Хөвгүүд яахав ээ тэгж байгаад болно. Хөөрхий охиноо л сургууль соёлд явуулчих юмсан гэх олон ээж, аавын яриаг сонсож байлаа. Ялангуяа энэ яриа малчин ардын дунд маш түгээмэл байдаг. Ялгаа үгүй л хүүхдийнхээ эцэг эх байж яахаараа эрэгтэйг нь жийж, эмэгтэйг нь л гэдэг байнаа гэж бодох хүн цөөнгүй байж мэднэ. Гэвч ижий аавуудын энэ бодол нь зүгээр ч нэг зүйл биш ажээ.
Монгол хүн эртнээсээ эмэгтэй хүүхдээ энхрийлэн хайрлаж, эмс охидоо хамгаалж ирсэн түүхэн уламжлалын түүчээ нь энэ биз ээ. Ер нь тэгээд хүйсийн ялгавар, тэгш эрх гэхээс илүүтэй хүний жам гэдэг эрхэм зүйл билээ. Хүний охин үр гэдэг халуун амьсгалаар төөнөхгүй л бол царцчихаж мэдэх хачин эмзэгхэн улс байдаг. Тиймдээ ч бидний монголчууд эртнээс охин үрээ хайрлахын ухаанд төгс суралцсан байдаг болов уу. Гэвч өнө эртний энэ заншил өнөө цагт үгүй болжээ. Энэ бүхнийг саяхны нэгэн судалгаа бэлхнээ гэрчилнэ.
ОХИД БЭЛГИЙН МӨЛЖЛӨГТ ӨРТСӨӨР БАЙНА
Монгол Улсын үндэсний статистикийн хороо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хамтран “Бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдийн судалгаа”-г өнгөрсөн онд гаргасан байна. Судалгаанд 22.8 мянган хүн хамрагдсаны 20.5 хувь буюу 4683 нь биеэ үнэлэгч болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхэд байна гэх дүн гарчээ. Үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд 140 гаруй хүүхэд бэлгийн мөлжлөгт өртсөн гэсэн тооцоо гарсан байх. Тэдгээр хүүхдийн 95.3 хувь нь 17 настай, 4.7 хувь нь 15 настай охид байсан байна. Өөрөөр хэлбэл, дунд сургуулийн таваас есдүгээр ангийн насны хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртөж байна гэсэн үг. Сэтгэл эмзэглэм асуудал байгаа биз. Аав, ээжийнхээ хайр халамжинд өлгийдүүлж явах алдрай гэнэн насандаа тэд ийм аймшигт хэргийн хохирогчид болсон байна.
Бэлгийн мөлжлөгт өртсөн арван хүүхдийн тав нь мөнгө олохоор, хоёр нь бусдад тавьсан өрөө төлөхөөр, үлдсэн нь гэр бүлээ тэжээхээр анх бэлгийн харьцаанд орсон. Мөн эдгээр охидын 44.2 хувь нь хүчиндүүлж байсан бөгөөд хүчиндсэн хүн нь голдуу хойд эцэг нь байсан хэмээн хариулсан байдаг. Харамсмаар юм. Хайран сайхан хүүхэд насаа хатуу хүнд амьдралд өнгөрүүлж буй эдгээр хүүхдийг хамгаалах газар гэж байна уу.
Охидын зарим нь энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж байсан ч эргүүлээд өөрсдөд нь эрүүгийн хариуцлага үүрүүлэх тохиолдол гардаг байна. Хууль хяналтын байгууллагууд хэрэг хийсэн этгээдтэй нь хариуцлага тооцохоос илүүтэй хэрэгт өртсөн хохирогчийг залхаан цээрлүүлж байгаа нь харамсалтай.
ЗУУЧЛАГЧДЫН ЭРХШЭЭЛД ЗҮДЭРСЭН ОХИД
Бэлгийн мөлжлөгт өртсөн, биеэ үнэлэгч охид өдөрт 1-5 хүнд үйлчилдэг тухай судалгаанд тэмдэглэгдсэн байна. Охидоос үйлчлүүлэгчдийн насыг тодруулахад, 18-50 орчим насны хүмүүс байдаг гэж хэлжээ. Мөн судалгаанд хамрагдсан таван охид тутмын нэг нь гадаад хүмүүст үйлчилдэг гэжээ. Ямар орны, хаанахын хүн байдаг вэ гэсэн асуултад БНХАУ, Вьетнам, ОХУ-ын иргэд байсан гэжээ. Балчир наснаасаа бусдын эрхшээлд орсон эдгээр охидын 51.2 хувь нь хэр удаан биеэ үнэлэхээ мэдэхгүй байгаа бол 14 хувь нь нэг cap үнэлнэ гэсэн ба 34.9 хувь нь зургаан cap үнэлнэ гэсэн хариултыг өгсөн байна.
Энэ хариултаас нь дүгнэхэд бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдийн олонх нь зуучлагчдын эрхшээлд дор нуугдмал байдалд биеэ үнэлж байгаа юм.
Тус судалгаанаас сонирхол татсан нэг зүйл бол хүүхдүүдийг хаанаас олж авдаг тухай асуулгууд юм. Тодруулбал, 40 гаруй хувь нь хаанаас олдгийг нь сайн мэдэхгүй байна, 27.3 хувь нь гудамжнаас, 11.6 хувь нь баарнаас, 5.8 хувь нь гэрээсээ явсан хүүхдүүдийг, 3.3 хувь нь найз нөхдөөр нь дамжуулж, 2.5 хувь нь Фэйсбүүк чаатаар дамжуулж олж авдаг гэжээ.
Судалгаанд хамрагдсан бэлгийн мөлжлөгт өртсөн охидтой ирээдүйн зорилго, юу хүсэж мөрөөдөж байдаг талаар мэргэжлийн хүмүүс ярилцсан байна.
Харин охидын 34.9 хувь нь тогоочийн сургалтад сууж, тогооч болох хүсэлтэй байгаа бол 16.3 хувь нь сургуульд сурах, 34.9 хувь нь мэргэжилтэй сайн хүн болж, гэрийнхэндээ туслах, 14 хувь нь сургуулиа төгсөж сайхан амьдарна гэсэн байна. Хүсэн хүлээсэн ирээдүй, хүрэх гэсэн тэмүүлэл нь гэгээлэг. Гэвч бэлгийн мөлжлөгт өртсөн охидын өнөөгийн амьдрал хүнд байна. Аав, ээжийн арчилгаа муу, асрах хүмүүсийн анхаарал сул байгаагаас гэнэн итгэмтгий охид гэгээхэн амьдралаа харлуулсаар байна. Тэдэнд буруу өгөхийн аргагүй. Олз хайсан томчуудын ов мэхэнд орсон эдгээр охидыг зэмлээд ч яах юм билээ. Харин ийм төрлийн гэмт хэрэгтэй холбогдох хууль дүрмийг чангатгаж, охидын биеийг үнэлүүлдэг этгээдүүдэд хатуухан хариуцлага хүлээлгэх цаг нэгэнт болжээ.
БУСДАД БҮҮ ХУУРТААРАЙ
Бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогчийг ихэнхдээ таньдаг, мэддэг хүн нь хуурч мэхэлдэг, эсвэл хуурамч ажлын саналаар дамжуулан хохироодог байна. Хүйсийн тэгш эрхийн төвийнхний өгсөн мэдээллээр өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд 2000 гаруй хүнд туслалцаа үзүүлсний 800 орчим нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон нь тогтоогджээ. Охидод сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах хоёр жишээг хүргэе.
Хохирогчийн яриа. “Ааваасаа хойш их хэмжээний өртэй үлдсэн ээждээ туслах гэж би хотод ажиллахаар шийдсэн. Хэдэн жилийн өмнө хот руу амьдрахаар яваад, байр сууриа олчихсон нэг найз маань намайг “Хүрээд ир, ажил олчихлоо” гэж яаруулсан. Би хаана амьдарч, ямар ажил хийх гэж байгаагаа ээждээ хэлэх нь бүү хэл өөрөө ч мэдэхгүй хэрнээ шууд хотын унаанд суучихсан. Ингээд найзындаа очиход нэг махлаг эгч, ширүүн царайтай эрэгтэй хоёртой хамт найз маань байж байсан. Нөгөө эгч, “За хүрээд ирсэн үү, хувцас хунарыг нь соль” гэж манай найзад хэлсэн. Би юу болоод байгааг ойлгоогүй ч байдал бишидсэнийг мэдрээд үүд рүү ухасхийсэн. Гэвч намайг ухаан алдтал цохиж унагасан байсан… Би таван сарын турш хүний төсөөлөмгүй аймар нөхцөлд маш аймшигтай ажлыг хийсэн... Азаар нэг өдөр цагдаа нар буудал шалгахаар орж ирэхэд би бүх үнэнээ хэлж бэлгийн мөлжлөгөөс аврагдсан” гэжээ.
Хохирогчийн яриа. “Дөнгөж оюутан болоод, танилцах үдэшлэг дээр дээд курсийн хөөрхөн эгчтэй танилцсан юм. Тэр намайг хөөрхөн, гоё биетэй гэх зэргээр их магтдаг. Сургуулийнхаа нөлөө бүхий эгчид тоогдсондоо би ч их баяртай явдаг, дуудсан газар бүрт нь очдог байлаа. Харин нэг удаа олон залуустай шоунд хамт байж, эгчийн үгэнд орж өгсөн болгоныг уусан… Өглөө сэрэхэд бүгд намайг доромжилсныг мэдээд үнэхээр аймшигтай, ичгүүртэй байдалд орсон. Гэтэл нөгөө эгч энэ явдлыг бүх хүнд тараана гэж сүрдүүлээд, дуудсан газарт нь очиж биеэ үнэлэхийг шаардсан. Надад үгэнд нь орохоос өөр замгүй мэт санагдаж, олон сар үгээр хэлэхийн аргагүй муухай замаар эгчийн хэлснээс гарахгүй явсан” гэжээ.
Энэ мэтчилэн хохирогчдын яриа үргэлжилнэ. Гадаад кинон дээр л ийм зүйл гардаг гэх ойлголт орчин цагт үгүй болж, монголчуудын дунд охиддоо хайр найргүй ханддаг хачин муухай жишиг нэгэнт тогтжээ. Охин үрээ хайрладаг бидний уламжлал үгүй болж, цэвэр ичимтгий монгол охидын хувь заяа дэндүү эмгэнэлтэй байдалд хүрэх нь. Эл бүхнийг иш үндэс болгоод алдаж эндэж яваа охидоо гадуурхалгүй амь нэгтэйгээр асран хайрлая.
С.БАЯР
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Ug n huuhnuudee zarj mungu olhoorgui l bgaan thailand bish kk
Хүүхдүүдээ ажил хийж сургаарай аав,ээжүүд ээ.Ажилгүй хүн зав ихтэй,элдвийн буруу зүйлд өөрөө ч мэдэхгүй уруу татагдана.Бас ийм муу муухай зүйл байдаг гэдгийг ярьж хэлж ойлгуулж байгаарай
Бузрууд. Хайран охидын биеийн үнэлж мөнгө олж байгаа юмнууд үхвэл таарна.
Зөв сэдэв хөндөж!!!\n