О.Цогтгэрэл: Төвийг сахисан АН улам олуулаа болж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 25

УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл сонгогдсон. Шинэ даргатай болсон тус бүлэг өнөөдөр /2022.08.25/ анхны хурлаа хийсэн байна. Ингээд бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн 11 гишүүнээс саналын эрхтэй 9 гишүүн бий. Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар саналын эрхгүй. Хуралд оролцсон зургаан гишүүн О.Цогтгэрэлийг дэмжиж, гурав нь санал өгөхөөс татгалзсан гэв. Б.Пүрэвдорж гишүүн гадаадад томилолттой байгаа тул утсаар холбогдож санал асуусан байна.

УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ:

-Өнгөрсөн хугацаанд амаргүй зүйлүүд тохиолдож байна. Үндсэн хуулийг хамгаалах ёстой байгууллага нь Үндсэн хуулийг өөрчийг нь хүчингүй болголоо. Ардчилсан намын нөхцөл байдал амаргүй. УИХ-д хэт олонх намын гишүүд давамгайлж байна. Гэвч өнөөдөр АН-ын бүлгийн даргаар сонгогдоод анхны хурлаа хийлээ.

Ардчилал, хүний эрх бизнесийн боломж, чөлөөт зах зээлийг хамгаалах чиглэлээр АН улам олуулаа, хүчтэй болж ажиллана.   

-АН-ын даргаар С.Баярцогтыг томилно гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-АН-ын бүлгийн гишүүд аль нэг талыг барихаас илүү төвийн байршил дээрээс ажиллах зорилготой гишүүдийн тоо улам олон болж байна. Цаашид энэ байр суурь маань АН-ын эв нэгдэл дараагийн шийдвэрт дэм болох байх. АН-ын даргаар сонгон яриа хэлцэл болоогүй.

-УИХ-ын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар бүлгийн даргыг томилно гэж оруулсан байсан. Гэтэл бүлгийн даргаа шинээр сонгох хуралд бүлгийн нийт гишүүд оролцоогүй гэх утга бүхий шүүмжлэл байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Өргөн барьсан хуулийн нэмэлт өөрчлөлт ганцхан заалттай. Бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар бүлгийн даргыг томилно гэж байгаа. Угаасаа нийт гишүүдийн олонх гэдгийг гуйвуулж тайлбарлах боломжгүй зүйл.

-Таныг Д.Ганбат, С.Одонтуяа нар хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Ардчилсан тогтолцооны онцлог бол хүн бүр ялгаатай байр суурьтай байж болдог, түүнийгээ хамгаалдаг. Бүгд 100 хувь төгс төгөлдөр зүйл гэж хаана ч байдаггүй. Д.Ганбат гишүүний байр суурь бол байх л зүйл. Хуулийн дагуу УИХ-ын даргад өргөн барьж, УИХ-ын дарга нийт гишүүдэд сонсгосон.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top