Л.Мөнхнасан: Бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эрчимтэй арга хэмжээ авахгүй бол оройтно

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 08 сарын 19

БНСУ-ын Кореа их сургуулийн экологи, инженерийн тэнхимийн судлаач профессор, доктор Ламчингийн Мөнхнасантай ярилцлаа. Тэрбээр Баянхонгор аймагт арван жилийн сургууль төгсөөд, МУИС-ийн Газарзүйн ангийг дүүргэж, Монголд мэргэжлээрээ ажиллаж байгаад, 2012-2014 онд БНСУ-ын Кореа их сургуульд докторын зэрэг хамгаалж, үргэлжлүүлэн байгаль орчны зайнаас тандан судлалын лабраторид судлаач, профессороор ажиллаж байгаа юм.


-Зайнаас тандан судлах нь судалгааны шинэ салбар гэж бид ойлгодог. Энэ аргаар танай салбарт ямар судалгаанууд хийж байна вэ?

-Зайнаас тандан судлал нь сүүлийн хэдэн жил эрчимтэй  хөгжиж   буй боловч дайны үеүдэд агаараас нэгнийхээ  зургийг авч байрлалыг тодорхойлдог  байсан тэр  үеэс эхлэлтэй гэж үздэг. Монгол орны хувьд сансар судлалын чиглэл Монгол  хүн сансарт  ниссэн үеэс  эхлэлтэй гэж үздэг бөгөөд 1990 оноос эхлэн дэлхийн олон улсад эрчимтэй хөгжиж эхэлсэн. Агаар сансраас  авсан  гадаргын  мэдээлэл  буюу  зургийгболовсруулж,тоон утгуудыг дэвшилтэт  техник технологи, программ хангамжуудыг ашиглан  хиймэл оюун ухаанд суурилан дүн шинжилгээ хийхийг зайнаас тандан судлал гэж хэлж болно.

-Өнөөдрийг хүртэл ямар судалгааны багуудад  ажиллав?

- Монголд  ажиллаж  байхдаа дотоодын  болон  гаднын   эрдэмтэдтэй нэлээд  хамтарч ажиллаж байсан. Сүүлд БНСУ-ын Кореа их сургуульд судлаач, профессороор ажиллаж эхэлснээс  хойш  мөн олон  улсын эрдэмтэдтэй хамтран ажиллах боломжууд нэлээд гарч хамтраад амжилттай  ажиллаж  байгаа. Залуу  хүний хувьд тэднээс  суралцаж, туршлага хуримтлуулж  байна. Аль болох чадах чинээгээр, өөрийн боломжийн хэрээр Монголынхоо судалгааны салбарт хоёр орны эрдэмтэн, судлаачдыг холбох гүүр болох, хамтарч ажиллах, өөрийн мэдэх чадах зүйлүүдээ залуу судлаачдад  зөвлөж, хэлж өгөхийг хичээж явдаг.

-Дэлхийн дулаарал улс орнууд, хүн төрөлхтний өмнө тулгамдаж, түүнээс үүдсэн цөлжилт ихсэх боллоо. Сүүлийн үеийн судалгаа, шинэ мэдээллүүдээс сонирхуулна уу?

-Яалт ч үгүй дэлхийн дулаарлаас үүдэлтэй хүрээлэн буй орчны доройтол, цаашлаад улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх дэлхий дахинд чухал асуудлын нэг болоод байна. Дэлхийн хэмжээнд нийт газар нутгийн 25 орчим хувь нь доройтсон гэсэн судалгааг эрдэмтэд хийгээд байна. Газар тариалангийн зохисгүй үйл ажиллагаанаас болж жилд 24 тэрбум тонн үржил шимт хөрс алдагдаж байгааг эрдэмтэд   саяхан анхааруулсан.  Хэрэв  энэ хандлага  хэвээр цааш  үргэлжилбэл 2050   он гэхэд   дэлхийн хуурай  газрын  95 хувь нь доройтох магадлалтай   гэж эрдэмтэд үзэж байна. Дэлхий даяар 3.2 тэрбум хүн, ялангуяа хөдөө орон нутгийн иргэд, жижиг тариаланчид, амьжиргаа доогуур хүмүүс газрын доройтолд ихээр өртөж байгаа бөгөөд 2050 он гэхэд дэлхийн хүн ам 35 орчим хувиар өсөж хүнс, тэжээл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өсөх төлөвтэй байна.

-Газрын бүрхэвчийн өөрчлөлтийн судалгаанд ямар асуудлуудыг онцлох бол?

-Сүүлийн үед миний төвлөрч ажиллаж буй нэг судалгаа бол сүүлийн 30 жилд болон ирээдүйд дэлхийн хэмжээнд газрын бүрхэвч хэрхэн өөрчлөгдсөн хийгээд өөрчлөгдөж болохыг загварчлан гаргахыг хичээж байна.Үүнээс харахад сүүлийн 30 жилд дэлхийн хэмжээнд хотжилт нэмэгдэж, газар тариалангийн талбай тэлэн, ойн бүрхэвч багассан байна. Хүн  ам өсөж хотжилт нэмэгдсэнээр хоол хүнсний хомсдол,хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж, газар тариалангийн талбай нэмэгдэхийн хэрээр үржил шимт хөрс алдагдалд орж газрын доройтол үүсэх үндсийг бий болгож байна. Иимээс хөрсний үр шимд сөрөг нөлөө үзүүлдэггүй шинэлэг технологийг газар тариаланд нэвтрүүлэх хийгээд газрын тогтвортой менежмент болон ухаалаг хөдөө аж ахуйг сайжруулах асуудал чухал болоод байна.

-Манай улс өнгөрсөн жилээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлүүлсэн. Ойн сан энэ хэрээр нэмэгдвэл цөлжилт саарч, шар шороон шуурга багасах болов уу. Судлаачид хэрхэн дүгнэж байна? 

-Гол нь үр дүнтэй хэрэгжиж чадвал газрын доройтлыг багасгах ач холбогдолтой. Ганц манай улс ч биш дэлхий нийтийн байгаль орчныхоо төлөө хийсээр ирсэн, одоо ч  хийж  байгаа зүйл бол мод тарих. Энэ мэдээж чухал ажил.Энэ чиглэлээр судалгаа хийдэг хүний  хувьд дэмжиж байгаа. Хамгийн гол нь энэ ажлыг үр  дүнтэй  хэрэгжүүлээсэй. Тоондоо биш нэг ч гэсэн  модыг ургуулах, тарьсан  модныхоо  өсөлтөд анхаарах хэрэгтэй. Маш  өндөр  тоо яриад, мод тариад байдаг, нөгөөх нь   ургахгүй, өсөлт багатай  байх  юм  бол эсрэгээрээ  газрынхаа  хөрсийг сэндийчиж гэмтээж  сөрөг   нөлөө  үзүүлнэ. Тиймээс үр дүн чухал.   Тиймээс тоондоо  биш чанартаа анхаарах  нь зүйтэй гэж анхааруулаад байгаа юм. Ер нь олон улсын судлаачдын судалгаанаас харж байхад шинээр мод тарих гэхээс илүү өмнө байгаа,нэгэнт ургасан ойн сангаа  нөхөн сэргээх, хамгаалахад анхаарах хэрэгтэй гэсэн дүгнэлтүүд гаргасан байдаг. Шинээр тарихаас илүү өмнө ургасан байгаа ойн сангаа хамгаалах нь төсөв зардал хэмнэхээс эхлээд илүү үр дүнтэй гэж үздэг  судлаачид олон бий. Монгол орон бол ойн сан багатай.Тиймээс одоо   байгаа ойн сангаа нөхөн сэргээж,талбайг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ шинээр ой бий болгох ажлаа  уялдуулж явах нь зөв болов уу.

- Байгалиа хамгаалах, хайрлах тухайд манай уншигчдад та юу хэлэх бол?

-Хүн бүр эх дэлхийгээ хайрлаж, байгальдаа   ээлтэй амьдрах хэрэгтэй. Хүүхдэд цэцэрлэгийн наснаас эхлэн байгальд ээлтэй амьдрах, ахуй амьдралдаа мөрдлөг  болгохыг зааж сургадаг баймаар байна. Цааш сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулж өгөх нь зүйтэй. БНСУ-д хүүхдэд цэцэрлэгийн  наснаас  эхлэн   хогоо  ангилан  ялгах, байгальдаа хэрхэн ээлтэй амьдрах тухай  мэдлэгийг системтэйгээр сургалтын хөтөлбөрт ньсуулгаж өгсөн байдаг. Манайд энэ жишгийг сургалтын хөтөлбөртөө оруулаасай гэж боддог. Ер нь бол судлаачид өчнөөн яриад, бодлого боловсруулагч нар сайн бодлогыг хэрэгжүүлээд, эцсийн дүнд түүнийг мөрдөх нь олон нийт тиймээс иргэд, олон нийт, хүн төрөлхтөн  өөрсдөө хичээж, амьдралынхаа хэв маягийг байгаль орчинд ээлтэй болгочих юм бол асуудал аяндаа шийдэгдэнэ. Тэгж байж үр дүнд хүрнэ. Үүний тулд хүүхдийг  багаас  нь сургах,  боловсролынх  нь системд  оруулж өг   гэж хэлээд байгаа юм. Гэхдээ манай  улс боловролын системдээ энэ чиглэлийг бага багаар оруулаад байгаа нь анзаарагддаг. Үүнийгээ илүү өргөн болгож, хүрээг нь тэлэх хэрэгтэй.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mood(222.109.53.245) 2022 оны 09 сарын 05

насаа бол жинхэнэ судлаач эрдэмтэн дэлхий дулаарлын талаар олон жил толгойгоо гашилгаж байгаа

1  |  0
Иргэн(222.109.53.245) 2022 оны 09 сарын 05

Delhiid mongoliin neriig gargaj baigaa mundag sudlaach hun shuu dee

1  |  0
k(202.9.41.27) 2022 оны 09 сарын 05

Газар тариалангаас болсон гээд байх юм, ялангуяа хөгжилтэй орнууд махны бас сүүний үхрийн тэжээл асар их тариалснаас болсныг үнэнээр нь хэлээчээ судлаач гуай.

0  |  1
Ats(66.181.161.103) 2022 оны 09 сарын 05

Teneg al ve delhii ugaasaa tuilaa uurchilj bgaa tsag uur uurchlugdunu

0  |  1
Иргэн(192.82.74.173) 2022 оны 09 сарын 05

Судалгаагаа муу хийжээ. Их нууруудын хотгорыг судал.

0  |  1
Top