өнгө үзэмжинд сөрөг өнгө нэмж буй нэг хэсэг.
Үнэхээр бохир заваан газар шүү тэндээс бүх хүнсний газрууд авдаг дотор нь хятадууд их бдаг юм билээ мэргэжлийн хяналтын байцаагч нар их мөнгө авдаг байхаа чимээгүй бгаад бдаг тийм заваан газрыг
Хамгийн их бөөгнөрөлтэй.хамгийн бохир зах. Өвөл болхоор шээс баастайгаа холилдоно.хавар шээстэй шороо нь шуураад ил задгай гурил будааруу нь шуурна.гадаа байгаа задгай будаануудаас нь тэр бохир орчны шуу байнга идээд тоншоод байж байна.зун нь баасны ялаа нь сууна .ер нь их муухай захдаа. Өвөл шээсэн овоо босдог
Зайлуулаач
Барс шиг төмөр замтай хот дотор 2000 машины зогсоолтой зах барьж байгаа түрээс нь 200 мянга тэгэхлээр барс сөнөх байх