МАН Дээд шүүхэд гомдол гаргалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 08

МАН-ынхан өчигдөр намын нэрийн асуудлаар Улсын Дээд шүүхэд хандлаа. Улсын Дээд шүүх Үндсэн хуулийг ноцтой зөрчиж, МАХН-ын нэрийг бүртгэсэн гэж үзэж байгаа тул ийнхүү гомдол гаргахаар болсон хэмээн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Хяналтын Ерөнхий хорооны дарга Л.Дондог, Ёс зүйн хорооны дарга Н.Цагаанхүү нар албан ёсоор мэдэгдлээ. Дээд шүүхийнхэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр дээр дур мэдэн тайлбар хийж, ийм шийдвэр гаргасан гэж үзэж буйгаа тэд илэрхийлэв. МАН-ынхан зургадугаар сарын 24-ний өдөр МАХН-ын нэрийг бүртгэснээс хойш энэ талаар тайлбар өгөхийг хүссэн бичгийг Улсын Дээд шүүхэд удаа дараа хүргүүлжээ. Үүнээс 11 хоногийн дараа буюу долдугаар сарын тавны өдөр Улсын дээд шүүхээс тайлбар ирүүлсэн байна. Гэвч энэ тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй гэж МАН-ынхан үзлээ. МАХН-ыг улсын бүртгэлд бүртгэх тухай тогтоолд “Улс төрийн намын улсын бүртгэлд Монгол Ардын Хувьсгалт Нам буюу МАХН нэртэй нам байхгүй тул энэ нэрээр улс төрийн нам байгуулах нь “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдтэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй” гэсэн Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн шаардлагад харшлаагүй болно” гэжээ. Энэ нь Иргэний хуулийн энэ заалтыг ноцтой зөрчиж байна хэмээн МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Л.Дондог ярилаа. Тэрбээр МАХН гэсэн нэрийг олгосноор Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд төөрөгдөл гарч байна гэдгийг ч дурдав. Тухайлбал, дэлхийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монгол Улсын эрх баригч МАХН-ын даргаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгогдсон байна” гэж мэдээлжээ. МАН-ынхан “Улсын Дээд шүүх МАН-ын нэрийг бүртгэхдээ “МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл” хэмээн тусгайлан заасан заалтыг хүлээн зөвшөөрсөн атлаа МАХН хэмээх шинэ намыг бүртгэснээр шийдвэрүүд нь өөр хоорондоо зөрчилдөж байгааг илтгэлээ” хэмээн мэдээлэл хийх үеэрээ онцолсон. Мөн МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Л.Дондог МАХН-ын нэрийг бүртгэсэн шийдвэрийг анх сонсоод чихэндээ ч итгээгүй гэдгээ хэлээд, Улсын Дээд шүүх ингэж хуулийн эсрэг ажиллаж болдог юм байх даа гэж ихэд гайхсан гэв. МАН-ынхан Улсын дээд шүүхэд гомдол гаргах бас нэгэн үндэслэл байгаа гэсэн юм. Энэ нь хуулийн этгээдийн нэрийн нэгдсэн санд МАХН гэдэг нэр 2005 онд М.Энхболдын нэр дээр баталгаажуулалт хийгдсэн, одоо ч энэ бүртгэл хэвээр байгаа аж. Эндээс Улсын дээд шүүх Улсын бүртгэлийн Ерөнхий газраас лавлагаа авалгүй шийдвэр гаргасан болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн нэгдсэн санд МАХН гэдэг нэр М.Энхболдын нэр дээр байгаа атал Улсын Дээд шүүх Н.Энхбаярын нэр дээр бүртгэчихсэн гэсэн үг. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Н.Энхбаяр намын нэр өөрчлөгдөхөөс өмнө МАХН-ын даргаар ажиллаж байхдаа намын нэрийг солих нь зөв гэдэг санаачилгыг гаргаад ажилласан хүн” хэмээн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. МАН-ынхан сүүлийн 20 жилийн хугацаанд шинэчлэгдээгүй шүүхийн шинэтгэл хэрэгтэй байгааг үйл явдал харуулж байна гэлцэв. Харин МАХН-ынхан нэрийн асуудлаараа ярихдаа “Манай намын нэрийн бүртгэлийн асуудал хууль зүйн хүрээнд явагдсан” гээд, энэ асуудлаар МАН-ыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа мэдэгдсэн юм. Ийнхүү МАХН-ын нэрийг тойрсон асуудал хурцадлаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top