Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордицагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбоотойгоор хүлээн авч уулзан талархал илэрхийллээ. Тэрбээр манай улсад таван жил ажиллахдаа эрүүл мэндийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжин ажилласан юм.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковид-19” цар тахалтай тэмцэх амаргүй ажилд Монгол Улсад олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцааг зохицуулахад өндөр хувь нэмэр оруулж, 40 мянган хүний амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалсан танд талархал илэрхийлье гээд цар тахлыг хүндрэл багатай даван туулахад та бүхний оролцоо их байсан гэдгийг хэллээ.
Үүний хариуд Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица “Амаргүй цаг хугацаанд та бид олон амжилтыг хамтдаа бүтээлээ. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх стратегийн алсын хараатай ажиллаж ирсэнд баяр хүргэмээр байна. Таны тэргүүлсэн Засгийн газрын үед энэ ажлыг далайцтай хийж байгаа нь магтууштай. Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тань бусад улс оронд үлгэр жишээ сайн туршлага болсон” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )