Нарийн бичгийн дарга нар нь намаасаа гарна гэдгээ илэрхийлж, мэдээлэл хийх үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нарын хүмүүс хэвлэлийн хурал хийсэн юм. МАХН-ын бага чуулганы хоёрдугаар хуралдаан болохтой холбоотой мэдээлэл өгөх үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалаас нарийн бичгийн дарга нарынх нь асуудлыг тодрууллаа.
-Танай намын нарийн бичгийн дарга нар намаасаа гарна гэдгээ мэдэгдэж байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-МАХН гэдэг намыг байгуулснаас хойш зургаан сар өнгөрлөө. Зургаан сарын хугацаанд том сорил шалгалтуудтай тулсан. Нэгэнт нарийн бичгийн дарга нар ингэж шийдсэн бол бид саналыг нь хүндэтгэнэ. МАХН-аас хэн ч гарч, хэн ч орж болно. Бид чөлөөт сонголтыг хүндэтгэдэг.
-Нарийн бичгийн дарга нар МАХН-аас татгалзах талаараа намын удирдлагууддаа албан ёсоор мэдэгдсэн үү?
-Нарийн бичгийн дарга нар намаасаа гарна гэсэн яриа байна. Гэхдээ одоогоор энэ талаараа намын удирдлагуудад албан ёсоор мэдэгдэж, өргөдлөө өгөөгүй. Манайх ганц хоёр хүнээр дутдаг нам биш.
-Танай намынхан МАН-ын зарим гишүүнийг урвуулж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Нарийн бичгийн дарга нарын асуудал үүнтэй холбоотой юм биш үү?
-Бид урвуулдаг хүмүүс биш. Нарийн бичгийн дарга нар намын удирдлагуудыг хүндэтгэсэнгүй. Тэд ямар ёс зүйтэй хүмүүс болохоо л харуулж байна. Манай намыг хагалан бутаргахаар шургалсан алтан шаахайтнууд ч бий. МАХН-аас гарна гээд байгаа нарийн бичгийн дарга нар намынхаа төлөө хуруугаа ч хөдөлгөсөнгүй.
-Үүнээс гадна танай намын дэд дарга Ц.Шинэбаяр ажлаа өгөхөө мэдэгдээд байгаа шүү дээ?
-Намын дэд даргын асуудал ганцхан Ц.Шинэбаяр даргынх биш. Манай намын асуудал. Энэ асуудлаар Ц.Шинэбаяр гишүүн намын даргатай зөвлөлдөж байгаа. Намын дэд даргын асуудлыг бага чуулганаар ярих байх.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )