Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хориглох нь зөв үү

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 25

Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох талаар олон жилийн турш ярьсан. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах аргуудын нэг хэмээн үзэж, хэд хэдэн удаа энэхүү сэдвийг удирдах албан тушаалтнууд хөнддөг ч тэр бүрийд иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг юм. Тэгвэл өнгөрсөн оны сүүл үеэс хойш олны ярианы сэдэв болоод буй баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг бэлтгэлээ.

 

НИЙСЛЭЛД БҮРТГЭЛТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 60.6 ХУВЬ НЬ БАРУУН ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ БАЙНА

 

Манай улсын хэмжээнд 2021 оны жил эцсийн байдлаар нийт 1.24 сая бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгааг Автотээврийн үндэсний төвөөс мэдээлсэн. Тэгвэл нийт тээврийн хэрэгслийн 51.05 хувь буюу 631.8 мянган тээврийн хэрэгсэл баруун талдаа жолооны хүрдтэй байдаг ажээ. Тэгвэл нийслэл хотын хэмжээнд бүртгэлтэй 664 мянган тээврийн хэрэгсэл байдгаас баруун талдаа жолооны хүрдтэй 402.5 мянган тээврийн хэрэгсэл байдаг аж. Үүнээс харвал нийслэлд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 60.6 хувийг баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл эзэлж байгаа юм.

Тиймээс Улаанбаатар хотын замын хэт ачааллыг бууруулах үүднээс нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортлохыг хориглох санаа Засгийн газрын хуралдаанд хүргүүлэх талаар олон нийтэд мэдээлж байсан билээ. Үүний хүрээнд ч Улаанбаатар хотын замын хэт ачааллыг бууруулах зөөлөн бодлогын хүрээнд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаа тогтоож хориглох шийдлийн талаар иргэдээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл санал авсан. Учир нь олон нийтийн санал асуулгаар баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хориглох хугацааг шийдэх боломжтой хэмээн үзсэнтэй холбоотой. Одоогоор энэхүү санал асуулгын нэгдсэн дүн мэдээлэл олон нийтэд ил болоогүй байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга олон нийтэд мэдээлэхдээ импортоор орж ирж буй баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг энэ оны наймдугаар сараас, эсвэл ирэх оны нэгдүгээр сараас хориглох эсэх шийдвэр гарна хэмээн оны эхэнд мэдээлж байсан билээ. Тэгвэл наймдугаар сар дуусахад долоо хоног үлдсэн энэ үед дээрх асуудлыг нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулсан юм. Тэрбээр “Албан ёсоор ямар нэгэн шийдвэр гараагүй. Хэрэв шийдвэр гаргахаар бол УИХ болон Засгийн газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын түвшинд авч хэлэлцэх ёстой байдаг. Энэхүү асуудал нь зөвхөн саналын хүрээнд яригдсан зүйл. Холбогдох мэргэжлийн байгууллага болон олон нийтээс ийм арга хэмжээ авбал хэрхэх талаарх саналын түвшний зүйл юм” гэв.

 

БАРУУН ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ДУНДАЖ ДАВХАРГЫНХАН УНАДАГ ГЭВ

 

Манай улс замын хөдөлгөөний баруун гарын дүрэмтэй. Тиймээс замын тэмдэг тэмдэглэгээ ч зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлд зориулсан байдаг. Автотээврийн тухай хуулийн төсөлд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг тодорхой хугацааны дараа хориглох заалтыг өмнө нь 2019 онд Зам, тээврийн хөгжлийн яамнаас оруулж байсан. Ингэхдээ орон нутгийн замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ осолдож буй тээврийн хэрэгслийн 80 орчим хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл байдаг талаарх тоон мэдээллийг дурдаж байсан юм.

Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дийлэнх нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл байдаг учраас зам тээврийн ослын ихэнх хувийг энэ төрлийн тээврийн хэрэгсэл эзлэх магадлал өндөр. Тиймээс зам тээврийн осол, эсвэл түгжрэлийг бууруулахад баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг бууруулах хэрэгтэй гэх санаа нь нэг талаасаа механик дүгнэлт болж байгаа юм. Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн ослыг тээврийн хэрэгслийн жолооны хүрдтэй холбоотойгоор хийсэн тоон мэдээлэл байгаа эсэхийг лавлалаа. Тус байгууллагаас “Энэ төрлийн статистик мэдээлэл бий. Удахгүй олон нийтэд мэдээлнэ. Одоогоор холбогдох мэргэжилтнүүд албаны ажилтай байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй байна” гэх тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл зарим иргэдийн төлөөллөөс тэдний байр суурийг сонссон юм. Иргэн Г.Батжаргал “Манай улсын замын хөдөлгөөнийг тооцоолж үзвэл баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл барина гэдэг нь жолооч төдийгүй зорчигчид аюул учруулна. Гэхдээ баруун талдаа жолооны хүрдтэй япон тээврийн хэрэгсэл эдэлгээ сайтай байдаг. Үнэ ханшийн хувьд ч зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээс илүү иргэдийн амьжиргаанд таатай байдаг болохоор тэр хэрээр иргэд их худалдан авдаг. Тиймээс замын түгжрэлийг бууруулахын тулд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг эсэргүүцнэ гэдэг нэг талаараа өрөөсгөл. Учир нь зүүн талдаа жолооны хүрдтэй Ланд, Бенз, Лексус гэх мэт тээврийн хэрэгсэл худалдан авах боломж иргэдийн олонход байхгүй” гэсэн юм.

