АН дахь “ЭРХ АШГИЙН БООЛУУД” ингэж тохиролцоно

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 08 сарын 19

С.Эрдэнийн АН өчигдөр “Шонхор” тауэрт “4:11” мэдээллийн цагаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлэв. Нөгөө талд намын даргад горилж яваа экс Ерөнхийлөгч Х.Баттулга нар "Холидэй Инн" зочид буудлын хоёр давхрыг эзэгнэн АН-ын ээлжит бус Их хурал гэгчийг зохион байгуулав. Бий болсон цагаасаа бүлэг, фракцын эрх ашгаар хоорондоо “зодолдож” ирсэн тус намынхан  2020 оны сонгуулийн дараачаас лавхан хагарч хоёр толгойтой болсон юм. Ингэснээр өөрсдийгөө хууль ёсны Ардчилсан хэмээн хүлээн зөвшөөрүүлэх, олон нийтэд батлах гэж зөрчилдөхөөс өөрийг тус нам хийж чадахаа байсан.Үр дүнд нь Монголын улс төр сөрөг хүчингүй болж, эрх баригчид “ташуургүй” болсон нь бодит үнэн. Улсын Дээд  шүүхийн эцсийн шийдвэр “АН-ын тамга тэмдэг, бүртгэл С.Эрдэнийн нэр дээр байна” гэж гарсан. Экс Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хавар “Намын даргын сунгаа” зохион байгуулж, өрсөлдөгч Ж.Батсуурь нь  нэрээ татсан тул өөрийн нэрийг УДШ-д өргөн барьсан. Тэгснээ бүртгүүлэхээр өгсөн материалаа буцаагаад авчихсан. Гэсэн атал дагагч нараа дагуулан намын зохион байгуулалтаар хурал зөвлөгөөн, жагсаал цуглаан хийж ирсэн. С.Эрдэнийн нам мөн ялгаагүй, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаагаа батлах гэж элдвийг сэдсээр энэ хүрэв.

Одоогоор АН-д дотоод зовлон, эрх мэдлийн төлөөх зодооноосоо илүү гарч, холыг харж, илүүг сэтгэх тэнхээтэй хүн байхгүй. Монголын 3.5 сая иргэнийг байг гэхэд намынхаа 200 гаруй мянган гишүүний ирээдүйг эргэцүүлэх ухаан хэнд нь ч алга. Ардчилсан үзэл баримтлал, намын дүрэм журам, өөрсдийнх нь тунхаглаад байдаг “Баруун төвийн үзэл” гэгч хөлийн гишгүүр мэт болжээ. Тиймээс АН-д одоо “эрх ашгийн боолууд” л байна. Тэд юу ярьж байна вэ гэвэл, өчигдөр Х.Баттулга нар АН-ын ээлжит бус их хурал гэгчийг хийхдээ дэд даргын албан тушаалд өөрсдийн хүнийг томилох, С.Эрдэнэтэй тохиролцоо хийх тухай  ярьжээ. Экс Ерөнхийлөгч хурлыг нээж хэлсэн үгэндээ өөрийн хүсэл шуналыг улс орны нөхцөл байдал, ард түмний зовлон бэрхшээлээр тун ч сайн өнгөлөн далдалжээ. Тухайлбал мань хүн “Манай улсын эдийн засаг ядуу, аж үйлдвэржээгүй, малынхаа арьсыг ч боловсруулж чадахгүй байна. Хоёр хөршид байдал сайнгүй, хойд хөрш дайнтай байна. Нөхцөл байдал ийм байгаа үед ард түмэн сөрөг хүчнийг, Ардчилсан намыг хүсэмжилж байна. Харамсалтай нь эрх баригчдын гар хөл болоод байгаа манай намын нөхдүүдээс болж ардчилал алдагдлаа. Бид эвдрэлцэхдээ ялагдаж, эвлэлцэхдээ ялж байсан. 2024 онд бид нэгдэж оролцсоноор хүчтэй сөрөг хүчин байж, эрх барина” гэв.

Тэгвэл үүнээс өмнө С.Эрдэнэ мөн  намын хурлаа хийхдээ, даргын суудлаас тийм ч амархан ховхрохгүй, ухарч няцахгүй гэдгээ хатуу мэдэгдсэнийг уншигчид санаж байгаа байх. Тэгэхээр хоёр тал хэрэв тохиролцож гэмээ нь 2024 оны сонгуулийн өмнө хэн  нь намаа даргалах вэ. Намаа ялалтад хүргэсний дараа ашгаа хэрхэн хуваах вэ гэдэгт л гар барьж таарна. Харин тэр нь юу байж таарах вэ.

С.Эрдэнийн хувьд АН-ыг байлгахын төлөө энэ хүртэл байдгаа цацаж, юу ч үгүй үлдсэн хүн. Нэр төр, эд хөрөнгө, хамаг байдгаа шавхсан. Гэхдээ түүний гарт АН-ын цэнхэр тамга бий. 2020 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан ч  орон нутгийн сонгуулиар найман аймгийг цэнхэртүүлсэн гавьяатай. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвшиж ялагдсан ч намын даргын албан тушаал дээр сууж буй.

Х.Баттулгын тухайд  бол 2017 онд Ерөнхийлөгчийн суудалд суухын өмнөөс, ҮХАА-н сайд байх үедээ Зам тээврийн сайд асан А.Гансүхтэй хамт Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих шийдвэр гаргуулж, 720 тэрбум төгрөг завшсан гэх мэт төмөр зам тойрсон олон асуудал хууль хяналтын шатанд үүссэн байдаг. Өдгөө Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад оруулаагүйгээс Монгол Улс 80 их наяд төгрөгийн орлогын эх үүсвэрийг алдсан. Иймд алдагдсан боломжийг эргүүлэн төлүүлэх асуудал яригдаж байна. Одоогоор шалгаж байгаа гэж ХЗДХ сайд саяхан хэвлэлд ярьсан байсан. Баримт нотолгоо нь бүрдвэл барьж хорихыг үгүйсгэхгүй. Улс төрийн болоод хууль хяналтын шатанд байдал тун эвгүй  болсон тул Х.Баттулгад одоо “барьц”  хэрэгтэй. Тэр нь Ардчилсан намын дарга болох. Гэтэл үүний төлөө байдгаа сэгсэрч, адгийн наад зах нь Д.Алтанхуяг гэгч хэн ч биш нөхрөөр зодуулах хүртэл доош орж, уур хилэндээ багтарч амиа гээхийг шахсан С.Эрдэнэ түүнд намын даргын суудлыг тийм амархан тавьж өгнө гэж үү. Энэ үүднээс экс Ерөнхийлөгч өчигдөр “Улс орны уруудсан байдал, ард түмний доройтсон амьдрал АН-ыг хүсэмжилж байна. Бид эвдрэлцэхдээ ялагдаж, эвлэлцэхдээ ялж байсан. 2024 онд бид нэгдэж оролцсоноор хүчтэй сөрөг хүчин байж, эрх барина” гэх үгийг зүгээр ч нэг хэлээгүй байх. Энэ бол С.Эрдэнэд  илгээж буй “Ил захидал” юм. Утга нь шуудхан “Тохиролцъё” гэжээ. Хэрэв Х.Баттулга АН-ын дарга болбол С.Эрдэнэд юу өгөх вэ. Яавал С.Эрдэнэ буулт хийж, тамгаа шилжүүлэх вэ. Хариу нь тун сонирхолтой.

Магадгүй экс Ерөнхийлөгчийн зүгээс АН-ыг удирдаж, 2024 оны сонгуульд ялалт байгуулбал, С.Эрдэнийг Ерөнхий сайд болгоно гэж мэдэх юм. Эсвэл хэдэн их наядаар ярих хөрөнгө мөнгийг бэлнээр өгч гар барих уу. Үүнээс өөр хувилбарууд байхыг ч таашгүй. Учир нь улс төрд мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж байдаггүй. Ганц л зүйл баттай үнэн, тэр нь тэдний хооронд зөвшилцөл биш, зөвхөн тохиролцоо үйлчилнэ. Хэн хэнд нь ардчиллын төлөө, үнэт зүйл, үзэл баримтлал, намын дүрэм журам, гишүүдийнхээ хийгээд Монгол Улсын төлөө, ард түмний эрх ашгийн төлөө гэх сэтгэл байсан бол тэд аль эрт гар барьж, нэгдэж нийлчих хугацаа өнгөрсөн. Энэ хүртэл талцаж, тэмцэж байгаагийн гол учир бол  амин хувийнх нь  эрх ашиг, цөөн хүний хүсэл шунал, албан тушаалынх нь  наймаанд оршиж байгаа нь аливаа үйл явдлын наад цаадыг эргэцүүлж ойлгох түвшинд хүрсэн Монголын гурван сая иргэнд ойлгомжтой юм. Х.Баттулга нарын зохион байгуулсан ээлжит бус Их хурлын үеэр хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

 

И.Мөнхжаргал: Бидэнд эв нэгдэл хэрэгтэй

/АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд  болсон АН-ын  ээлжит бус Их хурал нээлттэй  байсан. Энэ хурлаа бид үргэлжлүүлж байгаа юм. Нэгдүгээрт, АН-д юу юунаас илүү эв нэгдэл, хэлцэл, зөвшилцөл нэн тэргүүнд шаардлагатай байна. Тиймээс ээлжит бус Их хурлыг энэ зорилгын хүрээнд хийж байгаа гэж ойлгож болно. Хоёр дахь шалтгаан нь С.Эрдэнэ нөгөө талд намын Их хурал гэгчийг зохион байгуулж, өөрийгөө намын даргаар дахиж бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан байгаа. Энэ асуудлыг бид хэлэлцэж байна. Энэ хүрээнд бид намын удирдах бүрэлдэхүүнд дэд дарга нарыг томилж оруулж ирж байгаа юм. Мөн зөвшилцлийн ажлыг зохион байгуулах талаар хэлэлцлээ. АН хоёр талаасаа хоёр материал өгч зөвшөөрөгдөхгүй яваад байгаа учраас эв нэгдлийг хангая. Уулзалт зохион байгуулъя гэдэг үндэслэлээр материалаа  татаж авсан. Харамсалтай нь энэ үйл ажиллагаа маш удаан, аль аль талаасаа санаачилга муу байгаа.

 

Д.Батсайхан: АН-ын эрх ашиг бол ард түмнийх юм

/АН-ын УТЗ-ийн гишүүн/

-Ө.Шижирийн зүгээс С.Эрдэнэтэй тохиролцоно гэж мэдэгдсэн. Тэгэхээр хоёр тал тохиролцоо хийнэ гэсэн үг үү?

-Тохиролцоно гэдэг оновчтой хэллэг биш. Гэхдээ арга замын хувьд нэг хэлбэр мөн хэдий ч нам бол олон нийтийн байгууллага учраас тохиролцох гэхээс илүү зөвшилцөх ёстой байх. Хэн нь юун дээрээ буулт хийх ёстой вэ. Намын 200 мянган гишүүний эрх ашиг, цаашилбал Монголын гурван сая иргэний эрх ашиг байгаа учраас үүний өмнө хэн нэгэн хүн хөндлөн зогсоод байж болохгүй. Эрх ашгийн дараалал гэж байдаг бол ард түмний эрх ашиг хамгийн том нь юм. Өнөөдөр ард түмний эрх ашиг дор орсныг бүгд мэднэ. Өнөөдөр таван ам бүлтэй айл 2000 онтой харьцуулахад яг ижил бараа бүтээгдэхүүн авч байгаа мөртлөө 200-500 мянган төгрөгийн илүү зардал гаргаж байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, айл бүхний өмнө бэрхшээл тулгарч, цалин хөлс нэмэгдэхгүй иргэдийн амьдрал дордож байна. Энэ бүхний төлөө дуугарах хүч бол цөөнх буюу Ардчилсан нам байх ёстой. Гэтэл энэ үүргээ гүйцэтгэхгүйгээр нам дотроо  муудалцаад суугаад байж болохгүй. Иймд дотооддоо эв нэгдлээ хангах нь чухал. Ардчилсан намын эрх ашиг бол ард түмний эрх ашиг, намын олон мянган гишүүний эрх шиг юм. Энэ том эрх ашгийн төлөө уулзалт хийж ойлголцолд хүрэх хэрэгтэй байна. Эдгээр ажлууд үргэлжлэн явагдана.

 

Ш.Батбаяр: Намын их хурлын шийдвэрийг УДШ бүртгэх ёстой

/АН-ын Ахмадын холбооны тэргүүн/

-АН өмнөх Их хурлаасаа гаргасан шийдвэрт бат зогсож байгаа гэдгээ дахин батлан харуулах шаардлага тулгарсан. Яагаад гэвэл нөгөө талд С.Эрдэнээр толгойлуулсан хэсэг хүн өөрсдийгөө Ардчилсан нам гэж нэрлээд хагалан бутаргах үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Хэд хоногийн өмнө Ардчилсан ахмадын холбооны чуулган гэж зарлан хуралдуулаад шинэ бүрэлдэхүүнийг баталчихлаа. Дүрэм ёсоор Ардчилсан ахмадын холбооны тэргүүн нь намын удирдлагатай зөвшилцөж байж хийдэг хурлыг дур зоргоороо хийчихлээ. Одоо залуучууд, эмэгтэйчүүд гээд цаашаа ахиулаад “Самар цөмөх бодлого” гэдэг шиг зүйл явуулж байна. Иймээс бид “Тийм зүйл байх ёсгүй” гэдгийг харуулах ёстой болчихоод байгаа юм. АН-ын эрх барих дээд байгууллага бол Их хурал. Их хурлаас намыг хэнээр удирдуулах вэ, юу хийх вэ, ямар дүрмээр цааш явахаа шийддэг. Намын Их хурлын шийдвэрийг Улсын Дээд шүүх бүртгэж авах ёстой болохоос “Та нарын гаргасан шийдвэрийг бид зөвшөөрөхгүй” гэж болохгүй. Одоо бид энэ Их хурлаасаа шийдвэрээ гаргаж Дээд шүүхэд өгснөөр АН-ын асуудлыг Онц их хурал, 200 мянган гишүүн шийдэх үү, эсвэл Дээд шүүхийн 20 гишүүн шийдэх үү гэдгийг харуулах үйл явц болж байгаа юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(198.53.144.52) 2022 оны 08 сарын 20

Энэ нөхдийг бодохоор харахаар л ичээд бхим хүний өмнөөс ичих ч бас эвгүй юмаа

0  |  0
Зочин(103.229.122.150) 2022 оны 08 сарын 19

С.ЭРДЭНЭ АН-ын дарга боловсрол мэдлэг ёссуртахууны хувьд БАТТУЛГААС хэдэн мянга дахин их хүн шүү. АН-ын зарим тэнэг нөхдүүд зах замбараагүй байдалд үнэн дуртай юмнууд Баттулагыг дагаж намираад үнэн тэнэг хүмүүс

0  |  0
1000-ны хулгайч(192.82.92.65) 2022 оны 08 сарын 19

Боовон чихт одоо болио. Чамд улс орныг удирдах ямарч чадвар, мэдлэг байхгүй. Зам тээвэр, ХХААХҮЯ-ыг удирдаад юу ч хийгээгүй. Гашуунсухайтын төмөр замын хэргээр шоронд орохоос айгаад амь тавих нь жонхуу чинь

2  |  1
Top