Г.Оюунбат: Нийслэл энэ онд 3 тэрбум 353 саяыг ногоон байгууламжид зарцуулсан

2022 оны 08 сарын 12

Нийслэлийн хот тохижилтын газрын Ногоон байгууламж хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Оюунбатаас “Шарилжгүй Улаанбаатар” аян болон нийслэлийн ногоон байгууламжийн талаар зарим зүйлийг тодрууллаа.


-Хот тохижилтын газраас энэ жил нийслэлд хэр хэмжээний газарт ногоон байгууламжийг буй болгосон бэ?

-Хот тохижилтын газар Улаанбаатар хотын зургаан дүүргийн 49 гудамж буюу 52.9 га талбайн ногоон байгууламж арчлал, сэргээлтийн ажиллагааг хариуцан ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд 65 мянга орчим мод, бут, сөөг, 120 мянган метр квадрат зүлгийн нөхөн тарилт ба шинэ тарилт, 180 мянга орчим нэг наст цэцгийг авто замын уулзвар, хөшөө дурсгалын ойролцоо тарьж ургуулсан. Одоогийн байдлаар үндсэн тарилтын ажил маань дууссан. Ургамал ургалтын явцаас шалтгаалаад хэлбэржүүлэлт, зүлэг хадалтын дөрөв дэх давтан ажлууд явагдаж байна.

-“Шарилжгүй Улаанбаатар”  аяны явц ямар байгаа вэ?

-Уг аяны хувьд хотын явган хүний зам, эзэнгүй орхигдсон талбайн шарилжийг устгаж, цэвэрлээд байна. Энэ нь давтагдсан тоогоор 132 мянган метр квадрат талбайг хамарч байгаа бөгөөд гурван удаагийн давтан устгал хийгээд байна. Үүнээс гарсан хог тээвэр нь нэг мянга гаруй тонн орчим болсныг хаясан. Төвлөрсөн гурван хогийн цэгийн аль ойр байрлал руу очиж халдваргүйжүүлэн устгаж байна.

-Энэ онд нийслэлд нийтдээ хэдэн төгрөгийн ногоон байгууламж хийгдсэн бэ?

-Хот тохижилтын газар нь 49 гудамж, 52.9 га талбайд гурван тэрбум 353 сая төгрөгийг ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан.

-Нэг наст цэцгийг тарихад хэдэн төгрөг зарцуулсан бэ. Тус цэцгийг аль дүүрэгт ихэвчлэн тарив?

-Уулзвар гарц, хөшөө дурсгал, Сүхбаатарын талбайн ойр орчим, аюулгүйн тойрогт тарьдаг. 180 мянган ширхэг нэг наст цэцгийг 270 сая төгрөгөөр тарьсан.

-Нэг наст цэцгийг хэдэн төрөл зүйлээр тарьж ургуулсан бэ?

-Хун, арслангийн жавьж, хилэн гэх мэт цэцгүүдийг тарьдаг. Энэ жилээс гоёлын байцайг тарьсан. Уг цэцгийг халуун орны өвлийн цэцэг гэж ярьдаг. Улаанбаатарын хөрсөнд нутагшуулах зорилгоор тодорхой хэд хэдэн байршилд тарьж ургуулсан.

-Нэг наст цэцэг хэдэн сард үхдэг вэ?

-Усалгаа муутай цэцгүүд есдүгээр сарын 15-аас, намрын дулаан харьцангуй урт байвал 10 сарын дунд хүртэл амьд байдаг. Ерөнхийдөө эхний цаснаар бүх цэцгийн мандлыг цэвэрлэдэг.

-Иргэдийн ухамсар хэр байгаа вэ?

-Нэг үеийг бодоход зүлгэн дээр гишгэхгүй, нэг наст цэцгийг таслахаа больсон. Гэхдээ ногоон байгууламжийг механик гэмтэлд оруулах тохиолдол цөөнгүй байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, уулзвар гарц гаргах, дулааны шугам янзлах гэх мэт ажлуудаас хамааран ногоон байгууламж маань эвдрэн сүйтгэгддэг. Ерөнхийдөө иргэдийн маань ухамсар харьцангуй сайжирсан.

-Аль дүүргийн ногоон байгууламжийг сайжруулах хэрэгтэй байгаа вэ?

-Төвийн дүүргүүдийн ногоон байгууламж харьцангуй хүртээмжтэй. Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн үзүүлэлтүүд сайн. Бидний хэлж заншсан гэр хороолол ихтэй дүүргүүдэд мод зүлэг, цэцэг тарих шаардлагатай байгаа. Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн гэр хорооллуудын ногоон байгууламж муу байна.

-Тоног төхөөрөмж, хүний нөөцийн хүртээмж хэр байгаа вэ?

-Ногоон байгууламжийн тусгай зориулалтад ашигладаг машин механизм 18, усны машин 12, бороожуулагч 15 ширхэг байгаа. Тохижилтын ногоон байгууламжид 120 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Өвөлд дээрх ажилчид маань зам цэвэрлэгээний ажилд ордог.

Н.ЭРХБАЯР

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.16.86) 2022 оны 08 сарын 12

Зөвхөн нүүрээ угаагаад хүзүүгээ орхидог хүүхэд шиг төв талбайгаа тойруулаад л гоёод байх юм. Гэр хорооллын гудамж хашааг өөрсдийнх нь хүчээр ногоон болгоочээ. Ядаж шороо дарагдаж, агаар цэвэршинэ шүү дээ. Улсаас зүгээр мөнгө аваад дэмий яриад сууж байдаг хорооны ажилтнуудаа сайн шахаж ажиллуулаа ч дээ

0  |  0
Top