Мөн иргэн Б.Уламбаяр “Тээврийн хэрэгсэл баруун болон зүүн талдаа жолооны хүрдтэй байх нь замын хөдөлгөөнд их нөлөөлдөг. Гэвч түгжрэлд тээврийн хэрэгслийн жолооны хүрдний байрлал хамаагүй гэж бодож байна. Зам тээврийн ослын дийлэнх нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой гэх мэдээ уншсан. Зам тээврийн ослыг тээврийн хэрэгслээс бус эвдэрхий зам, зам дээр хурд хэтрүүлэх, жолоочийн хариуцлагагүй байдал зэргээс хамаардаг гэж боддог. Түүнээс биш техникт буруу өгөх нь утгагүй хэрэг гэж бодож байна” гэлээ.

Иргэн Б.Балдорж “Явган явахын ач тусыг иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Нийтийн тээвэр нь иргэдийг зөөвөрлөхөд хангалтгүй, хүрэлцээ муутай. Хэд хэдэн автобус шатсан. Нийтийн тээврээр зорчиход ч аюулгүй гэх баталгаа алга. Орон нутаг руу явах нийтийн тээврийн үнэ ханш нэмэгдсэн. Тэгэхээр хямд, өөрийн гэсэн тэрэгтэй болохыг иргэд хүсэлгүй яахав дээ. Харин үүнийг хааж боосноор түгжрэлийг шийднэ гэдэг утгагүй хэрэг. Манай улсын иргэдийн амьжиргаа ямар билээ дээ. Түгжирч буй тээврийн хэрэгсэлтэй бус шалтгаантай тэмцэх нь үр дүнтэй. Нийгмийн хөрсөн дээр буусан санал, санаачилга гаргах хэрэгтэй. Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хэн унаж байгааг харвал дийлэнх хувийг нь нийгмийн дундаж давхаргынхан л эзэлж байгаа шүү дээ” гэв.

 

ПРИУС 30 МАРКИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ҮНЭ 6-9 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

 

Иргэдийн хамгийн ихээр хэрэглэдэг баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслүүдийн үнэ ханшийн талаар судалсан юм. Манай улсад түгээмэл байдаг нь япон суудлын тээврийн хэрэгсэл билээ. Тэр дундаа Приус маркийн тээврийн хэрэгслийг олон нийт ихээр сонгон ашигладаг.

Приус 20 маркийн машин 20-23 сая, Приус 30, 40, 41 24-30 сая төгрөгийн ханштай байна. Харриер 35-90 сая, Акуа 17-19.5 сая, Пробокс 13-21 сая, Экстрал 28.5-29.5 сая төгрөгийн ханштай байна.

Гэвч хамгийн сонирхолтой нь Приус 30 маркийн машины эрэлт өсөж, машины үнэ 6-9 сая төгрөгөөр нэмэгджээ. Уг маркийн суудлын тэргийг өнгөрсөн жилийн өдийд 18-21 сая төгрөгөөр худалдаалж байсан юм. Зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл дундаа хамгийн өргөн хэрэглэдэг нь Ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэл юм. Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл хамгийн багадаа 120 сая төгрөгийн ханштай байна. Бусад загварууд нь шинээр орж ирэхгүй байгаа тул иргэд хоорондоо үнээ тогтоож, арилжаалж байгаа юм. Ланд круйзер 105 маркийн тээврийн хэрэгсэл 33-35 сая төгрөгийн ханштай байна. Харин Ланд круйзер 100 маркийн тээврийн хэрэгсэл 23-40 сая төгрөгийн ханштай байгаа бол Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгсэл 15-26 сая төгрөгийн ханштай байгаа ажээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
11111(103.10.21.227) 2022 оны 08 сарын 25

Замаа засахгүй байж жолооны хүрдэнд буруугаа чихэж гэнэ Жолооны хүрд аль талдаа байх нь чухал биш муу дээр нь нарийн замаас чинь болж осол аваар гараад байгаа шүү дээ

0  |  1
3(122.201.24.113) 2022 оны 08 сарын 25

ОЛНООС ОЛОН ЦӨӨНӨӨС ЦӨӨН Л ТОО ГАРНА.ЗӨВ БУРУУ ТАЛААС БОЛООГҮЙ

0  |  1
ГАНХҮҮ(103.229.121.142) 2022 оны 08 сарын 25

ПИЗДАА 20 ЖИЛ ЯРИЛАА. ОДОО НЭГ ТАЛД НЬ ГАРГААЧ ОРКУУДЫН ТОЛГОЙГООР ЭНЭ УЛС ЦААШ ЯВАХГҮЙ ШҮҮ.\n

1  |  0
Ганаа(66.181.160.10) 2022 оны 08 сарын 25

Гаднаас оруулахыг л хориглох хэрэгтэй. Одоо явж байгаа машиныг хориглож болохгүй.....

3  |  0
zochin(202.179.21.215) 2022 оны 08 сарын 25

za zailtsgaa SUMIYABAZAR sda hiih ymaa olj ydaad bgaa ym uu 24 onii songuuliaar naad tenegee songohoo boliooch ee erguu erguu ajil sanaachlah ym

0  |  1
Top