Ард түмэн Монгол Улсын нөхцөл байдал улам дордсон гэдгийг хэлэхээс гадна Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI) гэж байгууллагаас монголчуудын санаа бодол, эрх баригчдад өгч байгаа үнэлгээг харуулах чухал судалгааг саяхан танилцуулсан байна.
Ердөө жил хүрэхгүйн хугацааны өмнөхтэй харьцуулахад манай улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтмол нэмэгдсэн ч цалин урамшуулал огт нэмэгдээгүйн дээр ам.долларын ханш нэмэгдсээр байгаа нь иргэдийн худалдан авах чадвар муудахад нөлөөлсөн гэж судалгаанд оролцогсдын олонх нь үзсэн байна. Хамгийн сонирхолтой нь судалгаанд оролцсон 2500 хүний 58 хувь нь “Монгол Улс буруу зүгт явж байна” хэмээн хариулсан аж.
Үнэхээр ч “100 жилээ тэмдэглэж байгаа сумын төвд 100 жилийн өмнөх кино зураг авч болж байна” гэсэн явган яриа шиг эх орны хөгжил цэцэглэлт гаднын улсуудаас үнэхээр алсран хоцорсоор байгааг хэн хүнгүй хэлж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад нь нисдэг такси, хүлэмжийн хий ялгаруулдаггүй хот, өөр гариг дээр очиж суурьших тухай яригдаж байна. Тэр ч бүү хэл хэдхэн жилийн өмнө манайхаас ялгаагүй байсан орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн, иргэдийнх нь амьжиргааны түвшин биднийг хол орхичихоод байгаад л олон нийт гомдоллоод байгаа юм.
Даанч манай орныг хэмжээгүй эрхт хаан шиг удирдсаар ирсэн хоёрхон намын улстөрчид, дарга нар маань өнгөрсөн хугацаанд хоёр атомын цахилгаан станц барих мөнгөөр зөвхөн хөшөө барьсан тухай манай сонин өмнөх дугаарын нийтлэлдээ дурдсан. Хэрэв бид ингэж чадсан бол өнөөдөр “Лаа чүдэнз, ахуйн хий нөөцлөх тухай ард түмэндээ уриалж, ирэх жилүүдэд цахилгаан, дулаангүй өвөлжих аюултайг сануулаад сууж байхгүй байж. Тиймээс л дээрх судалгаанд оролцсон залуус эх орныхоо хөгжлийг “буруу” тийш яваад байгааг соргогоор мэдэрч хариулсан хэрэг болж байна.
Буруу тийшээ л улайран зүтгээд байгаа учраас бид лаа чүдэнз нөөцлөх тухай ярьж байгаа хэрэг. Ямар нэгэн байдлаар буруу байгаад байгаа учраас л хоёр том хөрш нь хэзээ мөдгүй цэрэглэн хөдөлж, дайн дэгдээж магадгүй байхад төрийн эрх барилцагчидтайгаа хамтран аймгийн наадмын бөхийн барилдааны тавын давааны сонин сайхан, алдаа дутагдал дээр хэрүүл хийж байгаа хэрэг.
Ийнхүү биднийг буруу замнаж байгааг харуулсан өнөөх судалгаанд оролцсон залуус маань манай улсын засаглалын хамгийн зөв замыг ардчилал гэж үзсэн мөртлөө төрийн эрх барьж байгаа нөхдүүдийг “Авлигатай маш муу тэмцэж байгаа” гэж 74 хувь нь үзжээ. Энэ судалгааны хоёр асуултад хариулсан байдал л өнөөгийн бидний байгаа байдлыг яг таг харуулж байх шиг. Ардчилалаар замнана гэж байгаа мөртлөө түүнээсээ буцаж, авлигалыг цэцэглүүлсээр байгаа нь л дэлхийн бүх улс орноос буруу тийшээ зүглэх шалтгаан болоод байгаа хэрэг шүү дээ. Тиймээс нэгэнт л “Тойрч очоод нарны сүүдэртэй хэсэг дээр нь газардаж” чадахгүйгээс хойш дээр дооргүй явдал мөрөө эргэн харж, удаан ч гэсэн зөв замаараа замнавал яасан юм бэ, хэдүүлээ. Засаг төр нь манлайлагч байж залуус, иргэд нь оролцоотой байж гэмээнэ бусдынхаа хөгжлийн зах зухыг ч болтугай нэгэн өдөр гүйцэх байлгүй дээ.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Тойрч очоод нарны сүүдэртэй хэсэг дээр нь газардаж.яаж ингэж сэтгэж чадаж байна. нээлт үү? юу ч ойлгодрггүй мөртлөө бусдад заах гэнээ_ ха ха хэ хэ . нарны нөгөө тал нь сүүлэртэй гэнэ шүү
Монгол хүний сэтгэлгээнд хамаг учир байна. Яг л үхэр шигээ сэтгэдэг. Бүгдээрээ хулгайч. Язгуураасаа авилгачин. Ямар ч гайхалтай, систем тогтолцоо байсан түүнийг өөрийн эрх ашигт нийцүүлэхийн тулд эвдэлж, нурааж бусниулдаг. Ардчиллыг ч мөн ялгаагүй, бантан болгосон.