Ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлүүдээс хамгаалах, ажилчдыг эрүүл, аюулгүй орчинд ажиллуулах орчин нөхцлийг сайжруулах зорилготой аж. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны нэг өдрийн хүрээнд дараах албаны хүмээсээс байр суурийг нь тодрууллаа.
“Платинум Ланд” компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан Э.Наранбаатар:
Би энэ компанид Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар хоёр жил ажиллаж байна. Энэ хугацаанд хүнийг эрүүл аюулгүй орчинд ажиллуулах зорилготой, эрүүл ирсэн бол эрүүл харих ёстой гэсэн зарчмын дор ажилласаар ирсэн. Уул уурхайн салбарт олон залуус ажиллаж байгаа. Манайд гэхэд өдөр шөнийн ээлжинд 100 гаруй залуу ажиллаж байна. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж ажилладаг. Машин механизмыг сар тутамд төлөвлөгөөт болон төлөөвлөөөгүй үзлэгт оруулдаг. Засварын баг ажиллуулдаг. Миний зүгээс аюулгүй ажиллагааны багаж хэрэгслийг шалгадаг. Ослын гурвалжин галын хор, бусад багаж хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлыг шалгана. Өндөр хэмийн ажил дээр багаж хэрэгсэл бүрэн байх ёстой. Түлэгдэхгүй хувцас, зориулалтын баг дуулга өмсөх ёстой. Уурхайн талбайд учирч болох хор уршгийг илрүүлэх сургалт зохион байгуулж ажилладаг.
ДЦС-3 төрийн өмчит компанийн эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан Т.Ундраа:
Үйлдвэрлэлийн байр болон ажлын байранд хүний биед үзүүлэх сөрөг зүйл юу байна гэдэгт анхаарал хандуулж, датагаар хангаж ажилладаг. Тоосжилт их байгаа нөхцөлд хэрхэн яаж ажиллах вэ, дуу чимээнээс хэрхэн хамгаалах вэ гэдгээс гадна хэмжилт хийснээр тухайн ажлын байран дээр хүний биед сөрөг нөлөөтэй ямар зүйл байгааг илрүүлж арилгадаг. Ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаж байгаа эсэх, ажлын байран дахь хоол, орчныг ариутгах, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, сөрөг нөлөөллийг бууруулах, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилготой юм. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг жилд нэг хийдэг.
Жунсон констракшн компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан Г.Шийлэгбат:
Барилгын талбайд явагдах өдөр тутмын үйл ажиллагаа нь өглөөний дасгал сургуулиас эхэлдэг. Энэ нь тухайн өдөр аюулгүй ажиллах, ажлын байран дээр сахилга баттай байх нөхцөлийг бүрдүүлж, санамж болдог. Хариуцсан ажилтнууд нь ажилчдынхаа ажлын байрны орчин нөхцөлийг бүрдүүлэхэд ихэд анхаардаг. Манай компанийн удирдлагууд энэ тал дээр төсөв мөнгө сайн гаргаж, ихэд анхаардаг. Бидний ажлыг сайн дэмждэг. Талбайд аюулгүй ажиллах орчин бүрдүүлж өгдөг. Бараа материалаа энд тэндгүй тавьдаг учраас аюулгүйн бүс татаж өгдөг. Тиймээс бараа материалаа тавих газар, армотур, цемент, тоосго гээд тус тусад нь гаргаж өгдөг. Хөдөлмөрйин аюулгүй байдал хариуцсан ажилтан гэдэг бол талбай дээр очоод чи ингэ тэг гээд тушаахаас илүүтэй зөв хандлага бий болгох ёстой. Тухайн өдрийн ажлыг төлөвлөхөөс эхлээд ажилчдынхаа санал гомдлыг сонгох. Хүн өглөө ажилдаа ирээд орой эрүүл саруул харих ёстой. Хүн барилгын талбайд орж ирээд яаж ажиллах вэ гэхээсээ илүүтэй, хэрхэн яаж эрүүл ажиллах вэ гэдгээ бодох ёстой.
С.БАЯР
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )