Хууль ёсоор бүртгүүлэх гэж олон сарын турш мятаршгүй тэмцсэний эцэст намаа бүртгүүлж, улмаар улс төрийн алс хэтийн зорилго тавин эрх баригчидгай хатуу тэмцэхээр зорьж асан МАХН-д хэн бүхэнд ойлгомжгүй зүйл тохиолдох болов. Өнөөдөр МАХН-ын Бага чуулган хуралдах юм байна. Гэтэл үүнийг угтан бэлтгэсэн мэт МАХН-ын нарийн бичгийн дарга нар болох Ю.Атар, Д.Өрнөхбаяр, С.Молор-Эрдэнэ нар өчигдөр нийтийг шуугиулсан мэдэгдэл хийж, тэдний байгуулахаар тэмцсэн МАХН нь зорьсон замаасаа ухарсан тул намын албан тушаалаасаа татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Өмнөхөн нь дэд дарга Ц.Шинэбаяр албан тушаалаасаа татгалзаад удаагүй байтал ийм алхам хийгдэж буй нь огт санамсаргүй хэрэг биш байх. Тус намын дөрвөн ч нарийн бичгийн даргын гурав нь ийнхүү албаа орхилоо. Гэтэл үүний дараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар хэвлэлийн хурал зарлан хуралдуулжээ. Тэдний мэдэгдсэнээр, өнөөдөр хуралдах намын Бага чуулганд МАХН-ын дарга Н.Энхбаяр илтгэл тавьж, Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Удвал өнгөрсөн хугацаанд Гүйцэтгэх товчооноос хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, Хяналт ёс зүйн хорооны дарга Г.Давааням мэдээлэл хийх юм байна. “Ц.Шинэбаяр намын дэд даргын ажлаа өгөх асуудал ч эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа, нэр бүхий гурван нарийн бичгийн хувьд ч албан ёсны хариу нь гараагүй байна” хэмээн тэд сурвалжлагчдын асуултад хариу барьсан гэнэ. Өнөөдрийн намын Бага чуулганы II хуралдаан тун чиг халуухан өрнөх төлөвтэй.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )