Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын эмчилгээ чанарын менежер Ц.Сансарцэцэгтэй ярилцлаа.
-Мэргэжлээс шалтгаалсан өвчин нь ямар хүчин зүйлээс үүсдэг вэ?
-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас ажил мэргэжилтэй холбоотой өвчнийг ажлын тодорхой орчин, хөдөлмөрийн үйл ажиллагааны үр дагавар, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг ажлын байрны онцгой өртөлтөөс шалтгаалж үүсдэг гэж үздэг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2002 онд мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалтыг эрсдэлд хүчин зүйлүүдийн өртөлтөөс хамааруулж дөрвөн бүлэг 106 өвчин, 2010 онд шинэчлэн дөрвөн бүлэг 194 өвчнийг тоймлон гаргасан байдаг. Манай улсын хувьд “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-д Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэнэ гэж тодорхойлсон байдаг.
-Мэргэжлээс шалтгаалсан өвчний талаар гарсан статистик тоон мэдээлэл байдаг уу?
-Дэлхийн хэмжээнд өдөр бүр 7500 хүн ажлын байрны өртөлтөөс шалтгаалан нас барж, түүний 6500 нь ажилтай холбоотой өвчин, 1000 нь мэргэжлээс шалтгаалсан өвчлөлтэй холбоотой байна. Манай улсад 1973 оноос мэргэжлээс шалтгаалах өвчин оношлогдож, хөдөлмөр зохицуулалт хийх, эмчлэх, сувилах үйл ажиллагаа эхэлсэн. 1973-2021 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд мэргэжлээс шалтгаалсан өвчний 10119 тохиолдол бүртгэгдсэн. 2021 оны байдлаар 2810 (2.4%) иргэн идэвхтэй хяналтад байна. Үүний 52.6 хувь нь тоос, тоосжилтын шалтгаант уушгины өвчин, 23.4 хувь нь мэдрэл, 9.8 хувь нь төрөл бүрийн бодисын хордлого, үлдсэн хувийг чих хамар хоолой, арьс харшил, туяа, нүдний өвчлөл эзэлдэг. Мэргэжлээс шалтгаалсан өвчний шинэ тохиолдол 2017 онд 68, 2019 онд 49, 2021 онд 50 бүртгэгдсэн. 2009-2018 онд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас идэвхтэй хяналтад байсан 895 хүн нас барсан ба улсын дундаж наслалтаас эрэгтэй 9.3, эмэгтэй 10 насаар бага насалсан байдаг.
-Манай улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчний оношилгоо нь ямар хууль эрх зүйн актын хүрээнд зохицуулагддаг вэ?
-Мэргэжлээс шалтгаалсан өвчний оношилгоо, хөдөлмөр магадлал зохицуулга нь Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд хамтарсан А/758, А/197 дугаар тушаал “Даатгуулагч буюу иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай” хуулийг баримталдаг. Мөн MNS Мэргэжлээс шалтгаалсан уушгины эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээний стандарт, Монгол Улсад зонхилон тохиолдох мэргэжлээс шалтгаалах өвчний удирдамжийг мөрдөж байна.
-Олон улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан иргэний тэтгэвэр, тэтгэмжийн зохицуулалтын талаар мэдээлэл өгөөч?
-Хөгжингүй болон хөгжиж буй улс орнууд тухайлбал АНУ, БНСУ, Герман, Узбекстан зэрэг орныг судалж үзвэл ажлын байрнаас үүссэн мэргэжлийн өвчнийг тухайн улсын тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын байгууллага тогтоож дүгнэлтэд үндэслэн даатгалын эрхийг үүсгэдэг. Хөдөлмөрийн чадвар алдалтыг түр болон бүр чадвар алдалтаар тогтоож даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийг олгодог нь манай улсын бодлого зохицуулалтай адилхан боловч тэтгэмжийн хувь, хугацаа харилцан адилгүй ялгаатай байдаг.
-Эцэст нь асуухад манай улсын мэргэжлээс шалтгаалсан өвчний оношилгоо, эмчилгээг олон улсын чиг хандлагатай харьцуулж яаралтай хэрэгжүүлж ажиллах үйл ажиллагаанууд юу байгаа вэ?
-ДЭМБ-аас 2022 оны нэгдүгээр сараас Хөдөлмөрийн эрүүл мэндийн оношилгоонд ICD буюу Олон улсын өвчний 11 дүгээр ангиллыг ашиглах зөвлөмж гаргасан ба Мэргэжлээс шалтгаалах бүх өвчнүүд багтсан болохыг онцолсон байдаг. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас 2022 онд гаргасан мэргэжлээс шалтгаалах өвчний оношилгооны шалгуурыг өвчлөл тус бүрээр олон улсын өвчний ангилал 10,11 харьцуулж оруулсан. Бид ч оношилгоонд олон улсын өвчний ангилал 11 цаашлаад ICF буюу олон улсын үйл ажиллагааны ангиллыг нэвтрүүлэх, МШӨ-ний оношилгоо эмчилгээ стандарт, удирдамжуудыг шинэчлэх, шинээр нэвтрүүлэх, судалгаа шинжилгээний ажлуудыг өргөжүүлэх, нэгдсэн мэдээллийн сантай болох, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хяналтын иргэдийн сэргээн засах тусламж үйлчилгээг сайжруулах зэрэг маш олон ажлууд хүлээгдэж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )