Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 01/25 тоот удирдамжийн хүрээнд хилийн Замын-Үүд боомтын улс хоорондын тээврийн үйлчилгээ нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэх талаар хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар нөхцөл байдлыг урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөргөдлийг үүсгэж байгаа нь тогтоогдсон тул зөрчлийн хэрэг нээн шалгаж нэг компанийг 20 сая, 9 жолоочийг тус бүр 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого болох нийт 243 сая төгрөгийг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй 10 аж ахуй эрхлэгч Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд гурван шатны шүүхээр он дамнан хэлэлцэгдэж, эцэслэгдэн шийдвэрлэгдээд байна.
Шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн нэг хэргийг Улсын дээд шүүхээс олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлсэн байна. Уг тайлбарт “Коронавируст халдварын цар тахлын улмаас авто болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан үед БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэхдээ үнийн хөөргөдөл үүсгэж, 2 сая төгрөгийн тээврийн хөлсийг 26 сая хүртэл өсгөж, хэрэглэгчийг хохироосон гэж, ШӨХТГ-аас тээврийн жолооч Р.Б-г 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 25 сая төгрөгийг хураах шийтгэл оногдуулсныг шүүх зөв гэж үзлээ.
Замын-Үүд боомтоор өдөрт 800-1000 тээврийн хэрэгсэл хилээр орж гардаг ачаа тээврийн урсгалыг 2021 оны 4 дүгээр сард өдөрт 20-100 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хязгаарлалт тогтоосон байх үед тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй жолооч нар 2-2.5 сая төгрөгийн ханштай байсан нэг удаагийн ачаа тээврийн хөлсийг 20-25 сая төгрөг хүртэл өсгөсөн байна.
Тээврийн үйлчилгээний үед гарах зардал өсөөгүй, тээвэрлэлтийн зам, зай өөрчлөгдөөгүй зэргээр үнэ нэмэх бодит шалтгаан үүсээгүй байхад ачаа тээврийн урсгал эрс хязгаарлагдсан, цар тахлын онцгой нөхцөл байдлыг ашиглан ачаа тээврийн үйлчилгээний хөлсийг ийнхүү огцом нэмэгдүүлсэн нь чөлөөт зах зээлийн шударгаар өрсөлдөх зарчим биш, хэрэглэгчийн аргагүй байдлыг далимдуулсан хясан боогдуулсан шинжтэй, хэт өндөр үнэ төлөх нөхцөл байдлыг үүсгэж, хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчил мөн гэж шүүх үзжээ. Мөн “Өрсөлдөөний тухай хууль нь зөвхөн аж ахуйн нэгжид хамааралтай” гэж маргасныг шүүх хүлээж авсангүй. Учир нь хувь хүн зах зээлд аливаа ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд өрсөлдөөний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, зах зээлд шударгаар өрсөлдөх үүрэгтэй гэж үзсэн байна.
Ингээд үндэслэлгүйгээр үнээ нэмсэн тээврийн үйлчилгээнээс жолоочийн олсон орлогыг хурааж, улсын орлогод үлдээжээ” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
Хэзээ хэн шалгаад буцаагаад хурааж байсан юм\n. Жолооч болон компаниудаас л авилга авах гэж битгий худал яриад бай. Хэрвээ буцаагаад тушаалгасан байх юм бол Нар баруун хойноос гарч нрхрйн сүүлэн дээр цэцэг ургах гэгч нь болох биз.
зөв
зөв байна шунлтангууд дарж өгөх нь хэрэгтэй дандаа зовлон дээр тоглодог балиар юмнууд шүү
Баяр хүргье. Одоо хүнсний зах, ТҮЦ, дэлгүүрүүдэд яг ийм арга хэмжээ авах хэрэгтэй тэгвэл шударга ёс бага ч атугай тогтоно. Ядаж барааныхаа үнийг тавьдаг, үнийг нь асуухаар уурладаг болсон дэндүү улаан цайм үйлдлүүдийг таслан зогсоох хэрэгтэй дээ.