Ачаа тээврийн тарифыг 30 хувь нэмэх “УБТЗ” ХНН-ийн санал хүчингүй боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 08

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 1 дүгээр Хуралдаан  болж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зарим бүлгийн тээврийн үнэ тарифын өөрчлөлт, “Хялганат” ХХК-ийн үнэ тарифын өөрчлөлт, “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн зохицуулалтгүй үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлттэй холбогдох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны явцад хэлэлцсэн асуудал тус бүрд аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулж дарга, гишүүд  асуулга тодруулга авч, саналыг нь сонссон бөгөөд хэлэлцсэн хоёр асуудлыг дэмжиж тогтоолыг батлах, нэг хүсэлтийг буцаахаар шийдвэрлэлээ.  

“УБТЗ” ХНН-ийн дотоодын ачаа болон зорчигч тээвэрлэлтийн тарифыг зах зээлийн зарчимд нийцүүлэн, ашигтай түвшин хүртэл индексжүүлэх үүднээс “УБТЗ” ХНН-ийн дотоодын ачаа тээврийн 16, зорчигч тээврийн 2 бүлгийн үнэ, тарифын өөрчлөлтийг хянаж, зөвшөөрөл олгосон байна.

Ингэхдээ нефть, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг 68.3, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийг 138.5, төмрийн биш хүдэр тээвэрлэлтийг 30.0, УБТЗ-аас түрээсэлсэн хөдлөх бүрэлдэхүүнээр ачаа тээвэрлэлтийн тарифыг 30.0 хувиар нэмэгдүүлэх “УБТЗ” ХНН-ийн саналыг хүчингүй болгож, бусад тээврийн бүлгийн үнэ, тарифыг нэмэгдүүлэх саналыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Мөн “Хялганат” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд тус компанийн дагнасан хэрэглээний салбар замаар ачаа тээвэрлэлт хийхэд ашиглагдах үнэ тарифын өөрчлөлтийг хянаж, зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.

Харин “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн зохицуулалтгүй үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлтийг дахин нягтлах шаардлагатай гэж үзэн хүсэлтийг буцаалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха(103.57.95.207) 2023 оны 04 сарын 09

Юун татвар нэмэх вэ хасах байтал

0  |  0
Top